Х.Бат-Ялалт, Г.Баасандагва нарын хүмүүс “Нийслэлийн шүүхийн шүүгч битүүмжлэгдсэн автомашин унаж байна” гэсэн мэдээллийг нийтэд цацсан.
Дансандаа их хэмжээний мөнгөтэй, нэр дээрээ асар их хөрөнгөтэй, Монголын хамгийн өндөр цалинг авдаг гэсэн шүүмжлэлд өртөөд байсан шүүхийг “онилсон” бас нэг сэжим болох шахсан юм.Шахсан гэдэг нь битүүмжлэгдсэн машиныг нэр бүхий шүүгч унаад яваад байна гэдгээр олон нийт харж байв.Гэтэл үүний ард 87-66 УНМ дугаартай “Прадо-120” автомашиныг хэн авах вэ гэдэг “тэмцэл” байж магадгүй байна.Учир юу гэвэл энэхүү “Прадо-120” автомашины эзэн нь иргэн Д.Төгөлдөр юм.
Тэрээр 2014 оны аравдугаар сарын 30-ны өдөр “хэргийн эзэн” болоод байгаа 87-66 УНМ дугаартай “Прадо-120” автомашиныг “Энхжин Инвест” ХХК-иас 25 сая төгрөгөөр худалдан авчээ. Ингэхдээ худалдах, худалдан авах гэрээ хийж, мөнгөө тус компанийн дансанд тушаасан байгаа юм.
Ингээд нэрээ шилжүүлэхээр АТҮТ дээр очиход “Энэ машины шилжилт хөдөлгөөнийг хориглосон байна” гээд Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраас лавлахыг зөвлөсөн байна. Д.Төгөлдөр нөгөөх “Энхжин инвест” ББСБ-ын захирал Гэрэлт-Од руу буцаж очоод энэ талаар хэлэхэд “Харин тийм ээ, Баттулга гэдэг хүн машинаа манайд шилжүүлж, 15 сая төгрөгийн зээл аваад төлөхгүй болохоор нь машиныг танд зарсан юм. Гэтэл тэр хүн өөр асуудлаар цагдаад шалгагдаж байсан байна лээ. Тэр асуудал нь дуусахаар та нэр дээрээ шилжүүлчих. Одоо энэ машин манай компанийн нэр дээр байгаа болохоор асуудалгүй” гэсэн байгаа юм.
Гэтэл 2015 оны арванхоёрдугаар сард Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч Адъяабаяр гэдэг хүн Д.Төгөлдөрийг дуудаад “Танд байгаа машиныг Баттулга гэгчид холбогдох хэргийн улмаас битүүмжилж шалгах шаардлагатай боллоо. Та мөнгөө төлөөд худалдаж авсан юм чинь танд хариуцуулж битүүмжилье” гэсэн байна.
Ингээд уг 87-66 УНМ дугаартай “Прадо-120” автомашиныг түрээсийн дулаан гараашид лацадчихжээ. Ийм асуудал болсны дараа Д.Төгөлдөр машиныхаа гэрчилгээг өөр дээрээ шилжүүлэхээр хөөцөлдөж эхэлсэн байна.
Ийм хүсэлт гаргаад иргэний нэхэмжлэгчээр тогтоолгосон байна. Гэвч машиныг Д.Төгөлдөрийн нэр дээр шилжүүлэлгүй, Баттулга гэгчийн хэрэг нь ч шалгагдсаар өнөөг хүрчээ.
Ийм маягаар хагас жил өнгөрч, нөгөөх түрээслэж байсан дулаан гарааш нь засвар хийнэ, машинаа ав гээд эхэлсэн байна. Д.Төгөлдөр Хан-Уул дүүргийн прокурор Мөнхбаяр, мөрдөн байцаагч Өлзийтогтох хоёртой уулзаж учраа хэлж, албан ёсоор хүсэлт ч гаргасан байна.
Энэ дагуу мөрдөн байцаагч Өлзийтогтох хүсэлтийг нь хүлээж аваад Д.Төгөлдөрт хариуцуулан битүүмжилжээ. Ингэхдээ цааш нь худалдаж, зарж болохгүй гэж анхааруулсан гэж байгаа юм.
Ингээд уг машиныг Д.Төгөлдөр хааяа унадаг байсан байна. Д.Төгөлдөрийн хувьд геологич мэргэжилтэй. Голдуу хөдөө ажилладаг. Хувьдаа болон компанидаа иймэрхүү гурван ч жийп машинтай юм байна. Түүний машинуудаас эхнэрийнх нь дүү хааяа хэрэгцээ гарвал унадаг байж л дээ. Эхнэрийнх нь дүү энэ машиныг унасан “хэрэг”-т унаад байгаа Нийслэлийн шүүхийн шүүгч Ц.Оч юм байна. Тэрээр нэг удаа дээрх машиныг унаж явсан нь ингэтлээ томорч, шүүгч ажилтай түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан мэтээр нийтэд буруу ойлголт төрүүлэхэд хүргэсэн байгаа юм.
Бид Д.Төгөлдөрөөс яагаад ийм том асуудал үүсчих вэ гэхэд “Би Ц.Оч шүүгчийн хүргэн ах нь юм. Миний дүү элдвийн хэл аманд ороод байдаггүй. Ажлаа хийгээд л явж байдаг жирийн нэг төрийн албан хаагч байдаг. Хүний амьдрал л юм хойно хааяа хөдөө гадаа явах хэрэг гарахаар миний машинуудаас гуйж унаж байсан. Ах дүү нарынхаа машиныг хүн унаад явж л байдаг шүү дээ.Тэгээд л ийм зүйл болчихлоо” гэсэн юм.
Мөн тэрээр “Миний ажлын оффис Кадастрын газрын хажууд байдаг. Тэр өдөр ажилдаа ойрхон Нийслэлийн шүүхийн хашаа руу орж машинаа түр орхичоод ажил руугаа орсон. Ажил их байсан болохоор орой 21:00 цагийн үед гараад машинаа авах гээд очтол баахан хүмүүс ма¬шиныг тойрчихсон, цагдаагийн хүмүүс хүртэл ирчихсэн байсан. Юу болоод байгааг асуутал дунд нь Бат-Ялалт гэсэн, нэг нөхөр л “Хулгайн машин шүүгч унаад явж байна. Чи юу юм бэ” гээд хамт байсан хүмүүс нь тал талаас зураг аваад дайраад байсан. Би гайхсан. Тэгээд тэнд байсан цагдаагийн ажилтанд машины учрыг хэлэхэд Хан-Уул дүүргийн цагдаагаас битүүмжилсэн тогтоол, машин худалдаж авч, мөнгө тушаасан бүх баримтуудаа үзүүлсэн.
Ингэхэд тэр цагдаагийн ажилтан “Машинаа энд үлдээгээд яв. Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар дээр очоорой” гэсэн. Би маргааш нь Дорнод аймаг руу явах ажилтай байсан болохоор тэр шөнөдөө яваад энэ бүтэн сайнд нь ирсэн.Гэтэл байхгүй хойгуур Баасандагва, Бат-Ялалт гэдэг хүмүүс миний машинтай холбоотой худал ташаа мэдээлэл олон нийтэд тараасан байна.
“Хулгайд алдсан, миний машин” гэх зэргээр ор үндэсгүй юм ярьсан байна. Би ойлгохгүй байна. Яагаад гэвэл би энэ машиныг худалдаж авсан хүн шүү дээ. Үнэхээр тийм асуудал байгаа бол тэр хүмүүс хууль, цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй шүү дээ.
Гэтэл миний дүүгийн ажил албан тушаалтай холбож, нэр хүндэд нь халдсан мэдээлэл цацаж байгаа нь надад ч хэцүү байна. Би л энэ машиныг худалдаж авснаас бүх юм боллоо гэж болоод л сууж байна.Гэлээ гээд би яах юм бэ. Би энэ машиныг 25 сая төгрөгөө өгөөд худалдаад авчихсан байдаг. Одоо ч та бүхэн АТҮТ-өөс лавлагаа аваад үзвэл “Энхжин инвест” ББСБ-ын нэр дээр байгаа.
Ер нь бол ийм хэл амтай машиныг авах гээд дайраад байх юм алга. Би “Энхжин инвест”-ийн захирал Гэрэлт-Одод ч “Мөнгөө буцааж авъя. Зарсан машин чинь хэл амтай байна” гэж хэлж байсан. Тэгэхээр “Наймаа буцмааргүй байна. Цагдаа шүүх нь нэг тийшээ болгоод өгөх байлгүй дээ” гэдэг юм.Энэ талаас нь харвал хохирогч нь би л байгаа биз дээ. Тиймээс одоо нэг бол машинаа, нэг бол мөнгөө л олж авна л гэж байгаа юм. Асуудал ийм дээрээ тулахаар нь би аргагүйн эрхэнд өмгөөлөгчтэй боллоо.Энэ долоо хоногоос Хан-Уулын цагдаа, прокурорт нь хүсэлтээ гаргаад энэ машины асуудлыг нэг тийш болгож шийдүүлэхээр хөөцөлдөж эхлээд байна” гэж байна.Түүнчлэн энэ машины “нааш цааш болсон” баримт бичгүүдийн хуулбар бидэнд байна.Энэ бүхнээс үзвэл дээрх “Нийслэлийн шүүхийн шүүгч битүүмжлэгдсэн автомашин унаж байна” гэсэн дуулиан шуугиантай мэдээллийн цаана шүүгч машин унаж явсан биш, тэр машины эзэмшил, өмчлөлийн асуудал нуугдаж байж болзошгүй нь анхаарал татаж байгаа юм. Тодруулбал, нэг талд нь Х.Бат-Ялалт, Г.Баасандагва, Э.Баттулга нар, нөгөө талд нь иргэн Д.Төгөлдөр байна. Шуудхан хэлэхэд, асуудлын гол нь шүүгчид биш машинд учир нь байгаа бололтой.
Х.Бат-Ялалт бол Иргэдийн шударга шүүх ТББ-ынх тэргүүн юм. Г.Баасандагва гэдэг залуу залуу энэ оны нэгдүгээр сард бас л машинтай холбоотой хэргээр шүүхээс хоёр жилийн тэнсэн харгалзах ял авч байжээ. Э.Баттулга нь дээрх машиныг ББСБ-д барьцаалчихаад гэмт хэрэгт холбогдчихсон шалгуулж байгаа.Харин Д.Төгөлдөр 25 сая төгрөгөө аваачиж тушаагаад тэр машиныг худалдаад авчихсан хүн юм. Тэгэхээр энэ асуудлын хохирогч нь иргэн Д.Төгөлдөр болж таараад байгаа юм. Гэвч машины асуудал нэг тийш шийдэгдэх нь тодорхой. Харамсалтай нь энэ завсарт нь Д.Төгөлдөрийн машиныг унаж явсан шүүгч ажилтай дүү Ц.Оч нь хэлмэгдээд үлдэх шиг боллоо.
Эх сурвалж: