Арменийн саяхан шинээр сонгогдсон Ерөнхий сайд Серж Саргсян даваа гарагт өөрийн хүсэлтээр огцров. Түүнийг засгийн газрын тэргүүний албан тушаалд сонгохыг эсэргүүцсэн ард иргэд тус улсын нийслэл Ереван болон бусад хотод 10 хоногийн турш жагсаал цуглаан өрнүүлсэн юм гэж РИА Новости агентлаг мэдээллээ.
Арменийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр тус улсын засгийн газрын тэргүүн шадар сайд Карен Карапетяныг томилсон байна. Шинжээчдийн үзэж байгаагаар К.Карапетян нь дараагийн ерөнхий сайд болох өндөр магадлалтай аж.
Серж Саргсян 2008 болон 2013 онд Арменийн Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдож байсан юм. Түүнийг ерөнхий сайдын албан тушаалд сонгохыг эсэргүүцсэн ажиллагаа дөрөвдүгээр сарын 13 эхэлсэн ба сөрөг хүчин түүнийг улс орныг үр ашигтай удирдаж чадаагүй, эдийн засгийг уналтад оруулсан гэж буруутгаж байлаа. Сөрөг хүчний эсэргүүцлийн ажиллагаа өрнөж байсан хэдий ч Арменийн парламент С.Саргсяныг Ерөнхий сайдаар сонгосон билээ.