“Элэгний эмгэггүй Архангай” төслийн хүрээнд аймгийн хэмжээнд 40-65 насны 21700 хүнээс 81 хувь нь хамрагджээ. Ийм төрлийн вирусийн идэвхжилтэй гэж оношлогдсон 1774 иргэнээс 1748 нь буюу 98.5 хувь нь эмчлүүлж, эдгэрсэн байна. Энэ нь Монголд төдийгүй олон улсад үлгэр жишээ болсон гэдгийг мэргэжилтнүүд онцолсон юм. Өнгөрсөн долоо хоногт төслийн үр дүнг дүгнэх үеэр ХСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд 150 хүнийг үзлэгт хамруулан, зөвлөгөө өгч, элэгний хавдар тайрах, буглааг нь нээх, хавдар түлэх мэс засал, эмчилгээг дөрвөн иргэнд хийжээ.
Дээрх төслийг Хавдар судлалын үндэсний төв, Архангай аймгийн Эрүүл мэндийн газар, АНУ-ын “Гилеад Сайнсес” компанитай хамтран 2016 оноос хэрэгжүүлсэн аж.