Нэг үеэ бодвол манайхан хүнсний бүтээгдэхүүний сав, боодлын шошгыг гүйцэд биш ч гэлээ ядаж л хугацааг нь хардаг болсон. Ходоод бол юу ч хамаагүй шидэж болдог хогийн сав биш гэдгийг хэрэглэгчид ойлгочихоод байхад үйлдвэрлэгчид “но”-гоо арилгах хэрэгтэй. Үнэндээ саяхныг хүртэл манайхан “Бүтээгдэхүүний хаяг дээр хоёр он, сар, өдөр бичээстэй байвал үйлдвэрлэсэн болон дуусах хугацаа нь тэр.
Нэг он, сар, өдөр бичээстэй бол дуусах хугацаа гэсэн үг байх” хэмээн монголчилж ойлгохоос өөр аргагүй нөхцөлд байв. Хайж хайж олдох тэр ганц огноо нь тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн хугацаа юу, эсвэл савласан уу, эс бөгөөс дуусах сар, өдрийг тэмдэглэсэн мэдээлэл үү гэдгийг дэлгүүрийн худалдагч ч мэддэггүй. 2016 онд МХЕГ-ынхан 6420 нэрийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд тандалт судалгаа хийхэд хаяг шошгын мэдээллийн шаардлага хангаагүй 3327 зөрчил илэрсэн тохиолдол бий.
Угтаа манайхан л хүнсний бүтээгдэхүүний сав, боодол дээрх шошгыг зөвхөн үйлдвэрлэсэн болон дуусах хугацааны мэдээлэл гэж хардаг болохоос олон улсад энэ нь илүү өргөн утгаар ойлгогддог. Хүнсний бүтээгдэхүүний нэр, хаяг, орц бүрдүүлэгчийн жагсаалт, цэвэр бас хуурай жин, үйлдвэрлэсэн орон, огнооны тэмдэглэгээ ба хадгалалтын горим, хэрэглэх заавар, шимт бодисын мэдээлэл, агууламж, эрүүл мэндийн мэдэгдэл гэх мэтчилэн сав, боодлын шошго дээрх үг, үсэг, тоо болгон хэрэглэгчид хүртээлтэй байдаг.
БНСУ-д гэхэд л тухайн бүтээгдэхүүний орц бүрдүүлэгчийн жагсаалтыг бичихдээ хэдэн хувьд нь дотоодын түүхий эд ашигласан, хэдэн хувь нь гадаадын аль орны ямар юмыг “зээлдсэнээ” шударгаар тэмдэглэдэг аж.
Францад өглөөний шинэхэн талх илүү үнэтэй бөгөөд цаг, минут өнгөрөх тусам үнэ нь доошилсоор нэг хоногийн дараа навс унадаг ч худалдаж авах хүн ховор байдаг гэхээр шошгон дээрх мэдээлэл тэнд ямар хүчтэй “дуу хоолой” болдог байх нь вэ.
“Хүнсний бүтээгдэхүүний сав, боодлын шошгололтод тавих шаардлага” нэртэй шинэ стандарт Монголд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хоёр жилийн өмнө тогтоол нь гарч, өнгөрсөн оны эхнээс хэрэгжих байсан ч бэлтгэл хангах хугацаа хэрэгтэй гээд 365 хоногоор хойшлуулсан уг стандартыг өнөө манайхан хэр мөрддөг юм бол.
“Хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгын мэдээлэл нь буруу, хууран мэхэлсэн, эсвэл хүнсний шинж чанарын талаар төөрөгдөлд хүргэхүйц, эндүү ойлголт төрүүлэхүйц байж болохгүй” гэж эл стандартын ерөнхий зарчимд тусгажээ. Гэтэл захын нэг дэлгүүрийн хөргөгчинд “30 хоног хадгална” гэсэн огноотой, элдэв сонин нэртэй, хэрчсэн гурил юм уу, гоймон уу гэдгийг үйлдвэрлэгчид нь өөрсдөө ч мэдэхгүй боловсруулсан бүтээгдэхүүн байх аж.
Хэрэв тэр нь хэрчсэн гурил бол тухайн бүтээгдэхүүнийг 72 цаг л хадгалах горимтой юм билээ. “Хүнсийг үйлдвэрлэгч, савлагч, түгээгч, импортлогч, эскпортлогчийн нэр, хаягийг шошгон дээр мэдээлнэ” гэх мэт нарийн ширийн стандартыг одоо шууд мөрдөхөд түвэгтэй байгаа юм биз гээд ойлгоё гэх нь ээ хэнэггүй монголчуудаа ингэж зальжин аргаар хуурч болохгүй байх аа.
“Зохицуулах үйлчилгээтэй хүнс”, “Баяжуулсан бүтээгдэхүүн”, “Органик хүнс” гэх мэт хаяг шошготой нарийн боовыг та дэлгүүрээс бишгүй худалдаж авдаг биз. Гэтэл энэ ч бас нэг төрлийн залилан аж. ХХААХҮЯ, МХЕГ-ынхан Органик хүнсний тухай хууль батлагдсан цагаас эхлээд л аж ахуйн нэгжүүдийг “Наад бүтээгдэхүүн чинь үнэхээр органик хүнс мөн, эсэхийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгоогүй хэрнээ ингэж хуурамч хаяг шошгоор иргэдийг төөрөгдүүлж болохгүй” гэж гуйх, аргадахын хооронд хоёр жил шахам болж буй гэнэ.
“Бид хямд төсрийг нь бодоод сав, боодлоо гадаадад олон тоогоор захиалж хийлгэдэг. Тиймээс нэгэнт захиалсан сав, боодлоо дуусахаар хаяг, шошгоо өөрчилье” хэмээн аргацаасаар өдий хүрснийг мэргэжилтнүүд хэлсэн. Амьхандаа л эрүүл мэнддээ тустай хүнс хэрэглэчих юм сан гэх иргэдийнхээ сэтгэл зүйгээр манай үйлдвэрлэгчид ийн тоглосоор буй.
Нөгөө талаас зөвхөн үйлдвэрлэгчид гэлтгүй, хэрэглэгчдийг хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгын тухай илүү сайн ойлголт, мэдээлэлтэй болгох шаардлага бий. Адаглаад “Кока кола” ундааны шошгон дээр элсэн чихрийн агууламж хэдэн хувьтай байгааг, нэг уут чипсэн дэх давсны орцыг хараад, үүнийг өдөр бүр хүүхдэдээ авч өгөх хэрэгтэй юү гэдгээ эцэг, эхчүүд бодолцдог болбол сайн сан.
Үүний тулд ЭМЯ, БСШУСЯ, ХХААХҮЯ, МХЕГ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн хамтраад, бүх нийтийг мэдээлэлжүүлж, соён гэгээрүүлэх шинэлэг ажлууд хийж болно шүү дээ. Тэгж байж хүнсний бүтээгдэхүүний шошгын стандарт монгол хүн бүрт хүрнэ. Мөрдүүлэх гэж мэргэжлийн хяналтынхан тал талд үйлээ үзэх бус, хэрэгжилтэд нь иргэн бүр хяналт тавих боломж бас бүрдэнэ.
ИНФОГРАФИК
БҮТЭЭГДЭХҮҮН ДЭЭР ШОШГО БАЙРЛУУЛАХ СТАНДАРТ
•Шошгын мэдээлэл нь хэрэглэгчдэд ойлгомжтой, ил харагдахуйц, арилахааргүй, хялбар уншигдахаар байх ёстой.
•Мэдээлэл тод харагдахын тулд шошгын суурь өнгө нь бичвэрийнхээс эрс ялгаатай байна.
•Сав нь гадуураа боодолтой байвал боодол нь шаардлагатай мэдээллийг агуулсан, эсвэл боодлын гаднаас шошго хялбар уншигдахаар бичнэ.
•Илчлэг, нийт тос, ханасан тос, саахар, давсны агууламжийн тухай мэдээллийг хүнсний сав боодлын нүүрэн хэсэгт, бүтээгдэхүүний нэрний дэргэд байршуулж болно.
•Бүтээгдэхүүний шимт бодисын мэдээллийг хүснэгтэд тоогоор тусгах ба зай талбай хангалтгүй бол дараалуулан жагсааж болно.
•Хүнсний нэр, цэвэр жин нь ил харагдах хэсэгт, нэг талбайд байрлана.
•Хүнсний бүтээгдэхүүний шошгын мэдээлэл нь буруу ташаа, хууран мэхэлсэн, эсвэл хүнсний шинж чанарын талаар төөрөгдөлд хүргэхүйц байж болохгүй.
•Бүтээгдэхүүний хадгалах хугацааг тэмдэглэхдээ хэрэглэж дуусах хугацаа нь гурван сараас ихгүй бол сар, өдөр, түүнээс дээш бол он, сарыг бичнэ.
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Иргэд ойлгодоггүйгээс юу хэрэглэж буйгаа мэддэггүй
Дэлгүүрийн лангуун дээр өрсөн олон төрлийн бүтээгдэхүүнээс та юуг нь харж сонгодог вэ? Олонх хүн үйлдвэрлэсэн хугацааг нь хардаг гэж хариулах байх. Харин ямар нөхцөлд, хэрхэн хадгалах ёстой болон бусад мэдээллийг нь тэр бүр анзаардаггүй. “Энэр бор еэвэн” нэртэй, тос даасан, амтлаг зүйлд дуртай нэгний дуршлыг хөдөлгөхүйц бүтээгдэхүүнийг дэлгүүрээс аваад үйлдвэрлэсэн хугацааг нь харвал 2018 оны дөрөвдүгээр сарын 8 гэсэн улаан бичиг байв.
Гэтэл өнөөдөр (өчигдөр) дөрөвдүгээр сарын 18. Хадгалах хугацааг нь харвал “Хуурай, сэрүүн нөхцөлд 30 хоног” гэж тэмдэглэжээ. Үүнтэй төстэй бас нэгэн бүтээгдэхүүн бол “Түвшин уянга” компанийн үйлдвэрлэдэг бор еэвэн. Энэ сарын 16-нд үйлдвэрлэсэн уг бүтээгдэхүүнийг 21 хоног хадгалах ёстой гэж шошгонд нь бичжээ.
Мөн 10-25 градусын орчинд хадгална гэсэн тодотгол бий. МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газрын мэргэжилтэн Я.Батцагаанаас хүнсний бүтээгдэхүүний шошго ямар ямар мэдээлэл агуулсан байх ёстойг тодруулахад “Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгонд бүтээгдэхүүний нэр, үйлдвэрлэсэн газрын нэр, хаяг, хэмжээ, үйлдвэрлэсэн огноо, тэжээллэг чанар, хадгалах хугацаа зэрэг есөн зүйлийг зайлшгүй агуулах ёстой.
Гэтэл хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид тэжээллэг чанар, орц найрлага зэргийг тодорхой бичихгүй, хэрэглэгчдийг төөрөгдүүлэх нь олон. Жишээ нь, бялууг ихэнхдээ 72 цаг хадгална гэж тэмдэглэсэн байдаг. Харин стандартад сүүн кремтэй бялууг 0-6 градуст 48 цаг хадгалах ёстойг тусгасан. Орц, найрлагаас шалтгаалж хадгалах нөхцөл, хугацаа нь өөр.
Мөн шанзтай еэвэнг тослогноос хамаарч 14 хоног хадгалах ёстой. Гэтэл 14-21 хоног гэж бичиж иргэдийг төөрөгдүүлэх нь цөөнгүй. Мөн савласан, хэрчсэн гурил өндөг агуулсан бол 24 цаг, агуулаагүй бол 72 цаг хадгалах ёстой” гэлээ.
Гэтэл “Түвшин уянга”, “Энэр хүнс” компанийн еэвэнгийн хадгалах хугацаа нэг нь 21 хоног, нэг нь 30 хоног гэж бичсэн байсныг дахин сануулъя. Тус хоёр бүтээгдэхүүний шошгон дээрх утасны дугаараар холбогдож лавлалаа. “Танай бүтээгдэхүүн шанзтай еэвэн мөн үү, шанзтай гэж бичээгүй байна.
Мөн 30 хоног хадгалах нь стандартад нийцдэг үү” гэх миний асуултад “Шанзтай еэвэн мөн. Хадгалах хугацаа 30 хоног гэж бичсэн. Ер нь хугацаа нь дуусахаас өмнө зарагдаж дуусдаг. Тиймээс нэг их асуудал байхгүй. Бас тослог ихтэй учраас удаан хадгалахад зүгээр” гэсэн юм.
Харин “Түвшин уянга” компанийнхнаас лавлахад “21 хоног гэдэг нь МХЕГ-аас зааж өгсөн стандарт. Хадгалах хугацаа нь танд ямар хэрэгтэй вэ” хэмээн уцаарласан юм. Мэргэжилтний хэлж буйгаар орц, найрлага, тослогоос хамаарч хадгалах хугацаа өөр байж болно гэсэн. Гэтэл “Энэр хүнс” компанийн бүтээгдэхүүний шошгонд “Хуурай, сэрүүн нөхцөлд 30 хоног хадгална” гэж биччихээд, сэрүүн нөхцөл нь хэдэн градусын хүйтэн гэдгийг тодорхойлоогүй, мөн тослогийн хэмжээг ч мэдэх боломжгүй байсан юм.
Хэрэглэгчдэд хүндрэл учруулдаг бас нэг зүйл бол шошгон дээрх үсгийн хэмжээ хэт жижиг, эсвэл дэвсгэр дээрх өнгөнөөс ялгагдахааргүй байх асуудал юм. Уг зөрчил түгээмэл биш ч мэр сэр байсаар буй нь ажиглагдав. Уг нь стандартад “Шошгын мэдээлэл нь харагдахуйц, ойлгомжтой, уншигдахуйц, арын өнгө болон үсгийн өнгө хоёр эрс ялгадахуйц байна гэж заасан байдаг” хэмээн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хоол судлалын албаны мэргэжилтэн Н.Болормаа хэлэв.
Гэтэл олонх бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн огноог олох гэж “авьяас”-аа гаргах нь бий. Уутны нэг буланд, ундааны таглаан дээр гэх мэт бусад мэдээллээсээ хаа хол “тэнэж” явах нь энүүхэнд.
Нэг хэсэг хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдахыг иргэд ихээхэн эсэргүүцэж, дэлгүүр, үйлдвэрлэгчид ч үүн дээр анхаарах болсон. Гэсэн ч асуудал өдий хүртэл нэг мөр цэгцлээгүй бололтой. Баянгол дүүргийн 22 дугаар хороонд байрлах “Хангал” дэлгүүрт “Хүнс сервис” компанийн “Бэлэн гурил”, ямар компани үйлдвэрлэдэг нь тодорхойгүй “Нийслэл гурил” зэрэг хэрчсэн гурил зарж байлаа.
“Хүнс сервис” компанийнх энэ сарын 13-нд үйлдвэрлэсэн бөгөөд хугацаа нь хэтрээд хоёр хоножээ. Маргааш нь орж үзэхэд мөн л зарагдсан хэвээр. Шошгон дээрх утсаар нь лавлахад “Бид дэлгүүрт нийлүүлсэн бараагаа буцааж авч болохгүй. Тэр бол тухайн дэлгүүрийн өмч. Харин хугацаа нь дууссан барааг дэлгүүрүүд өөрсдөө буцааж өгвөл авдаг. Хэрэглэгчид дэлгүүрүүдэд шаардлага тавих ёстой” гэлээ.
“Нийслэл гурил” нэртэй хэрчсэн гурилын шошгон дээр үйлдвэрлэсэн газрын нэр байгаагүй бөгөөд үйлдвэрлэсэн өдрийг нь 1-31 хүртэл дугаарласан тооны 17 гэсэн тоон дээр хар цэгээр тэмдэглэсэн байв. Харин он, сарыг нь хайгаад олсонгүй. Энэ мэт 2-3-хан дэлгүүрийн хэдхэн барааг сонгож үзэхэд хэд хэдэн ойлгомжгүй шошго ажиглагдсан юм.
МХЕГ-аас хамгийн сүүлд 2016 онд зах зээлд худалдаалдаг болон хилээр оруулж буй хүнсний бүтээгдэхүүний шошгыг шалгажээ. Тахианы мах, өндөг зэрэг бүтээгдэхүүн зарж, борлуулж буй 279 газарт хийсэн судалгаагаар мах, махан бүтээгдэхүүний 63 хувь нь зориулалтын сав баглаагүй буюу шошгогүй худалдаж байсан зөрчил илэржээ. Мөн шошгын мэдээлэл хангалттай бус гэсэн зөрчил 50 хувь, гаж, нөлөө, хориглох заалт бичээгүй нь 81 хувийг эзэлж байсан аж.
Мөн хувиргасан амьд организм агуулсан эсэх, монгол, англи, орос хэлээр бичнэ гэсэн заалтыг мөрдөөгүй зэрэг зөрчил дийлэнх хувийг эзэлж байжээ. Тус байгууллагынхан түүнээс хойш энэ чиглэлээр шалгалт явуулаагүй бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон савласан бүтээгдэхүүний шошгололтод тавигдах шаардлагыг хэрхэн мөрдөж байгааг өдгөө шалгалт явуулж буйгаа хэллээ. 2007 оноос хойш мөрдөж байсан стандартыг өөрчлөх асуудлыг 2016 оноос хэлэлцэж, 2017 онд баталснаар ийнхүү энэ оноос хэрэгжүүлж эхлээд буй юм.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Д.ДАВААСҮРЭН: Шинэчилсэн стандартыг энэ оноос мөрдөж эхэлсэн
Стандартчилал, хэмжил зүйн газрын Стандартчилал тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн Д.Даваасүрэнгээс хүнсний бүтээгдэхүүний шошгын стандартын талаар тодрууллаа.
-Манай улсад хүнсний бүтээгдэхүүний шошгонд ямар стандарт мөрддөг вэ, олон улсын стандартад нийцдэг үү?
-Аливаа бүтээгдэхүүний стандарт тодорхой хугацаанд, үе шаттайгаар шинэчлэгдэж өөрчлөгддөг. Манай улс 1995 онд хүнсний бүтээгдэхнүүний сав, баглаа боодлын шаардлага MNS 4280 стандартыг баталсан. Үүнийг 10 гаруй жил мөрдөөд, 2007 онд “MNSCAC1, Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгонд тавих шаардлага”, “MNSCACGL2, Шимт тэжээлт чанарыг шошгонд тусгах зөвлөмж” гэсэн стандарт шинээр гаргасан.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтарсан Хүнсний хууль, эрх зүйн хорооноос олон улсын худалдаанд баримталдаг стандартуудыг батлан гаргадаг. Дээрх хоёр стандартыг тус хорооноос баталсан олон улсын стандартын дагуу шинэчилсэн.
2012 оны арванхоёрдугаар сард УИХ-ын баталсан Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн арванхоёрдугаар зүйл нь бүхэлдээ бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошготой холбоотой. Үүнтэй уялдуулан шошгын стандартыг дахин шинэчилсэн.
Өмнөх стандартуудтай CACGL23-ыг нэгтгээд, “MNS 6648 Хүнсний бүтээгдэхүүний сав, боодлын шошгонд тавих шаардлага” стандарт гаргаж, Стандартчиллын үндэсний зөвлөл 2016 оны арванхоёрдугаар сард баталсан. Аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнийхээ шошгыг бөөнд нь захиалдаг учраас тэдэнд эдийн засгийн хүндрэл учруулахгүйн тулд шинэ стандартыг энэ оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн.
-Одоо мөрдөж буй стандарт өмнөхүүдээсээ юугаараа ялгаатай вэ. Мөн CACGL23 гэдэг нь ямар стандарт вэ?
-Энэ нь бүтээгдэхүүний шимт тэжээллэг чанар болон эрүүл мэндийн мэдэгдэл гаргах зөвлөмж гэсэн олон улсын стандарт юм. Өөрөөр хэлбэл, тухайн бүтээгдэхүүн органик мөн, эсэх, амин дэмээр баялаг, эсвэл цусан дахь саахрын хэмжээг бууруулах үйлчилгээтэй гэсэн бол үүнийгээ эхлээд баталгаажуулсан байх шаардлагатайг уг стандартад тусгасан.
Шинэчилсэн стандартын шимт тэжээллэг чанарын үзүүлэлтэд илчлэг, өөх, тос, нүүрс ус, уураг, саахраас гадна давсны хэмжээг оруулахаар заасан. Өмнө нь давсны хэмжээг бичдэггүй байсан юм.
-Хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр ямар мэдээллүүд байх шаардлагатай бол?
-Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон үйлдвэрлэгчийн нэр, хаяг, цэвэр ба хуурай жин, цувралын дугаар, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, орц, найрлага, хадгалах хугацаа болон горим, шимт бодисын хэмжээ, агууламж, хэрэглэх заавар, эрүүл мэндийн мэдэгдэл, гаж нөлөө буюу хориглох заалт бий, эсэх, хүнсний нэмэлт бодис хэрэглэсэн, эсэх талаар тус бүрт нь нарийн тодорхой бичиж, хүмүүсийг төөрөгдүүлэхгүй байх шаардлагатай.
Тухайлбал, хүнсний нэмэлт бодис болох тогтворжуулагч, үл исэлдүүлэгч, будагч бодис, өтгөрүүлэгч, амт, үнэр оруулагч зэргийг хэрэглэсэн тохиолдолд энэ мэдээллээ шошгон дээр бичих ёстой. Органик, эсвэл хувиргасан амьд организмаас гаралтай, ионжуулагч цацрагаар боловсруулсан хүнс бол энэ талаарх мэдээлэл, тэмдэглэгээ нь шошгон дээр заавал байхыг шаарддаг.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Шошгоор дамжуулан үндэстнээ эрүүлжүүлж байна
Хүнсний бүтээгдэхүүний шошгод улс орнууд хамгийн түгээмэл гурван арга хэрэглэж байна. Тодруулбал, “Гэрлэн дохио” шошгод тухайн бүтээгдэхүүний орц нь хүний бие махбодид учруулах аюулын түвшнээс хамаарсан өнгө заасан байдаг. Үүнд бүтээгдэхүүнд агуулагдах тос, давс, саахрын хэмжээнээс хамаараад улаан (өндөр), улбар шар (дунд), ногоон (бага түвшин) өнгө тавьдаг.
Хоёрдугаарт, GDA буюу өдөр тутмын хэрэглээг удирдлага болгосон шошго бий. Үүнд хүний өдөрт авах ёстой тэжээллэг бодис буюу илчлэг, саахар, тос, ханасан тос, тосны хүчил зэргээс үүдэн хэр хэмжээтэй идэхийг зөвлөсөн байдаг. Гуравдугаарт, ОХУ, Кыргызстан, Армен, Казахстан, Беларусьт хэрэглэдэг “ТР ТС 022/2011” шошгод хүнсний бүтээгдэхүүний нэр, орц, тоо ширхэг, үйлдвэрлэсэн огноо, хадгалах хугацаа болон нөхцөл, үйлдвэрлэгчийн нэр, хаяг, хэрэглэхийг хориглох зөвлөмж, уураг, тос, нүүрс-ус, илчлэгийн хэмжээ, генийн өөрчлөлттэй, эсэхийг заадаг аж. Мөн ийм шошгод барааны буюу гарал үүслийн тэмдэг (улсын код, домэйн нэр)-ийг заасан байдаг.
Их Британийн таван том супермаркет хэдэн жилийн турш брэнд бүтээгдэхүүндээ “Гэрлэн дохио” шошгыг амжилттай ашиглаж буй. Хэрэглэгчдийн сонголтыг судалж үзэхэд энэ шошго тэдний сагсанд илүү ашигтай бүтээгдэхүүн орох, GDA шошгод заасан хувь хэмжээний учрыг ойлгоход хүмүүст тус болж, супермаркетууд эрүүл мэндэд илүү ашигтай бүтээгдэхүүний сонголт хийхэд түлхэц өгчээ.
Одоо “Гэрлэн дохио” шошгод бүтээгдэхүүнд агуулагдах жишээ нь, илчлэгийг шатаахад ямар хугацаа орохыг тусгахыг тус улсын эмч нэр зөвлөж байна. Тухайлбал, стандарт савлагаа (330 мл)-тай хийжүүлсэн ундааны илчлэг 138 килокалори байдаг. Уг илчлэгийг шатаахын тулд 26 минут алхах, эсвэл 13 минут гүйх хэрэгтэй хэмээн зөвлөх гэнэ.
АНУ-ын Хүнс, эм бэлдмэлийн чанарт хяналт тавих газар 2016 онд хүнсний бүтээгдэхүүний шошгын журмаа шинэчилсэн бөгөөд ирэх долдугаар сарын 26 гэхэд бүх үйлдвэрлэгч шинэ шошготой, ирэх жилийн долдугаар сарын 26-ны дотор шинэ савлагаанд шилжих аж. Тус улсын шошгод заасан бүтээгдэхүүний илчлэг, агуулагдсан болон байвал зохих орцны тэмдэглэгээний хэмжээ томорч, өргөн шрифттэй болно.
Хоногт авбал зохих Д амин дэм, кальц, төмөр, кали тухайн бүтээгдэхүүнд хэдэн хувьтай орсныг тусгана. Харин А, В амин дэмийн хэмжээг тавихаа больжээ. Өдрийн норм дахь тэжээллэг бодисын хэмжээнд тухайн бүтээгдэхүүнээс ямар хэмжээтэйг идвэл болохыг тусгана. Тослогийн хэмжээг тусгахдаа илчлэгийг нь заахаа больжээ.
Учир нь бүтээгдэхүүнээс авах тосны төрлүүд нь тоо ширхгээсээ чухал болохыг судалгаа харуулсан байна. Харин нэг савлагаанд өдөрт хэрэглэхээс илүү хэмжээний бүтээгдэхүүн орсон бол илчлэг, тэжээллэгийн хэмжээг заавал заах шаардлагатай болсон аж.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд шошгын мэдээллийг сайжруулснаар америкчууд хүнснээсээ авдаг хоногийн илчлэг 78 калори, тосны хэрэглээ 3.3, тэр дундаа ханасан тосных 5.9, хэрэглэдэг холестерины хэмжээ 7.9 хувиар буурсан гэнэ. Үүний сацуу шинэ шошгоор дамжуулан үндэстнээ эрүүлжүүлэхэд чиглэсэн нийгмийн боловсролын төслүүд хэрэгжүүлсний ачаар гадуур хооллодог америкчуудын тоо цөөрч, гэртээ хэрэглэдэг хүнсний чанар 20 хувиар сайжирсан байна.
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
Та бараа, бүтээгдэхүүн худалдан авахдаа шошгыг нь үздэг үү, шошгоноос юуг нь илүү анхаардаг вэ?
Б.ТУНГАЛАГ (Баянгол дүүргийн иргэн)
-Нялх хүүхэдтэй болохоор хүнсний бүтээгдэхүүний орц найрлагыг сайн судалдаг. Хамгийн түрүүнд үйлдвэрлэсэн болон дуусах хугацааг харна. Мөн уураг, амин дэм, тэжээллэг чанар, генийн өөрчлөлт, химийн найрлагатай, эсэхийг нь хардаг. Монголын хүнсний үйлдвэрүүд боломжийн савлагаа, боодолтой, бүтээгдэхүүний мэдээллээ багтаасан шошготой гэж боддог.
Гэхдээ гадаадын бараа бүтээгдэхүүнтэй харьцуулахад учир дутагдалтай. Ихэвчлэн гялгар уутан савлагаатай байдаг нь таалагддаггүй. Импортын бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн улс, он, сарыг хардаг.
С.ТӨГС (Баянгол дүүргийн иргэн)
-Одоогоор шошго болон баглаа боодлын хувьд чанарын шаардлага хангаагүй, тодруулах шаардлагатай хүнстэй таараагүй. Ихэвчлэн томоохон супермаркетаас хүнсээ цуглуудаг тул зарагдаж буй бүтээгдэхүүний чанарт эргэлздэггүй. Өндөг, бялуу, мах, махан бүтээгдэхүүн авахдаа үйлдвэрлэсэн болон дуусах хугацааг нь шалгадаг юм.
С.АЛТАНЦЭЦЭГ (Чингэлтэй дүүрэг)
-Хүүхдүүдэд зориулж хүнс худалдан авахдаа шошгон дээрх он, сар, хугацааг хардаг. Бүтээгдэхүүний найрлага, саахрын агууламжийн талаарх мэдээллийг нь уншдаг. Задгай болон импортын, лаазтай бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэсэн улс, огноог харж шаардлагатай бол худалдагчаас тодруулдаг. Үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн төрөл олширч, сав баглаа нь өдрөөс өдөрт өнгөжин, хэрэгцээт мэдээлэл агуулсан шошготой болж буй гэж боддог. Гэхдээ шошгон дээрээс юуг анхаарах, нэмэлт ямар мэдээлэл байж болохыг мэдэхгүй.
Б.БАТЧИМЭГ (Баянзүрх дүүрэг)
-Байнга хэрэглэдэг зүйлийнхээ шошгыг харалгүй авчихдаг. Шинэ болон импортын бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн улс, он, сар, генийн өөрчлөлтийн мэдээлэл, орц найрлага, уураг, саахрын агууламжийг хардаг. Томоохон дэлгүүр, захуудад худалдаалж буй бүтээгдэхүүний аюулгүй байдалд төдийлөн эргэлздэггүй.
Харин жижиг дэлгүүр, ТҮЦ, ерөнхий боловсролын сургууль тойрсон дэлгүүрт гарал үүслийн баталгаагүй, шошгогүй, чанарын шаардлага хангаагүй гялгар уутанд савласан хүнс зарж байгаад эмзэглэдэг. Ийм газруудаар хүүхдүүд маш олноор үйлчлүүлдэг. Энэ талаар дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй.
П.БАТЗОРИГ (Баянгол дүүрэг)
-Сайн анзаардаггүй. Осолдохгүй л сүү, сүүн бүтээгдэхүүн, майонез, лаазтай хүнсний огноог хардаг. Сав болон шошгон дээр юу бичигдэх ёстойг мэдэхгүй юм.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин
1 comment
France=d talhaa oroi bolood zaragdaagui talhaa shuud haydag yum.