Өмнөд Солонгост метроны захиргаанаас тус хотын 255 өртөөнд долоо хоногийн гурван өдөр өглөөний 10 цагаас оройн 17 цаг хүртэл 50 эмэгтэй хянагчийг зөвхөн энэ хэргээс сэргийлүүлэхийн тулд ажиллуулдаг болжээ.Охид бүсгүйчүүдийн хормой дороос камераар зураг бичлэг үйлдэж, интернэт орчин тараах гэмт хэрэг түгээмэл гардаг гэнэ.
Сөүл хотын цагдаа, Сөүлийн метроны захиргаа хамтарч энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар өчигдөр мэдээлэл өгчээ. Тэдний мэдээлснээр Сөүлийн Хонгик их сургуулийн өртөө нь нууц камераар бичлэг хийгчдийн хамгийн их цугладаг газар болсон байна. Сөүл хотын баруун хойд хэсэгт байдаг энэ өртөөнд 2017 онд 83 тохиолдол бүртгэгджээ.
Энэ нь 2016 онд 94 тохиолдол бүртгэгдэж байснаас буурсан үзүүлэлт гэнэ. Уг өртөөний ойролцоо байдаг Хонгдае дүүрэг нь солонгосчууд, гадаадын жуулчид олноор цуглардаг хөл ихтэй, шөнийн амьдралтай бүс юм байна. 2017 онд Сөүлийн метроны өртөөнүүдээс нууц камерны нийт 643 хэрэг илэрчээ. Энэ төрлийн хэрэг 2015 онд оргил үедээ хүрэхэд 870 тохиолдол бүртгэгдэж, Ганнамын өртөө 111 тохиолдлоор тэргүүлэв.
Үүнээс гадна хотын цагдаагийн газартай хамтран 295 цагдааг өдөрт гурван удаа метронд эргүүл хийлгэж, охид бүсгүйчүүдийг хамгаалдаг боллоо.