Хүүхэд хамгааллын сэдвээр нийтлэл, ярилцлагуудыг цувралаар тогтмол хүргэж байгаа билээ. Хүүхдийн эрхийг хүндлэх, тэднийг хүчирхийллээс хамгаалахын тулд эцэг, эхийн үүрэг хариуцлага, оролцоо хамгийн чухал байгааг бид онцолж байна.

Энэ сэдвээр Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Будзаантай ярилцлаа.

-Хүүхдийн эсрэг үйлдэгд­сэн хүчирхийллийн 70-80 хувь нь гэр бүлийн орчинд байдаг харамсалтай тоо бий. Эцэг, эхийн хараа хяналтгүй, хариуцлагагүй, хэнэггүй байдал хүүхэд хохирох, улмаар өөрөө гэмт хэрэг үйлдэхэд шууд нөлөөлж байна. Таны хэ­лэх тоо баримт ч үүнийг батлах бололтой?

– Эцэг, эх хүүхдээ ас­ран хамгаалах үүрэгтэй. Ха­рам­салтай нь гэмт хэр­гийн хохирогч болж байгаа хүүхдүүдийн 70-80 хувь нь эцэг эхийн хараа хяналт сул гэсэн шалтгаантай байдаг. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байдал 41 хувиар буурсан сайн мэдээ бидэнд байна. Урьд­чилан сэргийлэх ажлыг үр дүнтэй хийж чадвал гэмт хэргийн гаралтыг саар­магжуулах бүрэн боломжтой нь харагдаж байгаа юм.

Харин нөгөө талд нь томчууд хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэх нь нэмэгдсэн мэдээлэл байна. Энэ оны эхний улиралд хүүхэд хохирсон 113 гэмт хэрэг улсын хэмжээнд бүртгэгдсэнээс 64 нь нийслэлд үйлдэгд­сэн. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 23 хувиар өссөн гэсэн үг. Хүүхэд­тэйгээ хэрцгий харь­цах, дарамтлах төрлийн гэмт хэрэг өсөн нэ­мэг­дэх хандлагатай байна. Цагдаагийн бай­гуул­­л­а­гаас хүүхдийн эрхийг хамгаалах, хүүх­дийг гэмт хэргээс урьд­чи­лан сэргийлэх чи­г­лэлээр хол­богдох байгуул­ла­гуудтай хамтран шат дараа­лал бүхий аянуудыг зохион байгуулж байна. Энэ сард төлөвлөгөөний дагуу “Хүүхэд хамгаалал” аяныг хийж байна. Энэ аяны нэг ажил болох нөлөөллийн жүжгийнхээ нээлтийг хийсэн.

-Эцэг эхчүүд “Энэ бол миний хүүхэд” гэсэн хандлагатай байдаг. Гэхдээ харж хандах, асран хамгаалах үүргээ төдийлөн ухамсарладаггүй?

-Дээр хэлсэнчлэн эцэг эхчүүд Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ л биелүүлэх ёстой. Хүүхэд өдөрт дунджаар 4-6 цагийг сургууль дээрээ, үлдсэн цагийг гэр бүлийн орчинд өнгөрүүлж байна. Тэгэхээр нийт хүмүүжлийнхээ 70-80 хувийг гэр бүлээсээ авч байна гэсэн үг. Хүүхдийн гэмт хэрэгт хол­бог­дох эрсдэл нь суурь хүмүүжлээс шууд шалтгаалдаг.

Та тэдний дэргэд архидан согтуурна гэдэг нь хорт зуршилд уруу татаж, улмаар бусад төрлийн гэмт хэрэг үйлдэх сэдэл, шалтгааныг өгч байгаа гэдгээ байнга санах хэрэгтэй. Эрүүгийн хуульд 260 орчим үйлдлийг гэмт хэрэгт тооцсон байдаг. Цагдаагийн байгууллага, Хууль сахиулах их сур­гуультай хамтран сүүлийн таван жилийн гэмт хэргийн судалгааг хийхэд хүүхэд 32 төрлийн гэмт хэрэг үйлдэж байна гэсэн тоо гарсан.

-Хүүхдээ үл хайхарсан, эрхийг нь зөрчсөн эцэг эхчүүдэд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох заалттай. Энэ хууль хэрэгжих хэмжээнд хүүхдийн эрх гэдгийг ний­гэм хүлээн авахгүй байна. Та санал нэг байна уу?

-Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хам­гааллын тухай хуулийг зөрч­сөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.20-д хэрхэн хариуцлага хүлээлгэхийг заасан байгаа. Эцэг, эхчүүд энэ талаар төдийлөн мэд­дэггүй. Нэгэнт хууль нь байгаа учир хэрэгжүүлэх л хэрэгтэй.

Жишээ болгоход, бага насны хүүхдийг замын хөдөл­гөөнд харгалзах хүнгүйгээр оролцуулдаг, сурах, боловсрох эрхийг нь зөрчдөг, сургуульд нь хүргэж өгөх, авахдаа ар­хи­дан согтуурсан бай­далтай ирдэг гэхчлэн тохиолд­луудад хариуцлага тоо­цох арга хэмжээ авч байгаа. Гэхдээ бид ярихаас илүү урьдчилан сэр­гийлэх нь үр дүнтэй байгааг дээр хэлсэн статистик харуулж байна. Сургуулийн сурагч цаг­даагийн ажилтны зөв­лөгөө мэдээллийг ан­хаа­ралтай сонсож, маш сайн хүлээн авч байхад эцэг эхчүүд ямар нэг байдлаар үл ойшоосон байдал гаргадаг нь үнэн. Бид цаашид эцэг эхчүүдэд зориул­­сан сургалт, мэдээллүүдийг тогтмол хийнэ. Хүүхдийг аливаа гэмт хэргээс хамгаалахын тулд эцэг эхчүүдийн оролцоо, хамтын ажил­лагаа хамгаас чухал гэдгийг онцлоё.

Б.СОЛОНГО

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

By updown

2 thoughts on “Д.Будзаан: Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо 23 хувиар өссөн”
  1. mongolchuudiin tahi, uhamsar neg bish bolood baina, …arhinaas yydeltei zambaargui haihramjgui archaagui hymyys boljee, hyyhdyyd l hairan baina

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн