“Аав ээж маань боломжгүй учраас би ингэж амьдарч байна гэх залуус олон байна”

БНСУ-ын “Монтант” олон улсын дуулаачдын байгууллагын дуучин С.Гантогоо эх орондоо шинэ уран бүтээлээ туурвиж эхлээд удаагүй байгаа билээ. Монголын үзэгчид түүнийг БНСУ-ын SBS телевизийн “Оддын хаан” цэнгээнт нэвтрүүлэгт 2012 онд оролцож байсныг эчнээ мэднэ.
Түүнчлэн 2015 онд БСШУСЯ-наас зохион байгуулсан “Монгол дуу дэлхийд” шоу нэвтрүүлэгт амжилт гаргасныг нь ч санаж буй биз ээ. Өдгөө тэрбээр “Боловсрол суваг” телевизийн “Яг түүн шиг-2” нэвтрүүлэгт амжилттай өрсөлдөж, үзэгчдийн хайр, талархлыг хүлээсэн оролцогчдын нэг болсон.
Өдийг хүртэл гэр бүл зохиогоогүй яваа залуу дуучин маань “Яг түүн шиг” шоуны үеэр бүсгүйчүүдийг ёстой л нэг хуйлруулах шиг болоод авсан тэрээр одоогоор гэр бүл зохиох бодолгүй байгаа бололтой.
Энэ тухайгаа “Цаг нь болохоор мэдээж гайхалтай бүсгүйтэй учраад уулзаад явах байх. Нэг зүйлийг хэлмээр байдаг юм. Арай гэж олж авсан энэ гайхалтай цаг мөчийг тултал нь нэг ашиглаад үзье. Яагаад гэхээр би харамсаж амьдрахыг хүсдэггүй.
60,70 настай болчхоод өө би хорин хэдтэйдээ тэрийг хийчихгүй яав даа, тэр боломж нь надад байсан ш дээ гэдэг ч юм уу, ингэж харамсаж амьдрахыг би үнэхээр хүсдэггүй. Тиймээс одоо хийж бүтээх цаг дээрээ сайхан тултал нь хийгээд нэг яваад үзье. Гэхдээ дундуур нь нэг хүн зүсээд ороод ирэхийг үгүйсгэхгүй” гэв.
Манай залуусын нийтлэг төрхийг “Олон орны залуустай ажиллаж байхад Монгол хүн ямар нэг байдлаараа заавалчгүй илүү байдаг. Орчиндоо дасах, юмны арга эвийг олох гээд.
Гэхдээ бидэнд юу дутагдаад байна вэ гэхээр ерөөсөө тэвчээртэй зан чанар, тууштай байдал дутагдаж байна. Жоохон бэрхшээл гараад ирэхэд зулраад л. Сүүлийн үед манай залуучууд яадаг юм байгаа юм сайн мэдэхгүй л байна, өөрөө нэг хохирогч болчихсон.
Улс төр, төрийн томчууд л тэгэхгүй байна. Ээж, аав маань ийм учраас би ингэж амьдарч байна гээд өөрт нь огт буруу байхгүй болчихсон. Гэтэл өөрөө хөдлөхгүй байна, толгойгоо ажиллуулахгүй байна, бие, гараа хөдөлгөхгүй байна. Яаж ходоод нь, түрийвч нь томрох юм бэ? Бүр хохирогч болчихсон, нийгмийнхээ сртесст бүр гүн орчихсон” хэмээн хуучиллаа.