Танин мэдэхүйТаны амралтанд

Европ араншин

Сурталчилгаа

Өмссөн хувцас мэт чухал боловсон харьцаа
Харьцангуй манайхныг бодвол Европчууд маш хүлээцтэй, харьцааны өндөр соёлтой. Швейцарь хүн чамд яаж ч дургүй байсан түүнийгээ нүүрэн дээрээ ил гаргахгүй. Андуурмаар эелдэг инээмсэглэж байгаад ярина. Ямар ч тохиолдолд юм асуувал герман, франц, итали, руманш хэлнээс аль чаддагаар чинь сонгоод сайхан тайлбарлаад өгчихнө. Бүр ойлгохгүй бол англиар чөлөөтэй ярьчихна. Хэн нь ч гэсэн.

Швейцарь улс дөрвөн мужтай. Дөрвөн өөр улсаас тасалж авсан 4 хэлээр ярьдаг дөрвөн хэсэгтэй учраас хүүхдүүддээ багаас нь эдгээр хэлүүдийг заагаад өгчихнө. Галт тэргэнд франц муж дотор явж байхад бүгд францаар ярина. Герман муж руу орж ирлээ гэж үзелиэр зарласны дараа эргэн тойронд бүгд германиар ярьж байхыг анх мэдээд их гайхсан.

Хэлээ төвөггүй солиод ярьчихаж байгаа тус улсын бодлого, нийгмийн өв тэгш байдалтайгаа уялдсан сургалтыг үнэндээ л биширсэн. Манайд хоёр хэлтэй бол боловсролтой, гурван хэлтэй бол бүр супер хүнд тооцогдоно биз дээ? Энд бол хүн зөвхөн хүн л гэж харагдана.

Хүмүүс дотоод бодол санаагаа хэзээ ч ил гаргахгүй. Эелдэг боловсон байдлыг зүгээр л өмсдөг хувцасныхаа нэг хэсэг гэж үздэг учраас “Би чамд эелдэг хандсан. Харин чи надад муухай аашиллаа” гэж барьцаад хэрэлдээд байх юм үгүй. Огт танихгүй ч байсан зөрж өнгөрөх хүн бүр мэнд мэднэ. Гэхдээ том хотуудын гудамжаар тэгээд явахгүй л дээ. Мэдээж боломжгүй. Гэсэн ч хүн цөөтэй газрууд, хүлээлгийн өрөөнүүд, шатан дээр зөрсөн хүмүүс хоорондоо заавал мэндэлнэ.

Ойр зуурын туслалцаа хэрэгтэй үед чинь хэн ч ирээд тусалчихна. Хаалга нээх, автобусанд ачаа оруулах, юмаа унагаах гэх мэтэд туслагчид үргэлж олдоно. Тусалж байгаа тэр хүн дотроо азиудад дургүй байсан ч хамаагүй. Энэ бол ердөө л хийх ёстой үйлдэл.

Ингэж эрхэлж яваад Франц руу ороод ирэхээр байдал арай өөр болж эхэлнэ. Францчууд ер нь л түс тас зантай юм шиг санагдсан. Дургүй бол дургүй гэдгээ шууд л ямар нэг байдлаар илэрхийлнэ. Гэхдээ манайхан шиг хашгичаад загнаад, угзчаад байхгүй л дээ. Бяцхан мөрөө сэжих, үл тоомсорлох, толгой сэгсрэх, уулга алдан бувтнах зэргээс тааламжгүй байгааг нь ойлгочихож болно.

Ер нь ажаад байхад үлгэр жишээ зан харилцааг үндсэн буюу уугуул иргэдээс л илүүтэй харж болно. Энэ улсын хүн амын дийлэнх хэсэг нь цагаач нар хэдий ч франц хүмүүс тэдэнд өгөөмөр, хүлээцтэй, итгэл дүүрэн хандсан хэвээр л байдаг нь гайхалтай. Манайд бол автобусанд хоёр хятад ороод ирвэл хүмүүс яаж нүднийхээ буланг хүүхэн хараагаараа өвдтөл нэгжих бол гэж бодогддог. Үүнээс өмнө бол өөрөө хамт нэгжилцэх байлаа л даа.

Франц хүмүүс хэзээ ч буруугаа хүлээдэггүй. Нэлээд ихэрхүү зан ааштай, бардам хүмүүс. Өөрийнх нь шууд буруу байсан ч ярьсаар байгаад нэг мэдэхэд та өөрөө уучлал гуйгаад зогсож байх вий. Харин швейцарь хүн таны бурууг ч өөрөө хүлээгээд зогсож байж мэдэх юм. Энэ нь швейцариуд илүү хүнлэг энээ тэрээ гэсэн утга биш шүү. Зөвхөн харилцааны л хэлбэр.

Гэхдээ франц хүмүүс илүү халуун дулаан юм шиг санагдсан. Учир нь арай амар. Дуртай дургүй, таатай таагүй байгааг нь мэдэхгүй хүнтэй харьцах их адармаатай гэдгийг ойлгосон. Маш эелдгээр таньтай харьцаад л гаргадаг. Босго давмагц чинь таны асуудлыг шууд хогийн сав руу шидчихдэг байх ямар уу?

Харин францчууд уурлаад л, мөрөөд хавчаад л, хайнга хүйтэн аашлаад л байх хэрнээ таны зүгээс ямар нэг өчүүхэн тааламжтай үйлдэл үзүүлэх төдийд асуудлыг чинь хэзээ ч мартахгүйгээр өөрийн хэрэг мэт үзэж эхэлнэ. Ялгаа нь үүнд л байгаа юм. Швейцарьчууд ерөнхийдөө хүүхдэд их хайртай. Өнгөрсөн жил шинээр батлагдсан нэг хуулиндаа олон хүүхэдтэй цагаач гэр бүлүүдэд аль болох зөвшөөрлөө өгч байх бодлого барьж эхлэсэн байдаг. Учир нь уугуул иргэд нь ганц хоёрхон хүүхэд төрүүлээд хэт өндөр наслаж байгаатай холбоотой гэж нэг швейцарь хүн тайлбарлаж байсан.

Гэхдээ үүнд монголчууд хамаарахгүй л дээ. Европт монголчуудыг аль болохоор шахаж гаргах бодлого барьж буйг анхаараарай. Манай Ерөнхийлөгч айлчлах бүртээ “Манайх бол жинхэнэ ардчилсан, хүний эрхийг дээдлэсэн, ямар ч аюулгүй орон шүү. Хүнийг ялгаварлан гадуурхах ямар ч нөхцөл бололцоо байхгүй. Манайх хөгжмөөр л байдаг. Даанч ажиллах хүч байхгүй. Ажил зөндөө байгаа ч хийх хүмүүс нь бүгд гараад явчихсан. Манай иргэдийг хөөж гаргаад өгөөч” гэж гуйнгаа хөрөнгө оруулалт, олборлолтын олон ашигтай санал тавьж их хэмжээний өр зээл тавьдаг болохоор тэр биз.

Дээр нь манайхан ч зүгээр байхгүй. Хоорондоо зодолдоно. Бие биенээ хутгална. Хүчиндэнэ. Хэдэн давхраас нэгийгээ шидээд алчихна. Бас хулгай хийнэ. Энэ нь мөрөөрөө сурч, ажиллаж байгаа олон монголчуудаа хүндхэн байдалд оруулдаг.

Ажаад байхад аль болохгүй бүтэхгүй, хэрэг төвөгт холбогдоод ар гэрээ зовоосон нөхөд л нэг хэсэг гадагшаа их гарсан шиг байгаа юм. Ах дүү нар нь ч төвөгтэй нөхрийг өөрсдөөсөө хурдхан холдуулах гэж чадах бүхнээ хийдэг шиг байгаа юм. Ингээд гурван мулгуу гай тарихад л бүхэл бүтэн үндэстний нэр шалаар нэг юм болчихож байгаа хэрэг.

Төрийн айлчлалаар ирсэн нөхөд ч өөрсдөө ууж иддэгээрээ алдартай. Дорд ардаасаа дутахгүй ууж идэж, бөөлжиж, зодолдож, зарим нь бүр зочид буудлынхаа өрөөнд гал асаан бөөлж, галын автомат дохиоллыг хангинуулж, гал командын цуваа иртэл шуугиан тарьж, эсвэл ид шөнийн цагаар дуулж хуурдаж, найрлаж, уйлж бахирч орчныхоо амар тайвныг эвдэхээ юман чинээ боддоггүй. Ихэнх нь буудлаас тавьж өгдөг нэг удаагийн хэрэглэлүүдийг нутаг буцахдаа хүн амьтанд тарааж өгнө хэмээн хамж цүнхлээд одно.

Монголын хамгийн боловсролтой гэгдэх хүрээний ажил хэрэгч цувааныхан ирээд буцахад буудлын хогийн саванд архины шил бэлгэвчнээс өөр ямар ч хог үлддэггүй гэдэг. Өдөр тутамд олгодог нэг удаагийн улавч, оо сойз, нүүр гарын алчуурнууд нь хүртэл ор сураггүй алга болно. Энэ бүхнийг европчууд дотроо дургүйцэн жигшдэг ч гаднаа эелдэгхэн инээмсэглээд л явуулна даа. Энэ зассан занг нь манайхан «Биднийг маш их хүндэлж байна. Бид ёстой гүн сэтгэгдэл төрүүлжээ» гэж ойлгоно.

«Ардчилсан аюулгүй, хүнлэг нийгэм цогцлоосон гэж Ерөнхийлөгч, сайд дарга нарын чинь үргэлж ярьж сурталдаж явдаг танай орны иргэд яагаад ийм бүдүүлэг байна. Тэд яагаад дандаа хоорондоо зодолддог вэ? Тэд яагаад архийг тийм их уудаг юм бэ? Танай оронд маш их ажлын байр байна гэх мөртлөө тэд яагаад энд ирж хулгай хийдэг юм бэ?» гэх хариулахад хэцүү асуултын өмнө нүүрээ улалзуулан зогсох явдал нэг бус удаа тохиолдсон тул гэрийнхэндээ анхааруулж буй эгч , дүүгийн хувьд өөрсдийгөө гаднаас нь харах боломжийг монголчууддаа нэг удаа олгоё гэж бодсоныг минь уншигч та ухаалгаар хүлээн авах биз ээ.

Тус биш ёс

Уг нь юм их энгийн ажээ. Асуудлыг хурцатгахгүй байх шалтгаан нь зүгээр л дор дор нь шийдээд явчих хүлээцтэй харилцаа, зөрж өнгөрөх хэн нэгэнд зам тавьж өгөөд инээмсэглэж чаддаг байх багахан соёлюм байна. Доорх хэдхэн жишээгээр нийгмийн амар амгалан, хүн хоорондын харилцааны эерэг байдал оршин тогтнодгийг сонирхуулъя гэж бодлоо.

Бараа буцааж болох уу?

Нэг удаа би супермаркетаас хүнсээ авлаа. Кассанд тооцоогоо хийчихээд гарч явахдаа машиндаа түлш хийнэ гэж тооцоолсон мөнгөө хүртэл үрсчихснээ гэнэт санав. Тэгээд машин луугаа сажилж явахдаа ер нь түлшнийхээ мөнгийг ядаж гаргаж авахгүй бол харих замдаа зогсчихож мэдэх юм байна гэдгээ ойлгоод дэлгүүр лүү буцав. Тэгээд саяхан тооцоо хийсэн кассан дээр очоод зарим хүнсээ буцаах хүсэлтэй байгаагаа хэлэхэд надад ХҮЛЭЭН АВАГЧ-ийн хэсгийг зааж өгөв. Хүлээн авагч дээр очоод хүнсээ буцаамаар байгаагаа хэлэхэд ажилтан бүсгүй яагаад буцааж байгааг минь асуулаа. Би үнэнээ л хэлэв. “Тооцоогоо зөв хийгээгүй миний буруу. Би түлш авах ёстойгоо мартсан байна” гэвэл тэрээр инээмсэглээд “Асуудалгүй” гэснээ миний тооцооны тасалбар дээрх буцаалтуудын нэрсийг дарж, үнийг нь бодоод хүссэн мөнгийг маань тэр дор нь буцаагаад өгчихсөн юм. Чанаргүй барааг буцааж болдог гэж дуулснаас биш минийх шиг шалтгаантайг буцаагаад өгчихнө гэж итгээгүй тул чухам л баярлав.

Гээсэн хүнс

Дэлгүүрээс хоёр уут дүүрэн хүнс авчихаад гэртээ ирэв. Ирээд тээшээ нээгээд үзтэл байдаггүй. Мэл гайхаж, цэл хөхөрсөн би дэлгүүрийн гадаа тээшиндээ хийнэ гэж бодож хажууд нь тавьчихаад машиныхаа цоожийг нээх гэж алхах зуураа таг мартаад шууд  давхичихснаа гэнэт санав. Ингээд бодлоо. “Дэлгүүрээс манайх хүртэл 3 км. Намайг гарахад дэлгүүр хаагаад хаалгаа барьж байсан. Хүн цөөн байхад хоёрын хоёр тортой юмыг нэг нь машиндаа шидээд хөдлөхөд хэн ч мэдэхгүй. Гүйцээ. Эргээд очиход байхгүй болчихсон юм байна л даа. Бүтэн долоо хоногийнхоо хүнсийг гээсэн энэ тэнэг толгойг яая даа” гээд духаа алгадав. Тэгээд “Ер нь гомдлын мөр очоод нэг харчихъя” гэж бодоод буцаад давхичихав.

Барааны газраас л хоосон зогсоолууд руу тортой юм байгаа эсэхийг харцаараа нэгжсээр давхиж хүрэв. Торойх л юм байсангүй. Ингээд зогсож байсан газраа очоод дэмий л ийш тийшээ харж дороо хэд эргэлдэв. Тэгтэл дэлгүүрийн үүдэн дээрээс хамгаалалтын хувцастай өндөр залуу гар даллан дохиж байна. Гайхан харж байтал эргэн орсноо хоёр ууттайг минь барьчихсаан гараад ирэв.

Тэр хүрч ирээд “Хатагтай, та энийг хайж байна уу?” гэхэд нь би баярласандаа эгээтэй л хашгирчихсангүй. “Тийм ээ, энэ минийх. Би тийм тийм юм авсан” гэж эхнээс нь тоочиж байтал тэр “Санаа зоволтгүй дээ. Би таныг мөн гэдгийг харцнаас чинь ойлгож байна” гээд хүнсийг маань тээшинд ачиж өгсөн юм. Дээр нь нэмээд тэр намайг “Та их стресстэй байгаа бололтой. Өнөөдөр заавал сайн унтаарай” гэж хүртэл захисан юм. Юм хумаа мартаж санаад хөөрхий их стресстэй явж гэж ойлгосон бололтой.

Тарвас

Зуны халуун өдөр дэлгүүрээс нэг томхон тарвас авлаа. Гэртээ ирээд зүстэл исчихэж. Бараг л архи шиг амтагдаж байна. Нөгөө дэлгүүр лүүгээ буцаад л нислээ. Очоод ХҮЛЭЭН АВАГЧ нь хаана байгааг үүдэнд зогссон хамгаалагч залуугаас асуув. Залуу яагаад надад хүлээн авагч хэрэгтэй болсныг асуухад би тарвасаа үзүүлээд хэвийн биш байгааг нь хэлэв. Энэ удаад тэрээр намайг хүлээн авагч руу явуулсангүй. Өөрөө тарвасыг маань бариад дагуулж явсаар дэлгүүрийнхээ арын нөөцийн өрөө рүү оруулаад тарвасны хэсэгт ирэв. Тэгээд дуртайгаа шилээд ав гэлээ.

Би нүдэнд туссан нэг тарвасыг заавал тэр инээснээ “Би танд өнөө өглөө ирсэн шинэхэн тарвас зааж өгье” гээд өөрийн гараар нэгийг авч өгөв. Тэгээд уут маань буцаах аргагүй шүүс болсныг үзээд касснаас очиж шинэ уут аваад савлаж өгсөн юм. Явах гэтэл тэр намайг зогсоосноо кассны эмэгтэйд тасалбарыг үзүүлээд тарвасны маань үнийг бодуулж аваад надад өгчихөв. Би хэрэггүй гэсэн ч тэд мөнгийг буцааж аваагүй юм. Хариад тарвасаа зүсвэл үнэхээр шинэхэн, шүүслэг, амттай сайхан байлаа.

Хүүхэд харж байгаарай

Бага хүүхдүүдээ хотын захын цэцэрлэгт салхилуулахаар гэрээс гарав. Замаараа дэлгүүрээр орж ганц нэг юм авахаар түр зогсов. Супермаркет биш ганц худалдагчтай хувийн дэлгүүр таарлаа. Ганцаараа үед хүүхдүүдээ бүсийг нь тайлаад, сандлаас нь буулгаад, цувуулж хөтлөөд, ороод, юмаа аваад, тооцоогоо хийгээд, буцаж гараад, суулгаад, бүслээд гээд их төвөгтэй л дээ.

Тэгээд би цонхыг нь нээлттэй орхиод шилэн цонхныхоо цаанаас орчноо бүрэн харж байдаг худалдагч залуугаас (араб хүн) “Хүүхдүүдийг маань харж байхгүй юу?” гэж хүсэв. Тэр ч уриалгахан зөвшөөрөв. Би хурдхан дэлгүүр лүү ороод яаруухан юмаа цуглуулаад худалдагчийн дэргэд ирвэл өнөөх маань алга. Дэлгүүрт ганцаараа үлдээд эвгүйрхсэн би нээлттэй орхисон хаалгаар гадагш харвал

худалдагч залуу машины маань хажууд зогсчихсон уурлаж уйлагнах хүүхдүүдийг маань саатуулан дэвхцэж цовхчоод, үл мэдэх хэлээр юм шулганаж, хачин сонин авиа гарган дуулж, бараг л бүжиг хийж байлаа. Түүнийг дэмжигчид ч хэдийнэ хавь ойрд нь цуглачихсан алга ташин хүч нэмж, бараг л бяцхан street show болж байлаа. Яагаад ч юм ийм хүмүүс амьдарч байгаад, тэдэнтэй тааралдаж байгаадаа баярлаад дотогш нэг сонин уярал төрж, хүмүүсийг улам л хайрламаар санагдсан юм.

“Би таныг хайж байлаа”

Угийн саландуу хүн чинь бас л хаясан гээснээ бичих нь. Энэ удаад утсаа хаячихсан юм. Энэ үл таних ертөнцөд ирээд удаагүй, таниж мэдэх хүнгүй бидэнд ганц гадагш холбогдох гарц нь миний муу утас байлаа. Түүндээ зураг бичлэгүүдээ хадгалж, газрын зургаа харж, мартахгүй гэснээ тэмдэглэж явдаг тул гээж хаяхгүйн тулд бүгд л хичээж, анхааралтай явдаг байсан юм.

Мэдээж миний зан л даа. Яаж ийж байгаад л сиймхий гарангуут гээчихэв. Ингээд явсан суусан газраараа нэг оройжин хайцгаалаа. Бидний заримдаа очдог бяцхан цэцэрлэгт хэдэн архичин байнга л сууж харагддаг юм.

Архичин гэхээр л манайхан шиг үс ноос нь ширэлдээд, булуу хавдар болтлоо зодолдоод, бөөлжиж сарьсан бохир хүмүүс гэж төсөөлөв. Огтхон ч тийм биш. Жирийн л хэдэн хүн шар айраг, шилтэй дарс дундаа тавьчихаад л яриад сууцгааж харагддаг юм. Хавь ойрынхоо хүнд хал балгүй, ойртож ч ирэхгүй болохоор бид ч нэг их анзаардаггүй байлаа.

Заа ингээд юм хайгаад байгаа биднийг тэдний нэг нь анзаарч. Тэгээд “Хэрвээ та нар утсаа гээсэн бол манай Идимтэй уулз. Тэр олсон. Тэр та нарыг хайгаад явж байгаа” гэж хэлж өгөв. Идим нь тэдний нэг бололтой. Бид түүнийг хаанаас олохоо мэдэхгүй гайхан сууж байтал буржгардуу үсээ шилэн хүзүү рүүгээ хүртэл ургуулж, түүнийгээ угааж тослон гялтгануулсан нэг эр шууд л биднийг чиглэсээр хүрээд ирэв.

Хажуудаа 12 орчим насны хүү дагуулжээ. Тэр хүрч ирэнгүүтээ “Хатагтай, энэ таны утас. Би таныг хайгаад л байлаа. Энэ утсан дээр таны хүүхдүүд бас нөхөр чинь бүгд байна” гэсээр утсыг минь өгөв. Бид хөл газар хүрэхгүй баярлаж, түүнд яаж талархсанаа илэрхийлэх гэж нэлээд юм болов. Бид түүнийг шар айргаар дайлахыг хүсэхэд тэр эелдгээр татгалзав. Ингээд “баярлалаа”-гаа хамаг чадлаараа хэлээд салах ёс хийв. Энэ бүхэн нэг л хангалтгүй санагдсан тул Идимийг цааш явж байхад нь би араас нь  дуудаад гүйн очиж тэврэн үнссэн юм. Энэ удаад тэр харин чин сэтгэлээсээ баярлав.

“Дараа хэрэг гарвал хэлээрэй”

Алгаа тосоод сууж байгаа хүн таарвал бид яаж ийгээд задгай мөнгө илүүчлэхийг л хичээдэг юм. Нэг удаа дэлгүүрийн гаднаас авсан хүнсээ ачаад хөдлөхийг завдаж байсан бидэн дээр нэлээд хувцас хунар муутай, өвгөжөөр хүн ирэв. Амнаас нь архи бололтой хурц үнэр ханхийнэ. Тэрээр “50 мөнгө илүүчилж туслахгүй юу. Надад маш их хэрэгтэй байна” гэж гуйлаа. Би халаасандаа байсан мөнгөнөөс гарт таарснаа аваад өгвөл өвгөн тоолж үзсэнээ “Хатагтай та надад 2€ өгчихлөө” гээд заримыг нь буцааж өгөв.

Би “Зүгээр ээ, та ав. Өнөөдөр их халуун байна. Та юм авч уу” гэвэл өвөөгийн нүдэнд баярын гэрэл гялсхийснээ “Маш их баярлалаа. Би угаасаа шар айраг л авч уух гэсэн юм. Та дараа ямар нэг тусламж хэрэгтэй бол надад хэлээрэй” гээд утасныхаа дугаарыг бичиж өгөв. Бид жоохон гайхаад дэмий л зүгээр гэж хэлээд явсан юм. Гэтэл хэд хоногийн өмнө төлбөртэй зогсоол дээр байсан машины минь тоосыг нэг хүн арчаад зогсч байхтай таарав. Дөхөөд очтол нөгөө өвөө. “Би таньд өрөө төлөхийг хүссэн юм. Энэ удаад би мөнгө гуйх гээгүй юм шүү” гээд инээгээд зогсож байв.

Өвөөгийн тус

Өвлийн нэгэн өглөө том хайрцагтай илгээмж тэврээд, гэртээ орохгүй гэж хөлөө тийчлэх хүүгээ чирсээр орц руугаа оров. Хүү гарна гэж чарлаад л, би орно гэж зүтгээд л. Гэнэт газраас ургасан мэт настай өвөө гарч ирснээ миний хайрцгийг заагаад “Танд туслах уу? Хэдэн давхарт гарах вэ?” гэж асуув.

Би санаа зовж хэрэггүй дээ гэсэн боловч өвөө ааштай хүүг маань харж инээд алдсанаа хайрцгийг тэврэн яг л залуу хүн шиг дээшээ гүйчихэв. Хүүгээ тэвэрсээр аахилан гарч очиход хэдийнэ манай хаалган дээр оччихсон инээмсэглэн зогсож байлаа. Таван давхарт л даа. Өвөө огт амьсгаадсан шинжгүй зогсож байснаа “Баярлалаа” гэж дахин дахин хэлэхэд маань амжилт хүсээд гар даллан алга болов.

Үнэндээ өдөр бүр л алхам тутамдаа хэн нэгний тусыг хүртэн явж байна. Хүмүүс нь сайхан сэтгэлтэйдээ бус хэн нэгэнд хэрэгтэй үед нь тус дэм болж, бодолд автсан, шаналсан үед нь цочоож сандраалгүй хүлээцтэй байхаа өөрсдийн үүрэг гэдгийг ягштал ойлгосон байх бөгөөд энэ бүхнийг тус биш ёс хэмээн үзнэ. Ингэж орчноо эерэгшүүлснээр өөрийнх нь ч амар тайван амьдрах нөхцөл бүрддэгийг хүн бүр ухамсарласан байдаг.

Эх сурвалж: Халтарын БОЛОР-ЭРДЭНЭ

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

19 Сэтгэгдэлтэй

  1. Илүү ч үгүй, дутуу ч үгүй яг үнэнийг бичжээ. Монголчууд маань тун удахгүй нийгэмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарласан, яг л энэ хүмүүс шиг бие биенээ хүндэтгэдэг болно гэдэгт огт эргэлзэхгүй байна. Залуустаа амжилт хүсье.

  2. olon humuus unshij taliin taliig n’ch bolov oilgood terniihee taliig hevshil bolgohod l ih um uurchlugdunu shuu, nadad ch bas taarch baisan asuudluud baina.Iim tugs utgatai goy bicheed tavihaar nadad hiigeed ugsun met sanagdaj ih bayarlav.

  3. сайхан юм уншлаа. Бид нар чинь бүгд ав адилхан хүмүүс гэдгээ саная. Баян ядуу сайн муу ч гэсэн хүмүүс шүү дээ.

  4. МОНГОЛЧУУД БИД УГААСАА ИЙМ Л ХҮН ЧАНАРТАЙ УЛС БАЙСАН, ОДОО Л ХАРИН МУУ МУУХАЙГАА ИХ ДӨВИЙЛГӨДӨГ БОЛЧИХООД БАЙГАА ЮМ ДАА.

  5. монголчууд ийм болхын тулд хүмүүсээ оюун ухаанаа хөгжүүлэх мэплэг боловсролтой ёс суртахуунтай болжийж энэ улс орнууд шиг сайхан хөгжих болно.ард түмний нь оюун ухаан нэмгэн байвал хөгжил цэцэглэл тэр хэмжээгээр удаан бна гэсэн үг.

  6. Zarim tulhuurtee hayagaa holboson baidag ni hayj uregduulbel olj uguhud zoriulagdsan baidag ni saihan sanagdsan shuu. Mongolchuudaa setgel sain bol uils sain. Ta buhendee sain saihnig husie

  7. ямар сайхан юм бэ ямар сайхан нийгэм бэ. гоё ч бичиж нүдэнд харагдтал. бүсгүй ч өөрөө их зөв хүн юм баярлалаа

  8. Сайхан, сэтгэл сэргэмээр зүйл бичсэнд баярлалаа. Бид бүгдээрээ монголоо ийм болгохын төлөө хүүхдүүдээ зөв хүмүүжүүлвэл болох л ёстой доо. Амжилт

  9. Хүмүүжлийн ач холбогдолтой сайхан зүйл уншлаа. Би бас энэ орчинд нилээн олон жил амьдарч байгаад эх орондоо ирсэн. Өглөө гэрээсээ гараад орцондоо тааралдах хөрштэйгээ мэндлэхээс эхлэх олон сайхан заншлыг хэвшил болгоцгооё. Залуустаа амжилт хүсье.

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close