Нэгэн нэр хүнд бүхий сургуулийн төгсөгчид ангиараа цуглан тэдэнд хичээл зааж байсан настай профессорын гэрт зочлон очжээ. Тэд бүгд сургуулиа төгсөөд их цалинтай, өндөр албан тушаал хашицгаан, ажил нь амжилттай яваа аж. Гэвч зочдын дунд ажлын тухай яриа болоход бүгд л амьдралд нь тулгарч буй зовлон бэрхшээлээ тоочин, гомдоллож байв.
Энэ үед өвгөн профессор зочдоо кофегоор дайлахаар гал тогоо руу оров. Төд удалгүй гал тогооны өрөөнөөс халуун кофетой гүц, төрөл бүрийн аяга дүүрэн өрсөн тавиур барьсаар буцаж ирлээ. Тавиур дээр шаазан, шилэн, хуванцар, болор аяганууд өрөөстэй. Тэр дунд энгийн аяга байхад маш нарийн чамин хийцтэй үнэтэй аяга ч байлаа. Зочид аягануудаас сонгон авсны дараа профессор тэдэнд хандан:
“Та нар хамгийн үнэтэй, чамин хийцтэй аягыг сонгож авснаа анзаарав уу? Энгийн хийцтэй, хямд аяганууд тавцан дээр үлдсэн байна. Энэ ч байдаг л зүйл. Хүн л болсон хойно хамгийн сайныг нь л сонгох биз ээ. Гэхдээ үүнд л та бүгдийн зовлон, бэрхшээл, стрессын эх үүсвэр байгаа юм. Үнэтэй аяга сонголоо гээд кофе амттай болохгүй шүү дээ. Харин ч үнэтэй аяганы төлөө өрсөлдөх нь кофены сайхан амтыг таашааж чадахгүйд хүрнэ. Аяганаас аль гоёыг нь өрсөж сонгоод хэн нь ямар аяга сонгосон бол гэж бусдынхаа гарыг тойруулан харснаа та нар анзаарсан уу?
Кофег амьдрал гэж бод. Харин ажил, мөнгө, нийгэм дэх байр суурь бол амьдралыг авч явах, амьдралыг агуулахад зориулагдсан аяга төдий л зүйл. Амьдрал ямар байх нь ямар аягатай байхаас хамаарахгүй ээ. Хамгийн аз жаргалтай хүмүүс бол хамгийн гоё аягатай нь биш харин аяга дахь кофены амтаа мэдрэн, таашаан ууж байгаа нь юм шүү!” гэж хэллээ.