Энэ амралтын өдрүүдээр нийслэлийн өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж буй шаардлага хангаагүй 420 орчим хаяг, самбарыг буулгалаа.
Тодруулбал Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “Гадна зар сурталчилгааны байгууламжийг буулгах ажлыг зохион байгуулах тухай” 2017 оны А/242 дугаар тушаал, “Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд Жигжидийн уулзвараас 4 буудал хүртэл замын 2 талаар, Доржийн гудамж дагуу замын 2 талаар зөвшөөрөлгүй, өнгө үзэмжгүй, шаардлага хангаагүй, бүртгэлгүй зарлалын самбар болох 2 тулгуурт байгууламж, 170 хаяг хаягын байгууламж, 250 орчим цаасан болон хулдаасан зарлалын хуудсыг албадан авсан байна.
Цаашид 4 буудлаас 32-ийн тойрог, 32 тойргоос Баянбүрдийн аюулгүй тойрог, Дарь-Эхийн гудамж, Ногоон нуурын гудамжуудыг үе шаттайгаар буулгах ажлыг зохион байгуулан ажиллахаар төлөвлөөд байна. Байгууллага, аж ахуйн нэгжүүдийг ойр орчимдоо зөвшөөрөлгүйгээр хаяг хаягын байгууламж, зарлал, сурталчилгааны самбар байрлуулахгүй байхыг уриаллаа.