ГАДААД ХҮНИЙ МӨРӨӨДЛИЙГ БИЕЛҮҮЛЭХЭД СУРЧ МЭДСЭНЭЭ ЗОРИУЛАХАД ХАРАМСАЛТАЙ БАЙСАН
-Гадаадад мэргэжил эзэмшээд, тэндээ ажиллаж, амьдраад сайн сайхан явах боломж байсан л даа. Гэхдээ сурч мэдсэнээ гадаад хүний мөрөөдлийг биелүүлэхэд зориулмааргүй, толгойгоо гадаад компанийн хөгжлийн төлөө ажиллуулмааргүй байлаа.
Эх орондоо хийж болох маш олон санаа байгаа учир Монголдоо ирье, салбараа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулья гэж шийдсэн. 2009 онд Азийн орнуудаас шилдэг инженерийг сонгон, тэтгэлгээр суралцуулах хөтөлбөр зарлагдсан юм. Америк, Хятад, Тайвань, Монгол гэсэн дөрвөн улсаас нэг, нэг хүн сонгогдож Японы Эзэн хааны нэрэмжит, Азийн шилдэг 10 сургуулийн нэг болох Тохоку их сургуульд хиймэл оюун ухаан, био инженерингийн чиглэлээр суралцаж төгссөн. Японы программ хангамжийн “Фүжи Инфокс Нэт” компанид 2011 оноос ажиллахдаа “Тоёота”, “Фүжицү” болон “NTT” групп байгууллагуудын олон төсөл дээр ажиллаж багагүй туршлага хуримтлууллаа. Тухайлбал, Нагояагийн Мекэй их сургуулийн ирцийн бүртгэлийн систем байна. Багш бүр андройд таблет ашиглаж лекцэнд суусан оюутнуудыг бүртгэх байдлаар их сургуулийн ирцийг автоматжуулсан.
Мөн Японд хамгийн шигүү байрладаг дэлхийн том түргэн хоолны сүлжээ болох Макдональдсын хүний нөөцийн программыг бичсэн. Тухайн компанийн онцлог нь 3000 салбартай, 100 мянга гаруй цагийн ажилтантай, бүх ажилтан нь цагаар ажилладаг оюутнууд байдаг тул тэднийг бүртгэх, гарах ээлжийг зохицуулах, шинэ ажилтанг сургах, сонгон шалгаруулах зэрэгт маш олон механик үйлдэл хийгдэж хугацаа их алддаг байсан. Эдгээр үйлдлийн процессыг судалж, автоматжуулснаар дээрх үйлдлүүдийг ганц, ганц товч дарж цаг алдалгүйгээр асуудлыг шийдвэрлэж, тайлан гаргадаг сонирхолтой төсөл болсон.
Одоо 2006 онд Монголд оюутан байхдаа найзуудтайгаа нийлээд байгуулж байсан “Юу Эн Ай Ти” компанийнхаа үйл ажиллагааг дахин сэргээж ажиллаж байна. Программ хангамж, технологийн салбарын хувьд Монголд том боломж бий гэж харж байгаа. Хийгдээгүй программ, систем маш их байна. Жишээлбэл, мал аж ахуйн салбарт мэдээллийн технологийг хөгжүүлэх том боломж байна. Мөн төрийн болон нийтийн үйлчилгээ байна.
Японд бүхий л процессыг хялбарчлаад шийдчихсэн, стресс, бухимдалгүй, ямар ч үйлчилгээнд дараалал байхгүй гээд амьдрахад нэн таатай. Харин энэ бүх боломжуудыг Монголдоо бий болгомоор байна. Энэ салбарын хөгжлийг ярихаар манайхны хуучинсаг үзэл гарч ирээд байдаг тал бий. Өөрөөр хэлбэл, программ хангамжийн хөгжил, мэдээллийн технологийн шинэ боломжуудын талаарх ойлголт төдийлөн төлөвшөөгүй. Бүх зүйлийг автоматжуулах, хөдөлмөрийг үгүй хийх гэх мэт буруу хандлагаар хандах гээд байдаг. Үнэндээ программ хангамжаар хөдөлмөрийг хөнгөвчилснөөр хүнд илүү хэрэгцээтэй зүйлдээ цаг хугацаагаа зарцуулах боломж гарч ирдэг.
БЛИЦ
Боловсрол:
-2003-2007 МУИС /бакалавр /
-2007-2009 МУИС /магистр /
-2009-2010 Tоhoku их сургууль / Судлаач/
-2010-2012 Tоhoku их сургууль
/Компьютерийн ШУ-ны магистр /
Ажилласан байдал:
-Багш, ЭША
/МУИС, Математик компьютерийн сургууль/
-Программ хангамжийн инженер
/Fuji Infox-Net Co.,LTD , Токио хот, Япон/
-Төслийн менежер
/Fuji Infox-Net Co.,LTD , Токио хот, Япон/
-Гүйцэтгэх захирал /Ай Эн Ай ХХК/
-Гүйцэтгэх захирал
/Unit LLC Програм хангамжийн компани /
Хийж гүйцэтгэсэн ажлуудаас:
-MacDonald Сүлжээний хүний нөөцийн системийн шинэчлэл (Япон улс)
-Арома гоо сайхны брэндийн Зочид буудлын Cloud удирдлагын систем (Япон улс)
-“Web Crawling System” NSFMC компанийн захиалгаар (Япон улс)
-“Assetview IT хөрөнгө болон хамгаалалтын систем” төслийн нэвтрүүлэлт, хөгжүүлэлт, удирдлага /Монгол Улс/
-EXCEL BI системийн add-in хөгжүүлэлт (Япон улс)
-NSFMC мэдээлэл хяналтын болон орчуулгын систем (Япон улс)
-NSFMC компанийн файлын удирдлагын систем (Япон улс)
-KMCI эрүүл мэндийн сүлжээ, хайлтын хөдөлгүүр (Crawling engine), (Япон улс)
-Нагоягийн MEIKEI их сургуулийн оюутны ирцийн бүртгэлийн систем /Android, Felica card/ (Япон улс)
-“TOYOTA” автомашины үйлдвэрийн SharePoint системийн сайжруулалт, засвар (Япон улс)
-UNIDIC Монгол Япон, Япон Монгол орчуулгын систем. (Япон улс)
Шинжлэх ухааны бүтээл
-“Entrainability of cell cycle oscillator models with exponential growth of cell mass” published placed: IEEE, 2014
МОНГОЛ ХҮН ТӨРӨЛХИЙН ПРОГРАММИСТ
-Монголын мэдээлэл технологийн боловсон хүчний талаар ярихын тулд эхлээд монгол хүний онцлогийн талаар ярих нь зүйтэй байх. Бид нүүдэлчид, хаана ч очсон дасан зохицох чадвартай байдаг. Программ хангамж яг тийм чадварыг шаарддаг. Сар бүр шинэ технологи гарч ирдэг. Түүнийг цаг алдахгүй сурч, мэдэх шаардлагатай. Тиймээс монгол хүнийг төрөлхийн программист гэж хэлж болно. Монгол хүний ажлын бүтээмж бусад орныхтой харьцуулбал их өндөр. Дутагдалтай тал гэвэл зөвхөн багаар ажиллах. Энэ тал дээр сайн ажиллаад өгвөл бидэнд өөр дутагдах зүйл байхгүй гэж харж байна.
Тиймээс программистууд шинээр төгсөөд л байх юм бол энэ салбарыг хөгжүүлэх боломж манайд бүрэн бий. Монголоос гадаадад ажиллаж байгаа залуучууд олон улсад энэ мэргэжлээрээ маш сайн ажилладаг. Google, Apple болон Microsoft гэх мэт дэлхийн том компаниудад ахлах болон дээд түвшний албан тушаалд ч ажиллаж чадаж байна. Японд л гэхэд хэлний мэдлэггүй байсан ч зөвхөн код сайн бичдэг хүмүүсийг ажиллуулахаар эрэлхийлж байна. Эндээс монголчууд технологийн хурдыг гүйцэж ажиллаж чадаж байна гэдгийг харж болно. Тиймээс Монголдоо мэдээлэл технологийн боловсролыг сайн эзэмшээд дээр нь нэмээд дэлхий дахинд ашиглагдаж багаа “Хиймэл оюун ухаан”, “Cloud технологи” болон “Big data” зэрэг шинжлэх ухаантай холбогдсон технологийг илүүтэйгээр судалж чадвал монголчууд бидний оюуны чадавхийг харуулсан салбаруудын нэг нь мэдээлэл технологийн салбар гэж харж байна.
ЭЗЭНГҮЙ ХАЯГДСАН ПРОГРАММ МАШ ОЛОН БИЙ
-Мэдээллийн технологийн дэвшлийг хэрэглэхгүй, ашиглахгүй салбар гэж үгүй. Бүхий л салбарт ашиглаж, өөрсдийн ажил үйлчилгээнд стрессгүй, бухимдалгүй, төвөггүй, энгийн соёлыг түгээж болно. Одоогоор энэ салбарын хөгжлийг сайтар ойлгохгүй байгаагаас хаана, яаж ашиглахаа мэдэхгүй байна. Монголын зах зээлд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өрсөлдөгч компани олон байна, энэ сайн хэрэг. Гэвч түгээмэл дутагдалтай тал ажиглагддаг. Программ болон системийг хийх нь яг л барилга барихтай адил тодорхой зураг төсөлтэй байх ёстой. Хаалга, цонх нь тэндээ байна гэх мэтээр нарийн тодорхой зурж хийнэ гэсэн үг л дээ. Зөвхөн зохиогоод л орхичих биш үйл ажиллагааг нь байнга арчилж, тордож сайжруулж байх ёстой. Өөрөөр хэлбэл, программыг хийх үе шат болон цаашдын үйл ажиллагаа гэж хоёр салгаж үзэх хэрэгтэй гэсэн үг юм. Программ хийх нь нарийн зураглал, төлөвлөгөөний дагуу хийж, түүнийг сайжруулах, авч явах нарийн төлөвлөгөөг гаргаж ажиллах нь маш чухал байдаг.Ингэж үйл ажиллагааны хувьд хоёр салгаж, программыг зохиох болон цаашид сайжруулах зардлыг сайн тооцож, хийлгэж байгаа болон хийж байгаа талууд харилцан ойлголцох нь маш чухал. Манайханд энэ үйл ажиллагаа дутагдаж, гүйцэд хийгдэхгүй хаягдах, эсвэл засвар үйлчилгээ болон сайжруулалтын төлөвлөгөө байхгүйн улмаас цаашид ашиглагдахгүй болсон эзэнгүй программ маш олон болоод байна.
БОЛОМЖ ЗАЛУУС БИДНИЙ ГАРТ БАЙНА
-Зах зээлийн хуулиар технологийг сайн ашиглаж байгаа компани хөгжиж, муу ашиглаж байгаа нь хоцордог хөгжлийн зуунд бид амьдарч байна шүү дээ.Тэгэхээр улс орныхоо эдийн засгаа бодсон ч компанийнхаа ашгийг бодсон ч мэдээллийн технологи ашиглах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.
Бидэнд дээр хэлсэнчлэн зохиож болохоор маш олон төсөл хүлээгдэж байна. Жишээ нь төрийн байгууллагын үйлчилгээ удаан, хүнд сурталтай гээд шүүмжлээд байдаг. Үүнийг шийдэх бүрэн боломжтой. Төрийн бүх үйлчилгээг нэг процесс болгож задлан программд оруулчихаж болно. Иргэн гомдол гаргах, үйлчилгээ авах хүсэлт, албан бичиг өглөө гэж бодьё. Тэгвэл тэр бичиг хэдэн сарын хэдэнд хэн гэдэг албан хаагчид очсон, одоо ямар шатанд явж байгаа, хэдэн өдрийн дараа аль хэлтэс, тасагт очих гэх мэт үйлчилгээний бүх шатлал нь олон нийтэд нээлттэй, ил харагдаж байхаар зохиож болно. Өөрөөр хэлбэл, хэн дээр ажил гацаж байна, ямар асуудал тулгараад байна гээд бүхнийг харж, хянаж болно гэсэн үг. Энэ программыг хийх бүрэн боломжтой.
Мөн өдөр тутмын ажил, амьдралд хөдөлмөрийг илүү хөнгөвчлөх санаанууд байж болно. Жишээ нь хороолол, албан байгууллага бүрт зөвхөн тухайн хорооллын машиныг автоматаар таниад оруулж, гаргадаг хаалганы системийг суурилуулж болно. Зогсоолын үл ойлголцол шийдэгдэнэ гэсэн үг. Энэ нь мөн хүн орж гардаг хаалганы хувьд ижилхэн. Бид энэхүү системийг “Улаанбаатар төмөр зам” гэх мэт хэд хэдэн албан газар нэвтрүүлээд явж байгаа. Японд түргэн үйлчилгээний цэг гээд 24 цагаар ажилладаг газар олон бий. Тэнд үйлчилгээний хэд хэдэн машин байдаг. Канон, принтер, зураг угаах үйлчилгээг нэгэнд нь багтаасан байхад, нөгөөхөөс нь онгоц, автобусны билетээ захиалаад авчихдаг, сайтуудаас онлайн худалдаа хийчихдэг гэх мэтээр бүхий л хэрэгцээг нэг машинд багтаачихсан. Төлбөр тооцоог нь шууд хийх журмаар хөнгөн шийдчихсэн байна. Манайд ТҮЦ машин энэ жишгээр төрийн үйлчилгээг бага боловч хөнгөвчилж шийдсэн байдаг. Монголчууд дасан зохицохдоо сайн шүү дээ. Автобусны карт нэвтрүүлэхэд багагүй бухимдацгааж байсан. Одоо бүгд хэрэглээд сурчихсан. Одоо тэр картандаа мөнгө байршуулаад, нэг картаараа бусад бүх газарт адилхан үйлчлүүлдэг болчихвол илүү хялбар болох боломжтой.
ОЛОН УЛСЫН ЧИГ ХАНДЛАГА ХИЙМЭЛ ОЮУН УХААНД ЧИГЛЭЖ БАЙНА
-Миний магистр хамгаалсан сэдэв энэ л дээ. Хиймэл оюун ухаан гэдэг нь программ хангамж нь өмнө нь тодорхой процессын дагуу ажилладаг байсан бол одоо өөрөө бодож сэтгэж, өөрчилж, сайжруулж, нэг үгээр хэлбэл ухаалгаар ажилладаг болж байна гэсэн үг.
Хүүхэд амьдралд суралцаж өсдөг шиг суралцаж хөгждөг программ хангамжийг хиймэл оюун ухаан бүхий гэж нэрлээд байгаа юм. Амархан жишээ бол гүүглийн орчуулгын систем байна. Анх гарахдаа маш муу орчуулгатай байсан. Одоо харьцангуй дээшилсэн. Үүний цаана хиймэл оюун ухаан байна гэсэн үг.
Манай компани мөн нийгмийн сүлжээний хяналт, мониторинг болон анализ хийдэг системийг хийж дуусгаад байгаа. Энэхүү систем нь фэйсбүүк дэх монгол хэрэглэгчдийн пост, твиттерийн жиргээ болон сэтгэгдлүүд, мэдээллийн сайтуудын нийтлэлүүд болон сэтгэгдлүүдийг хиймэл оюун ухаан ашиглан цуглуулж, тухайн анализ хийж байгаа сэдвийн дагуу нийгмийн хандлага эерэг болон сөрөг байгаа эсэх, аль мэдээллийн хэрэгслээр түлхүү тараагдаж байгаа, нийгэм хэрхэн хүлээж авч байгаа эсэх гэх мэт олон талаас нь анализ хийдэг программ юм.
Зохиож дуусаад анх ажиллуулахад үр дүн муутай байсан боловч өдөр хоног өнгөрөх тусам өөрийгөө сайжруулж байгаа тул одоо сайн ажилладаг болоод байгаа. Монголд хиймэл оюун ухаан бүхий төстэй программ бичигдсэн эсэхийг сайн мэдэхгүй ч энэ төрлийн анхны төслийг хийлээ гэж бид өөрсдөө дүгнэж байгаа. Цаашид ч хиймэл оюун ухаан түлхүү ашиглах, энэ салбарыг хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа, учир нь боломж нь бидэнд байна.
Б.Солонго
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
1 comment
ГОЁ МЭДЭЭ БАЙНА. АМЖИЛТ ХҮСЬЕ