УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.
-ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ “ОЮУТОЛГОЙ”-Н АСУУДЛААР САНАЛ
НЭГДЭХ НЬ МАШ ЧУХАЛ-
-Оюутолгойн гэрээг өөрчлөгдөх нь гэсэн хүлээлт үүслээ.Сангийн сайд асан С.Баярцогтыг уг асуудлаар саатуулан шалгаж буйтай холбогдуулан олон улсад ч энэ асуудлыг анхааралтай ажиглаж байна. Үнэхээр гэрээг өөрчилж чадах болов уу?
-Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой. Асуудал ч харьцангуй бодьтойгоор яригдаж эхэллээ. Төрийн тэргүүний зүгээс хаврын чуулганы нээлтэн дээр “Монголчууд уул уурхайн салбартаа ихээхэн найдлага тавьж байсан. Гэтэл өнөөдөр үр дүнд хүрсэн зүйлгүй байна. Ийм байдлаар цаашаа явж болохгүй” гэсэн байр суурь илэрхийлсэн байгаа. Гадныханд илт давуу эрх болгосон, Үндсэн хуулинд заасан газар дорх баялаг ард түмний өмч байх агуулгатай зөрчилдөж буй хуулиудаа нэн даруй шинэчил гэж хэллээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн байр суурь ч тодорхой байгаа. Оюутолгой төслийн хэрэгжилтийн үр өгөөжийг нэмэгдүүлье. Зардлаа багасгах чиглэлд ажилла гэж холбогдох улсуудад үүрэг өгчихөөд байна. Тэр ч битгий хэл “Газрын доорх баялгаа газрын дээрх баялаг болгоно” гээд хэлчихсэн байгаа. УИХ-ын даргын зүгээс ч тэр, Оюутолгойн төслийн асуудлыг анхаарч үзэхээ илэрхийлчихлээ. Нэгдүгээрт, Оюутолгой төсөл Монгол Улсад ашигтай эсэхэд үнэлэлт, дүгнэлт өг гэсэн. Хоёрдугаарт, Монголын талд оногдож байгаа үр өгөөгжийг нэмэгдүүл. Гуравдугаарт, Хөрөнгө оруулалт, түүний зарцуулалтад хяналт тавь гээд ажлын хэсэг байгуулчихлаа.
-Төрийн гурван өндөрлөг “Оюутолгой” төслийн асуудлаар байр суурь нь нэгдчихвэл эргээд гэрээг өөрчлөх улс төрийн нөхцөл бүрдэнэ гэж хэлэх гээд байна уу?
-Төрийн гурван өндөрлөг “Оюутолгой”-н асуудлаар санал нэгдэх нь маш чухал. Уг нь бид анхнаасааа л гэрээг өөрчлөх ёстой гэсэн байр суурьтай байсан. Нэг асуудлыг бид өргөн хүрээнд ойлгомоор байгаа юм. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед “Оюутолгой бол бизнесийн төсөл юм. Аж ахуйн учраас төр үүн рүү оролцох ёсгүй” гээд зарлачихсан. Тэгээд “Оюутолгой”-г шүүмжилсэн улс төрчдийг элдвээр хэлж, ад шоо үздэг байлаа. Гэхдээ яг бодит байдал дээр Монгол Улсын хувьд “Оюутолгой” аж ахуйн төсөл биш. Эдийн засаг, нийгэм, улс төрийн хүрээний том асуудал юм. Бүхэл бүтэн стратегийн том орд.
Цаашилбал “Оюутолгой” ганц Монгол Улсын асуудал ч биш. Олон Улсын хамтын ажиллагааны том асуудал юм. Тийм учраас “Оюутолгой” төсөлд Монголын төр бодлоготой хандаж оролцох ёстой. Бип өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах ёстой. Ингээд үзэхээр “Оюутолгой” төслийг төрөөс салгаж үзэх ямар ч боломжгүй. Ингэж оролдсоор ирсэн. Гэхдээ одоо төрийн өндөрлөгүүдийн байр суурь тодорхой болчихлоо. Ард иргэдийн байр суурь тэртэй тэргүй өөрчлөх асуудал дээр нэгдмэл байгаа. Монгол Улсын өч төчнөөн хуулийг зөрчиж байгуулагдсан. Цаашлаад гэрээгээр өгөөгүй өргөн эрхийг эдэлж байна. Тэгэхээр гэрээг зайлшгүй өөрчлөх ёстой юм.
-Биднийг гэрээгээ өөрчилье гэхээр Оюутолгойг зогсоож байгаад Арбитраар шийдүүлье гэсэн саналыг хөрөнгө оруулагчид хүчээр тулгаж, буулт хийлгэдэг хуучин технологи бий. Тэгэхээр ажил хэрэг болох нь өөрөө асар эргэлзээтэй?
-Хөрөнгө оруулагчид Монголын маш том стратегийн орд, түүний дээрх бүтээн байгуулалтыг барьцаалаад, гадны 14 банкнаас их хэмжээний зээл авчихсан. Бидний баялгийг барьцаалсан мөртлөө эргүүлээд бидэнд маш өндөр хүүтэйгээр зээлсэн. Нэмэгдсэн хүүтэйгээр шүү. Тиймээс л гэрээг өөрчлөх ёстой юм. Одоо бид үнэнд гүйцэгдлээ шүү. Шаардлага гарвал бид Засгийн газар тодорхой хэмжээний эрсдлийг үүрэх хэрэгтэй. Бусдын сүрдүүлгээс айгаад, улс орныхоо баялгийг үнэгүйдүүлж, гадныханд зүгээр тавьж өгч болохгүй. Олон Улсын эрх зүйн зохицуулалтын хүрээнд өөрийнхөө эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллах ёстой. Ер нь Рио-Тинто Монголын засгийн газрыг айлгасаар ирсэн. Тэгээд нэг цаасан бар бариад айлгадгаа болих хэрэгтэй.
-Та парламентад олон удаа сонгогдсон хүн. Яг “Оюутолгой”-н гэрээ зурагдах үед үнэхээр Засгийн газрын нэр бүхий сайд нар, цаашлаад тухайн үеийн УИХ-ын гишүүд лоббинд өртсөн байх үндэслэлтэй юу?
-Би далдыг харах биш. Үүнийг мэдэхгүй. Хууль хяналтын байгууллагууд шалгаж тогтоох учиртай. Ер нь бид “Оюутолгой”, “Эрдэнэт”-ийн асуудлыг ярихпдаа ард түмэнд ирэх үр ашгийг нь сайн хармаар байгаа юм. Би ч энэ чиглэлд л анхаардаг.
-НАДАД С.БАЯРЫН БАРИВЧИЛГААТАЙ ХОЛБООТОЙ НАМ ДОТОРХ
ЯРИА СОНСОГДООГҮЙ-
-Танаас асуухгүй өнгөрч болохгүй байна. Олон жил намдаа хүчтэй лидер байсан С.Баярыг АТГ-аас саатуулан шалгаж байна. Огт хууль үйлчилдэггүй мэт явсан хүмүүсээ хорьлоо. Нам дотор энэ асуудал хэрхэн яригдаж байгаа юм?
-Надад С.Баярын баривчилгаатай холбоотой нам доторх яриа сонсогдоогүй. Намын удирдах шатанд яригдсан гэж би хувьдоо дуулаагүй байна. Хууль, хяналтын байгууллага эрхийнхээ хүрээнд ажлаа хийж байна л харж байгаа. Хуулиар үнэн мөн нь тогтоогдохыг хүлээхээс өөр аргагүй л гэж бодож байна. Хүн бүр энэ асуудлыг өөр өөрийнхөөрөө дүгнэж байгаа.
-Танай нам засгийн эрхийг аваад хоёр жил гаруй болчихлоо. Эхний нэг жил өмнөх засаг муу ажиллаж байлаа гэж шүүмжлээд, түүгээрээ хүч хийгээд явчихсан. Одоо хоёр жил гаруй болчихоор яг бодит ажил төрөл хийхийг нь олон нийт хүлээж эхэллээ. Та энэ байдлыг хэрхэн харж байна?
-Ер нь сонгуулийн бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаа тань дотроо хоёр үечлэлтэй. Үндсэндээ эхний хоёр жил цэвэр сонгуулийн жил байдаг. УИХ, орон нутгийн сонгуулиуд ээлж дараалан зохион байгуулагддаг. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгууль болдог. Сонгуультай жилүүдийн төрийн ажил байдал ямар байдгийг бид хэлүүлэлтгүй сайн мэднэ. Үүнийг тайлбарлаж хэлээд яахав. Дээрээс нь Монголчууд улс төрийн сонгуульд дэндүү ач холбогдол өгдөг. Ажлаа орхих нь бараг л юу ч биш. Айл гэр дотроо хуваагдаад үзчихдэг.
Яг ийм байдлаар эхний хоёр жил өнгөрчихдөг. Харин үлдсэн хоёр жил нь бодьтой ажилж хийж, дүнгээ тавиулах л хугацаа. Энэ бодьтой ажил хийх хугацаа эхэлчихлээ. Ард түмний хүлээлтэд нийцсэн ажлуудыг хийж, өөрсдийн тодорхойлсон бодлогоо хэрэгжүүлэх шаардлага үүсчихлээ. Төрийн байгууллагаад бүх шатандаа л сайн ажиллах хэрэгтэй байна. Хангалтгүй байгаа бол муу дүнгээ л авна. Одоо ямар нэгэн улс төр ярих шаардлагагүй. Сонгууль байхгүй юм чинь.
-Хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ гэсэн хүлээлт байна. Ер нь нэг нам олонхи болсон ийм үед Үндсэн хуулийг өөрчлөх нь хэр зохистой вэ. Нөгөө талаас Үндсэн хуулийг яг ийм улс төрийн нөхцөл байдалтай үед хэлэлцэх нь зөв үү?
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг тодорхой байдлаар зөвшилцөл бий болгож, ойлголцож байж өөрчлөх учиртай. Олон нийтийн санаа бодлыг маш сайн ёстой. Тийм учраас Үндсэн хуулийг хэлэлцээд, баталчих цаг хугацаа хараахан бүрдээгүй байна гэж байна.
-Энэ парламентын үед үү?
-Тийм ээ. УИХ дээр ажлын хэсэг ажиллаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг боловсруулж буй боловч төрийн тэргүүн эрс өөр суурьтай байна. Бусад улс төрийн намуудын байр суурь өөр байгаа нь харагдлаа. Ийм байхад аль нэг талаас хүч түрж, Үндсэн хуулиа өөрчилж болохгүй. Гол нь, Үндсэн хуулийг өөөрчлөх асуудлаар нийгмийн хэмжээнд нэгдсэн зөвшилцөл, ойлголцолд хүрээгүй байна.
-“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРТЭЙ ХОЛБООТОЙ ЯМАР НЭГЭН ТӨЛБӨРИЙГ
УЛСЫН ТӨСВӨӨС ТӨЛЖ БОЛОХГҮЙ-
-“Эрдэнэт” үйлдвэрийг гадны банкинд барьцаалж, зээл авснаас үүдэж, хүүгийн өдөр төлбөр ихэссээр байна. Энэ асуудал гаднах орчин дахь Монгол Улсын нэр хүндэд ч сөргөөр нөлөөлөх боллоо. УИХ, Засгийн хүрээнд энэ асуудлыг хурдан хугацаанд шийдэх ёстой биш үү?
-“Эрдэнэт”-ийн асуудлаар миний байр суурь маш тодорхой байгаа. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой ямар нэгэн төлбөрийг улсын төсвөөс төлж болохгүй. “Эрдэнэт” үйлдвэрээс ч тэр. Энэ чинь эргээд татвар төлөгчдийн мөнгө. Үнэхээр төлбөр, ялбарт уначих хэмжээнд бид хүрээгүй. Хуулийнхаа дагуу сайн ажиллах учиртай. Ажиллаж байгаа хүмүүс нь Монгол Улсынхаа эдийн засгийг, дархлааг хамгаалж үлдэх ёстой юм.
Арбитрийн шүүхийн шийдвэрийг хүлээн авч болохгүй байхыг зохицуулсан олон улсын конвенц байгаа. Уг конвенцид манай улс элсээд орчихсон. Энэ дагуу ажиллах юм бол олон улсын дэмжлэг хүлээж авах бүрэн боломжтой. Энэ чиглэлд нь Засгийн газар анхаарлаа хандуулах ёстой гэж харж байгаа.Түүнээс биш яаран, дааран, “Эрдэнэт” үйлдвэрийн зээлийн өрийг барагдуулах нь өрөөсгөл ойлголт болно. Тэр төлбөр нь ихсээд байгаа бол улс орныг ийм эрсдэлд унагасан субьектүүд нь хариуцах ёстой.
-Арбитрын шүүх дээр ялагдсан шалтгаанд холбогдох материалуудыг гаргаж өгөөгүй гэх асуудал нэрлэгдэж байгаа. Тухайн үеийн удирдлагын барьж байсан бодлого, Засгийн газорын зүгээс өгсөн чиглэлүүд эргээд сөхөгдөнө гэж харагдаж байгаа?
-Энэ асуудлыг зайлшгүй сөхөж харах учиртай. Яагаад холбогдох материалуудыг гаргаад өгчихөж болоогүй юм. Үүнээс үүдэж Монгол Улсын нэр хүнд унагаж, эдийн засгийн хувьд томоохон эрсдэл үүрэхээр бол холбогдох хүмүүс нь хариуцлагаа хүлээх ёстой юм. Энд яг адилхан хоёр жишээ нэрлэгдэж байгаа. Эхнийх нь, “Улаанбаатар төмөр зам”, дараачийнх нь “Эрдэнэт” үйлдвэр. “Улаанбаатар төмөр зам” болохоор хуулийн дагуу ажиллаад, баталгаа нотолгоогоо гаргаад бүх юм нь хуурамч хэрнээ хариуцлага хүлээхгүй мултраад гараад ирж чадсан байна. “Эрдэнэт” үйлдвэр дээр болохоор материалаа өгөөгүй. Хамтарч ажиллахгүй, хуулийн дагуу олгогдсон эрхээ эдлэхгүй, давж заалдахгүй дарсаар байгаад “Эрдэнэт”-ийг өрөнд унагачихсан байна.