Манай сайт 2017 оны дөрөвдүгээр сард “Гүүд Нейборс Интернэшнл” нэртэй Олон улсын байгууллага мянга мянган хүүхдийн хувийн мэдээллийг бүртгэн нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдийн гэр бүлийн таагүй орчин, амьдрал ахуйн хүнд байдлыг далимдуулан ашиг олж байгаа тухай “МҮҮН”-ээс дутахгүй чимээгүй аюул нэртэй цуврал нийтлэл бэлтгэн олон нийтэд хүргэсэн.
Нийтлэлд олон улсын гэх энэ байгууллага 2010 оноос эхлэн “Хүүхэд ивээн тэтгэх” хөтөлбөр гэсэн нэртэй арга хэмжээ бүхий төсөл хэрэгжүүлж, олон мянган хүүхдийг хамруулж, тэдний ар гэрийн байдлыг судлан гаднаас санхүүжилт татаж, гэр хорооллын эмзэг бүлгийн хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулдаг. Одоогоор энэ хөтөлбөрт 7800 гаруй хүүхэд хамрагдсан байгаа.
Тус байгууллага Монгол Улсын нэг хүүхдээр дамжуулан тэдний ар гэрийн нөхцөл байдал, амьжиргааны түвшин, эцэг эхийн мэдээллийг авч гадаад улсад гаргаж байгаа нь Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байна гэсэн сэрэмжлүүлэг мэдээлэл багтсан болно.
Гэвч уг нийтлэлийн дагуу тус байгууллага 2017 оны 11 сард Сүхбаатар дүүргийн Иргэний шүүхэд гомдол гаргаж нийтлэлийг Монгол Улсын Иргэний хуулийн 27.6 болон 21.2, 511.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн юм. Нийтлэлд дурдагдсан баримтууд Гүүд Нейборс Монгол Төлөөлөгчийн газрын материал дээр үндэслэгдсэн бөгөөд шүүхийн байгууллага тухайн байгууллагын гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзсэн болно.
Нийтлэл Монголын мянга мянган ээж аавуудад хүрч, тэд хүүхдээ хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудлыг өнөөдөр сөхөн хөндөж байгаа. Манай сайт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхээс 2018 оны 01 сарын 30 өдөр гарсан Дугаар 181/ШШ2018/00270 тоот шийдвэрийг хүндэтгэн үзэж хүлцэл өчье.