Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АТГ шалгаж байна, Монгол Улсын Сайд асан, Монгол Улсаас Шведийн Вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Энхсайханд АТГ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна, долоо хоногийн дотор Монголдоо ирэхийг шаарджээ гэх мэт мэдээллүүд ойрын өдрүүдэд гарав. Тэгвэл тэднийг нэг хэрэгт хамтад нь шалгаж буй тухай эх сурвалж өгүүлж байна. АТГ-ын албан ёсны мэдээлэлд энэ тухай: “Монгол Улсын Засгийн газрын 2009 онд “Оюу толгой” ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй асуудлаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ.
“Оюу толгой” ХХК нь Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу цахилгаан станц барьж ашиглалтад оруулах, Монгол Улсаас цахилгаан эрчим хүч авах үүргээ биелүүлээгүй бөгөөд одоог хүртэл БНХАУ-аас цахилгаан эрчим хүч импортоор авч хэрэглэж байна. Иймээс Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дахь заалтыг түдгэлзүүлсэн холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад Авлигатай тэмцэх газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.” хэмээн өгүүлжээ.
Энэ тухай дэлгэрүүлэн судлахад Монгол Улсын Засгийн газар болон Оюутолгой компанийн 2009 онд байгуулсан ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНИЙ 7.3-т :
“Хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлэсэн өдрөөс хойш дөрвөш жилийн дотор Оюутолгойн төслийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол улсын нутаг дэвсгэр дэх дор дурдсан буюу түүнээс дээш эх үүсвэрээр сонгоно хангана. Нэгт, Хөрөнгө оруулагчийн санхүүжүүлсэн эсхүл барьсан нүүрсээр ажиллах цахилгаан станц. Хоёрт, Гуравдагч этгээдийн санхүүжүүлсэн эсхүл барьсан нүүрсээр ажилладаг цахилгаан станц. Гуравт, Монгол Улсын Цахилгаан Эрчим хүчний Сүлжээ” хэмээн заасан байдаг аж. Харин Монгол Улсын Засгийн газар болон Оюутолгой компанийн хооронд 2014 онд байгуулагдсан ӨМНӨД БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ-нд зааснаар:
“Оюутолгой ХХК Тавантолгойн цахилгаан станцын төсөлд оролцон, харилцан өгөлцөж байгаа нөхцөлд уг үүргийг заавал биелүүлэх шаардлагагүй гэдгийг Засгийн газар зөвшөөрч байна. Ийнхүү түдгэлзүүлсэн үед Оюутолгойн хариуцлагатай компанийн хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дахь заалтыг ямар нэг байдлаар зөрчсөн эсвэл дагаж мөрдөөгүй гэж Засгийн газар үзэхгүй болно” гэсэн тул ОюуТолгой заавал Монголоос эрчим хүч авахгүй болж таарчээ.
Уг гэрээг батлуулах үед Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нар холбогдох хариуцлагатай албан тушаалыг хашиж байсан аж.
Хуулийн дагуу ОюуТолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахаар бол УИХ-аар хэлэлцэх ёстой байсан ч Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах болон Дубайн гэрээг УИХ-аар оруулаагүй билээ.Өнөөдрийн байдлаар Оюу толгой жилдээ 160 сая орчим ам.долларын эрчим хүчийг БНХАУ-аас импортолдог. Цаашид энэ тоо өснө. Хэрэв цахилгаан станцын асуудал шийдэгдвэл жил бүр 200 орчим сая ам.доллар дотооддоо үлдэх боломжтой юм.
Ийнхүү Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга, Монгол Улсын Сайд, Монгол Улсын Ерөнхий Сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг, Тавантолгой цахилгаан станц төслийн захирал, Монгол Улсын мега төсөл хариуцсан сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан нар Монгол Улсын хуулийг зөрчин, ОюуТолгойн хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг түтгэлзүүлсэн, нэмэлт гэрээ байгуулж, Монгол Улсыг хохироосон хэргээр шалгагдаж эхэллээ.
Эх сурвалж: Sonin.mn
1 comment
ene ooriin tolgoigui saihanbilegiig odoo shalgah bolson hujaa bayrtogiin dalgavraar ih yum hiisen hundee er n harhad Mulguuduu nohor hujaa bayrtogtod sain ashiluulsan tsaadh n neg l odor araas n huga shana ene bol gartsaagui