АТГ-ын дарга Х.Энхжаргалаа, “60 тэрбум”-ынхныг хэзээ баривчлах вэ?

  2014 онд тухайн үед Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар, иргэн н.Доржзодов нар төрийн албан тушаалыг үнэлж зарах, 60 тэрбум төгрөгийн схем гэгчийг боловсруулсан нь ил болж, фото зураг, аудио бичлэг бүхий баримтаар нотлогдсон билээ. Уг төлөвлөгөө яг амьдрал дээр хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй ч зөвхөн ийм төлөвлөгөө боловсруулсан нь л Ц.Сандуй тэргүүтэнд хуулийн хариуцлага тооцох хангалттай үндэслэл болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ч гэрч, оролцогч нь тодорхой, баримттай уг хэргийг нэн даруй шийдэхийг АТГ-ын удирдлагуудад сануулж байсан юм. Харамсалтай нь уг хэрэг өдийг хүртэл шийдэгдээгүй явж ирлээ. МАН-ын удирдлагууд ч “60 тэрбум”-ын бичлэг гэгчийг эвлүүлэг биш гэдгийг нэгэнт хүлээн зөвшөөрсөн. Тодруулбал Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдорж: “60 тэрбумын асуудал УИХ-ын сонгуулийн үеэр сөхөгдсөн. Манайхан тэр үед гурав хоног комд орсон. Хэн ч юу ч ярьж чадаагүй.

Би М.Энхболдод “Ц.Сандуйгаа явуул” гэж хэлсэн. Ийм алхам хийхгүй бол огт болохгүй гэж. Ингээд яриад сууж байтал Ц.Сандуй орж ирсэн. Тэр үед “чи одоо яв” гэж Ц.Сандуйд нүүрэн дээр нь шууд хэлсэн. Гэтэл ялуулсан ч үгүй, явсан ч үгүй. Сонгуульд олон суудал аваад, Ц.Сандуйг дарга болгочихлоо. Дахиад сая Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр асуудал сэдэрлээ. Ард түмэн дургүйцэхэд ихээхэн хэмжээний нөлөө үзүүлсэн гэж хүн болгон ярьж байгаа шүү дээ. Би дахиад Ц.Сандуйг өргөдөл өг гэж Удирдах зөвлөлийн хурал дээр хэлсэн. Эвлүүлэг гэцгээж байна лээ. Наадах чинь эвлүүлэг биш. Би шулуухан байя. А.Ганбаатар ярьж, Ц.Сандуй дэмжсэн. Үүний дараа М.Энхболд дарга дээр орж, танилцуулсан. Гурван хүний асуудал байгаа.

Энэ бол эвлүүлэг биш. Эвлүүлэг гэдэг чинь Ц.Нямдоржийн хоолойг Чапи дуурайхыг хэлдэг. Тэрнээс М.Энхболд, Ц.Сандуй хоёр ярьчихсан юмыг яаж эвлүүлэг гэх вэ. Одоо болно. Тэр ярьсан мөнгөө авсан эсэхийг би мэдэхгүй. Ингэж ярьсныхаа төлөө зайлах ёстой шүү дээ. Улс төрийн наад захын асуудал. Би тэр бичлэгийг саяхан сонссон. Бүр дотор муухайрмаар зүйл ярьсан байх юм. Тэр А.Ганбаатар нь галзуу ч юм уу, согтуу ч юм уу. Ямар янзын этгээд вэ. Ийм хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй” хэмээсэн бол МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан:

” Би энэ 60 тэрбумын бичлэгийг саяхныг хүртэл эвлүүлэг гэж бодож ирсэн. 2016 оны сонгуулийн үеэр энэ бичлэг гарч ирж цацагдах үеэр энд холбогдсон этгээдүүд эвлүүлэг гэдгийг албан ёсоор хэлж байсан. Мөн Сүхбаатар дүүргийн цагдаагаас энэ бичлэгийг эвлүүлэг байна гэсэн албан тоотыг манай намд ирүүлсэн байдаг. Эдгээрийг үндэслэн 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг юм гэсэн итгэл үнэмшилтэй явсан. Харамсалтай нь, саяхан болсон намын удирдах зөвлөлийн хурал дээр энэ бичлэгт холбогдсон Ц.Сандуй энэ бичлэг бодит болсон гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн учраас эвлүүлэг биш байсан юм байна гэдгийг мэдсэн. Би энэ асуудлаар эвлүүлэг биш гэж олон нийтэд хандаж хэд хэдэн удаа мэдэгдэл хийж байсандаа харамсаж байна. Би өнөөдрийг хүртэл буруу зүйлд итгэж явсан байна. Тэр 60 тэрбумын бичлэгт намайг байсан мэтээр өчигдөр хэвлэлийн хурал хийсний дагуу өнөөдөр АТГ-т мэдүүлэг өгөхөөр ирлээ. АТГ хурдтай ажиллаж байна. Сайн байна.

Энэ хурдаараа ажиллаад, энэ хэргийг нэг талдаа гаргах ёстой, намын нэр хүндийг сэргээгээсэй гэж бодож байгаа” гэсэн билээ. Сүүлийн өдрүүдэд АТГ Оюу толгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэргээр Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт тэргүүтэй улс төрчдийг баривчилж, яллагдагчаар татаад байна. Энэ нь сайшаалтай ч жил дамнан шалгаж буй төрийн албыг 60 тэрбумаар үнэлж, зарах төлөвлөгөө зохиосон гэх этгээдүүдийн хэргийг шалгах үйл явц ямар нэгэн тодорхой ахиц гарахгүй өдий хүрч байгаа нь хачирхалтай юм. АТГ-ын дарга Х.Энхжаргалаа, “60 тэрбум”-ынхныг хэзээ баривчлах вэ?

н.Цэндсүрэн

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн