Дөрөв нь дээшээ харсан энэ ширээний учрыг олъё

Улаанбаатар хотын музей гэж нэг навтгар байшин Бөхийн өргөөний зүүн хойхно байдаг. Түүний урд орой дээрх хөлийг нь тэнгэр харуулаад тавьчихсан хэрзгэр том хүрэн ширээг харахад тун эвгүй сэтгэгдэл төрдөг. Уг байшинг хаант Оросын иргэн, шаггүй эрдэмтэй Цогт Гармаевич Бадамжав гэгч буриад 1904 онд цагаачилж ирээд, бариулсан сууц нь юм.

Дөрөв нь дээшээ харж, дөрвөлжин нь доошоо харсан тэр өлзий бусын ширээг юу ёрлож, хэзээ тавьсныг нь баримт мөшгөвөөс ийм учиртай юм гэнэ. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн агсан Т.Рагчаа “Өдрийн сонин”-нд өгсөн ярилцлагадаа “Цогт Бадамжав хоёрдугаар Николайг хаан ширээнээсээ хальж, төр нь мөхөх дор бэлэвсрэлийн гашуудал болгож ёслон, ширээ гэдрэг харуулан тавьж эмгэнэсэн юм”гэжээ. Гэтэл нийслэлийн түүхчид цахим сүлжээндээ “Оросын хаан ширээ унахыг ёрлож дөрвөн хөл нь дээшээ харсан ширээ тавьсан” хэмээн мэдээлсэн байна. Энэ хоёр мэдээлэл зөрүүтэй ч аль аль нь хэний ч сэтгэлд сэвтэй, муу муухайг далласан аж.

Биднийг бага ахуйд зарим муу сайн сагсуу жолоочийг томчуул “дөрвөн дугуй нь дээшээ, дөрвөлжин тэвш нь доошоо хармар!” гэж зүхдэг байсан. Хуучин нийгмийн үед зарим нэг хүний арьс нөмөрсөн чоно шиг ноёд, түшмэдийг албанаасаа салаад аль муугаа үзэж, ядарсан бидний ясыг амраагаасай гэхдээ “Дөрвөн хөл нь дээшээ, дөрвөлжин тавцан нь доошоо хараг” гэдэг байснаас улбаатай юм гэдэг байсан. Сайн ноён хан Т.Намнансүрэнд хийсэн хараалын зүйлийг богдын лам доль хэмээх Дэмбэрэл илрүүлэхэд голомтных нь доор сайн ноён ханы толгойг уруу нь харуулсан дүрсийг өлзий бусын юмтай цуг буулчихсан байсан баримт сэлтээс үзэхэд энэ лав олигтой юм биш дэг. Тэгээд ч энэ ширээ Монголын төрд шүглэсэн хараал болсоор лав зуун оны нүүр үзэж байна.

Энэ ширээ бол үе үеийн хотын даргын хайрлан хямгадаж байсанчлан түүхийн нандин үнэт зүйл биш, оросын цагаан хааны үхэл, мөхлөөр халхавчилж, манай төр улсыг түйвээн, дээдсийг нь суудалгүй, доодсыг нь гүйдэлгүй болгоод эрхшээж байх гэсэн хараалын шинжтэй эд. Тэгээд ч хойноос ирсэн “эрхмүүд” “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэсэн үг гаргаж, цуу тараалгасан байж ч мэднэ.
Тэр ширээг ийнхүү тавьснаас хойш Монгол Улсын анхны ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгээс авахуулаад төрд багана, түмэнд түшиг болох оюунлаг, хүчирхэг болгон нь сорчлон хар, шаргүй цувран хүйс тэмтрүүлээд, бүтээсэн бүхэн нь үнсэн тогврог болж төр улс маань самуурч байсныг бид мартах ёсгүй. Наймдугаар богдын лүндэгнэснээр ёстой л “цусан дундуур туучсан”, голомт гол хоёроо ч харлуулсан. Одоо ч уршгийг нь эдэлж явна.

1990 оны ардчилсан хувьсгапаас өнөөг хүртэл төрийн залгамж чанарыг алдраах ямар булай явдал болж өнгөрснийг төрийн зүтгэлтэн Г.Занданшатарын халаглан “Сүүлийн 25 жилийн дотор Монгол Улсын Засгийн газар 17 удаа огцорсноос үзэхэд нэг нь дунджаар 1.7 жил ажилласан байна” гэж хэлсэн гашуун үнэнийг сэтгэл түгшин бичсэн байна. Ноднингийнхыг оруулбал 18 дахь нь болно. Энэ ширээг босгоод тавьчихвал Орос манай хоёр амаржин, цэнгэлийн манлайд хүрч болох юм. Энэ талаар миний бие төрийн түшээдэд ч хэлсэн, бичсэн, мэргэн зөвлөхөөр нь ч хэл хүргүүлсэн. Тэр зүгээс чимээ анир алга. Явдал мөрөө самууруулахгүйн тулд танагтай дээрээ түүний учрыг олох хэрэгтэй. Ниргэсэн хойно хашхираад ч яах юм билээ.

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

4 thoughts on “Дөрөв нь дээшээ харсан энэ ширээний учрыг олъё

  1. Нэргүй 2018-04-10 10:04 at 10:04

    Занданшатраыг ямар зүтгэлтэг гэх вэ?

    Хариулах
  2. гаасүрэн 2018-04-10 10:23 at 10:23

    ул мөрийг нь сайн олж байж гэдрэг түрүүлэг нь харуулахгүй бол улаан цэнхэр хувьсгаалчдын түүхээ бусьнуулдаг /бушнуулдаг/ шиг зүйл болохвий.

    Хариулах
  3. Нэргүй 2018-04-10 10:30 at 10:30

    ӨӨРӨӨ БОСРОЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА БОЛ 2 ЗАЛУУ ДАГУУЛЖ ОЧООД ЭРГҮҮЛЧРЭЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ

    Хариулах
  4. Нэргүй 2018-04-10 12:32 at 12:32

    БУУЛГААД ХАЯЧИХААЧ ЭЭ.

    Хариулах

гаасүрэн-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн