АНУ болон БНАСАУ-ын төлөөлөгчид хоёр улсын удирдагчдын хийхээр төлөвлөж буй уулзалтын талаар нууц зөвлөлдөөн хийж, уг уулзалтыг Пхеньянд эсвэл Монголын нийслэлд хийх боломжийг хэлэлцэж байна. Энэ тухай телевизийн “CNN” суваг мэдээллээ.
Тус сувгийн эх сурвалжуудын мэдээлснээр бол, энэхүү үйл явцад Америкийн талаас Тагнуулын төв газар /ТТГ/ гол үүргийг гүйцэтгэж байгаа ажээ. АНУ болон БНАСАУ-ын тагнуулын албадын ажилтнууд хэд хэдэн удаа холбоо тогтоож, аль нэгэн гуравдагч улсад уулзсан байна.
Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалт хаана, хэзээ болох нь одоогоор шийдэгдээгүй байгаа аж. Умард Солонгосын тал Пхеньянд уулзалтыг зохион байгуулахыг эрмэлзэж байгаа бол үүнийг Цагаан ордон зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй байна. Уулзалт болох бусад боломжит хувилбарын дотор Монголын нийслэл Улаанбаатар оржээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, дээд хэмжээний уулзалт 5 дугаар сарын сүүлчээр эсвэл 6 дугаар сард болж магадгүй. Уулзалт болох газрыг товлосны дараа хоёр орны тагнуулын байгууллагуудын удирдагчид дахин уулзаж магадгүй байна.
Харин Умард Солонгосын талтай нууц зөвлөлдөөн хийсэн талаарх мэдээлэлд тайлбар өгөхөөс ТТГ татгалзлаа.
Э.Аянзаяа
Эх сурвалж: montsame.mn