Мексиктэй залгаа хилийн дагуу хана баригдаж дуусах хүртэл хилийг цэргүүдээр хамгаалуулахаар төлөвлөж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Тэрбээр АНУ руу цувж буй Төв Америкийн цагаачдын талаар яриад “АНУ-ын хууль сул байна. Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих ажлыг Ардчилсан намынхан удаашруулж байна. Тэд хана барихад зарцуулах төсвийг батлахад саад болж байна.
Тиймээс АНУ-ыг ханатай болох хүртэл хилийг цэргүүдээр хамгаалуулах болно” гэжээ. Хэр олон цэргээр хилийг хамгаалуулах, тэднийг хэзээ байрлуулахаа тэрбээр тодорхой дурдаагүй боловч “Би энэ асуудлаар Батлан хамгаалахын сайд Жеймс Маттистай хэдийн ярилцчихсан” гэсэн байна.
“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, Д.Трамп мягмар гарагт Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдэгдэл хийх үеэрээ энэ тухай хэлсэн байна. Мексиктэй залгах хил орчмын нутаг дэвсгэрт хана барих зардлыг АНУ-ын конгрессын гишүүд 1.6 тэрбум ам.доллараар баталсан байна.
Үүнийг АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны Төсвийн хуваарилалтын дэд хорооны дарга Жон Картер “америкчуудын аюулгүй байдалд зориулж, эх орноо хамгаалахын тулд хийсэн алхам” хэмээн хэлжээ. Сонгуулиар хана барина хэмээн амласан Ерөнхийлөгч Д.Трамп харин твиттер хуудастаа “Ханын бүтээн байгуулалтыг эхлүүлэх нь маш том ялалт. Энэ бол хилийн аюулгүй байдлын хангах асуудал. Одоо бүх танхим, сенатын гишүүд яаралтай ажилдаа орох хэрэгтэй” хэмээн жиргэжээ.