Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр 09.00 цагт УИХ-ын гишүүн, сайд асан С.Баярцогт, Тагнуулын болон Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нарыг цагдан хорих, эсэхийг хэлэлцлээ.
Нийслэлийн Прокурорын газраас дээрх хүмүүсийг Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан байж болзошгүй, Оюутолгойгоос авах татварыг хөнгөлсөн гэх зэрэг үндэслэлээр буруутган яллагдагчаар татах болсон бөгөөд үүнтэй холбогдуулан цагдан хорих тухай санал ирүүлснийг тус шүүх хүлээн авчээ. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн дээрх гурван хүнийг нэг сарын хугацаагаар цагдан хорих захирамж гаргав.
Харин С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон “Үргэлжлүүлэн хорихоор болсонд харамсаж байна. С.Баярцогт АНУ-д сурч байхдаа хууль сахиулах байгууллагынхнаас зугталгүй ирж, асуудлаа шалгуулъя гэсэн. Мөрдөн байцаалтаас зугтаагүй байхад ийнхүү хорих болсон нь харамсалтай” гэсэн юм. Шүүх үндэслэл болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтад “гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа бол цагдан хорих шийдвэр гаргана” гэж заасан байгаа юм.
Энэ өдрийн үдээс хойш 15.00 цагт “Стандарт” банкнаас “Жаст групп” ХХК-ийн авсан зээлд “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасан асуудалтай холбогдуулан саатуулсан дээрх үйлдвэрийн Худалдааны хэлтсийн дарга асан Г.Амарбат, Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад Орхон аймгийн Засаг дарга байсан Г.Оюунбатад гар хүрсэн дуулианд холбогдон ажлаа өгсөн Б.Мөнхжаргал нарыг үргэлжлүүлэн хорих, эсэхийг хэлэлцэж мөн л нэг сар цагдан хорих захирамж гаргажээ.