С.Баярцогтыг 30 хоног цагдан хорино

2018-04-03 11:11
Tsogt

Өнгөрсөн ням гаригийн орой ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогтыг 30 хоног цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахаар дөнгөж сая шүүхээс шийдвэрлэлээ. Одоо үргэлжлүүлэн Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Ариунсанг үргэлжлүүлэн хорих эсэхийг хэлэлцэх гэж байна.

С.Баярцогтын хамт  Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг АТГ-аас өнгөрсөн ням гаригийн орой баривчилсан. Тэднийг “Оюутолгой”-н төсөлтэй холбогдуулж “Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт буруутган ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид  саатуулаад байгаа юм.

Тэднийг сэжигтнээр шалгаж байх хугацаанд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэсээс С.Баярцогт нарыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсний дагуу шүүхээс өнөөдөр хэлэлцэн шийдвэр гаргаж байна. .