Монголын үндэсний бөхийн холбооны дээд хурал болох “Их эе”-ийн хурал өнгөрөгч амралтын өдөр боллоо. Ямар нэгэн хэрүүл маргаан, талцал будилаангүй болж өнгөрлөө. Юуны учир ингэж тодотгов гэхээр бөхийн холбоо руу хэсэг бүлэг хүмүүс хэзээнээсээ дайрч давшилж, Бөхийн өргөөний үүд хаалгыг эвдэлж, цагдаа сэргийлэх, шүүх гээд нийгэмд дуулиан шуугиан тарьдаг. Саяны “Их эе”-ийн өмнөхөн ч шүүхийн шийдвэрийнхэн болоод тус холбооныхны дунд үл ойлголцол үүсч хэрдээ л бужигнаан болсон. Тэгвэл энэ удаагийн хурлаар олон жилийн маргаан, үл ойлголцлыг маш ухаалгаар шийдэв бололтой. Үндэсний бөхийн холбооны дүрмэнд өөрчлөлт оруулаад тэргүүн, дэд тэргүүн нь орон тооны бус хүн байхаар зохицуулалт хийсэн байна. Төрийн болоод төрийн бус байгууллагын сонгуульт ажилтай, дарга, сайд хэн ч болов Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр ажиллаж болохоор тийм л зохицуулалтыг хийж өгчээ. Ингээд тус холбоог Монгол Улсын Их хурлын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ удирдахаар болов.
Олон жилийн ужгирсан хэрүүл тэмцэл, талцал хуваагдал одоо л нэг арилж, тэр бүхэнд эцсийн цэг тавигдаж байна уу даа гэх бодол төрсөн. Учир нь дархан аварга Б.Бат-Эрдэнийг үл хүндэтгэх, үл тоох, дорд үзэх асуудал монгол бөхөд бүү хэл Монголын ард түмэнд байхгүй байлгүй. Тэр бол ард түмний машид их хүндэтгэлийг хүлээсэн хүн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж нийт сонгогчдын 41.97 хувийн санал авч байсан.
Ард түмний энэ их итгэлийг хүлээсэн тэрээр Хан Хэнтий нутгаасаа Монголын парламентад дөрвөн удаа сонгогдсон. Монгол Улсын Засгийн газрын гишүүн Батлан хамгаалах яамны сайд, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга гээд төрийн өндөр алба хашиж байсан. Улстөрчийн хувьд ийм замнал түүхтэй. Харин бөхийн хувьд бол яалт ч үгүй цагийг эзэлсэн их хүчтэн. Монгол төрийн наадамд 12 удаа түрүүлсэн. Цагаан сарын баярт 13 удаа түрүүлсэн. Монголын төрт ёсны их баярт түрүүлсэн түүний үндэсний бөхийн амжилтыг давтана гэдэг хэцүү.
Ийм л дахин давтагдашгүй амжилтыг монгол бөхөд бий болгосон хүчит их аваргыг хэн яаж ч эсэргүүцэх билээ. Тэгэхээр баруун зүүн, халх дөрвөдөөрөө талцдаг яриа хөөрөө энэ цаг мөчөөс бүрмөсөн зогсох байх. Хэрүүл тэмцэл, талцал хуваагдалд эцсийн цэг тавигдлаа гэдэг нь ийм учиртай. Үнэхээр монгол бөх ёс жудаг, ах зах, цол эрэмбээ дагадаг нь үнэн юм бол энэ хүний үгийг сөрөх, элдэв муу муухайгаар хэлэх, дайрч давшлах хүн гарахгүй байлгүй. Энэ удаагийн “Их эе”-ийн хуралд Увс нутгийн бөхчүүд болох дархан аварга Х.Баянмөнх, улсын аварга С.Мөнхбат, Увсын хүргэн дархан аварга А.Сүхбат нар ирээгүй.
Тэд бол өмнөх тэргүүн Р.Нямдорж, Д.Данзан нартай үзэж тарж ирсэн хүмүүс гэдгийг олон түмэн мэднэ. Харин Бат-Эрдэнэ аваргатай асуудалгүй хамтарч ажиллах болов уу. Монгол бөхийн дэвжээнд хамт зодоглож, төрийн наадмын түрүү үзүүр булаалдаж, бөхийн жаргал зовлон, алдаа оноо, алдар гавьяаг хамтдаа хүртэж ирсэн хүмүүс. Баянаа аварга, Сүхбат аварга хоёр монгол бөхийн дэвжээн дээр үргэлж дээрэлхүүлж, гадуурхагдаж явсан мэтээр нэг л туньсан, гомдсон хүмүүс харагддаг. Ерөөс бөхийн энэ гадуурхлаас болж амь амьдралаараа хохирсон хүмүүс шиг юм яриад байдаг. Үүнийг нь үнэндээ сайн ойлгодоггүй юм. Энэ хоёр хүнд Монголын төр, Монголын ард түмэн хамаг л гавьяа шагнал, хайр хүндэтгэл дээдийн бүхнээ л өгсөн. Түүнийг бол сайн мэдэж байна. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, монгол бөхийн зуун жилийн од хүчит их аварга бөхийн дэвжээнд би бүх насаараа гадуурхагдаж ирлээ гэж ярихыг сонсоод хэн ч гэсэн гайхна биз дээ. Одоо бол торгон зодогны садан болсон Бат-Эрдэнэ аваргатайгаа хүчит их аваргууд минь нийлж бөхийнхөө хөгжлийн төлөө зүтгэх байлгүй. Шавь нар нь ч увс, халхаараа хуваагдахгүйг хичээх биз. Бөхийн холбооны ээлжит их хурлын удирдлагын тухайд ийм байна.
Харин бөхчүүдийн “Их эе”-ийн хурлаас монголчуудын эвтэй байх, жудагтай, эрэмбэ дараатай байх олон зүйл анзаарагдлаа л даа. Хурал ямар сайхан тайван, нам гүм, ямар сахилга баттай, ажил хэрэгч, ёс жудагтай болов. Монголчууд бидэнд тогтсон сүүлийн нэг том ойлголтоор бол аливаа хурал цуглаан алаан, галзуу хүмүүсийн цугларалт мэт болдог жишиг тогтсон. Тамгаа аваад зугтана, саналын хайрцгаа аваад зугтана. Намын дотоод сонгуулиар сая Баянзүрх дүүрэгт юу болов. Саналын хайрцгаа бариад сурцтай нь аргагүй зугтаж байна.
Зугтахаас гадна нэг нэгнээ барьж идэхээ алддаг. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэгнийхээ нэр хүндийг гутаан доромжилж есөн шидээр хэлдэг. Манайд хурал ийм л дүр зурагтай болсон. Ямар сайндаа галзуу хүмүүсийн цугларалт гэхэв дээ. Гэтэл бөхийн холбооны “Их эе” ийм болсонгүй. Хурал даргалагчаас асуулт асууж байгаа нь маш тодорхой бөгөөд товчхон. Хариулт нь ялгаагүй товч тодорхой. Хэнд ч ойлгомжтой. Бөхийн “Их эе”-ээс УИХ суралцах хэрэгтэй болжээ. Яг л Их хурлын чуулганы дэгийн дагуу бөхийн хурал явагдсан. Гурав, дөрөвхөн минутанд гишүүд нь асуултаа асуугаад хариултаа авч байна. Дараагийн асуулт асуух хүн “Миний асуултыг өмнөх хүн маань асуугаад тодруулчихлаа. Надад одоо асуух зүйл байхгүй. Та бүхний хуралд амжилт хүсье” гээд хүндэтгэлтэйгээр хэлж байна.
Их хурлын чуулган тэгвэл юу болдог гэж санана. Чуулганы дэгийн дагуу дөрвөн минутад багтаан асуулт тавьж, үгээ хэлж буй гишүүн гэж байхаа больсон. Дэвэн дэлхийн хэрэгтэй хэрэггүй юм донгосоод асуух асуултаа ойлгомжтойгоор асууж чадалгүй хий дэмий шүлсээ үсчүүлээд дуусдаг. Их хурлын гишүүн бүр нийгэмд тодрох гээд хаа хамаагүй хөөрхийлөлтэй жүжиг тавьдаг. Ярьж байгаа сэдвээсээ хазайгаад өнөө “өвөл болохоор хүйтэрнэ” гэдэг шиг элий балай юм ярьж амьтны элэг доог болно.
“Би асуулт асуухаа болилоо. Миний асуух гэснийг тэр гишүүн сая асуучихлаа” гээд нэрээ татаж байгаа гишүүдийг хараагүй. Өмнө нь нэг нь асуугаад, нэг нь хариулчихсан байхад л давтаж асуугаад чалчаад байдаг. Улс төрийн хоёр том хүчинАрдчилсан нам, Ардын намын улс орны хувь заяаг шийдэх хуралд галзуу солиотой юм шиг хүмүүс суугаад хууль дүрэм батлаад байдаг нь эмгэнэлтэй. Тэгэхэд бөхийн холбоо гэдэг байгууллагын хурал ийм л сахилга баттай болж байна. Монголчууд хурал хийхдээ эвтэй байдгийг харууллаа. Бүгд ч галзуурчихаагүй юм байна гэдгийг мэдрүүллээ. Хуучин монголчууд бид ямар хүлээцтэй байж үг өнгөрөөж, үг дааж, хэн нэгнийхээ хэлсэн зүйлийн төлөө гонгинож гоншигоноод байдаггүйг “Их эе” эргэн санууллаа. Хэрүүл хараалгүй, мэдэгдэл, эсэргүүцэл, өлсгөлөнгүй хурал харах гоё байна. Бид буцаад ийм болох хэрэгтэй гэдгийг нийгэмд ойлгууллаа.
Эцэст нь нэг үг хэлэхэд, хууль бус хурлаар монгол бөхийн тэргүүнээр сонгогдсон гэгдэх Л.Чинбатын жиргээ байна. Бид ямар хүмүүс болчихсон бэ гэдэг нь энэхүү жиргээ буюу ноён Чинбатын үгнээс нэвт уншигдана. Тэрээр “Зүдэрлээ зүдэрлээ гэхэд арай ч бөхийн өргөөнд шунаж буяндаа бузар хийхдээ тулаагүй. Шударга бус юманд үнэн голоосоо дургүй би” гэж хэлжээ. Түүний энэ үгийг сошиал ертөнцийн нөхөд нүднийхээ нулимсыг унагах нь холгүй магтацгааж байна. “Хамгийн ухаалаг, хамгийн жудагтай, гоё үг” гэж ирээд л нийгэм даяараа сүйд болцгоож байна.
Яг жинхэнэдээ Чинбатын энэ үг бол өөрийнхөө үнэн дүр төрх, мөн чанарыг харуулсан үг юм. Энэ бол баярхаж ядахдаа монгол бөх, монгол бөхийн өргөө, Монголын ард түмнийг доромжилсон үг юм. Хэрвээ Чинбат монгол бөхийг хөгжүүлэхийн төлөө чин хүсэл эрмэлзэлтэй байсан нь үнэн юм бол бөхийн өргөө гэсэн үг түүнээс гарах ч учиргүй. Бөхийн өргөөг эзэмшсэн хүний буянд бузар орохгүй ээ. Бөхийн өргөө шиг байрлал, багтаамж сайтай, менежмент сайтай ийм газар Улаанбаатарт хаана байгаа юм. Ер нь “Гацуурт”-ын Чинбат гэх хүн сүүлийн үед ингэж аархаад байдаг болсон байна лээ. Түүнийх нь ээлжит аархал энэ болчихов уу даа. Монголын үндэсний бөхийн парламент буюу бөхийн холбооны “Их эе”-ийн хурлаас ийм л сэтгэгдэл төрлөө. Монголчуудын эв найрамдал, хурал хийх дэг жаяг монгол бөхийн “Их эе”-ээс харагдлаа.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
6 comments
baynaa abragaar tolgoiluulsan nohdiin setgel ymar baigaa bol doo,,, uul n bohchuud mine negdej undesnii sportoo hogjuulmeer um daa ,,,tegehgui bol urd horshuuded aldana shuu,,
Нямдорж Данзантангууд энэ бөхчүүдийг хагаралдуулсан нь үнэн. Угаасаа хүмүүжил нь шүүмжлэх аархах, хонзон санах аяг гаргадаг хоцрогдсон барилтай байсан. Саяын хурлыг олон сарын өмнөөс найруулсан жүжиг байлаа. Дүрэм гэхэд ардчилалд дургүй тэргүүн нь бүхнийг шийдэх гарц хайсаар байсан. Харин шудрага шулуун хүмүүс ярьж байж ядаж 10 хүн гол асуудал шийдэхээр нилээн юм болж шийдвэрлэх шиг боллоо. Нээлттэйгээр бүх аврага,арслан,заануудыг хамруулаагүй. Хууль бус хуралдсан. Бөхийн өргөөнөөс хоол хороох гэсэн хэдэн хүний санаа битгий байгаасай. Батэрдэнэ байж болно. Чинбат бол аль эрт бөхийн өргөөний өнгө зүсийг засаж,барилдааныг камержүүлж ядаж маргаангүй болгох байсан. Гэхдээ хууль бидний дээр гэдгийг бүлэглэл мартаж болохгүй. Өргөөний хаалга эвдлэх юу ч биш. Хөлийг нь гозолзуулаад баривчлах эрхтэй шүү дээ. Захиалгаар бичигч минь. Шудрага юманд хэрүүл гардаггүй.
Бөхчүүд гэж одоо хэн вэ? Өөрсдийгөө ихэд бодсон гарууд…
бөхчүүд гээд л байх юм. үзэгч, сонирхогчгүй бол тэд хэн юм. хоорондынхоо асуудлыг л яриад байх юм. сонирхогчид ч бас саналаа өгч, ийм дүрэмтэй, ийм шударга барилдаан үзмээр байна гэж хэлэх эрхтэй шүү
Бас нэг гол санаархагч шуналтан нь начин гэх Дуламсүрэн шдээ
ШҮҮХЭЭС ЭНЭ ХУРЛЫГ ХЭРЭГ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭТЭЛ ХИЙЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН ЗАХИРАМЖ ГАРГАСАН. УИХ ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ ҮҮНИЙГ МЭДСЭЭР БАЙЖ ХУРАЛ ХИЙСЭН БҮР ТЭРГҮҮН БОЛЛОО. УИХ ГИШҮҮН ЮМ ЧИНЬ ШҮҮХ ХАМААГҮЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА. УИХ-ЫН ЁС ЗҮЙН ХОРОО, ҮНДЭСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД БАТ-ЭРДЭНИЙГ ӨГЧ БАЙГАА ЮМ БАЙНА ЛЭЭ. ТЭНД ДУУДАГДАЖ ОЧИОД ЮУ ГЭЖ ТЭНЭГТЭХИЙГ НЬ ХАРАХ БАЙХАА МОНГОЛЧУУД