НҮБ-ын тайланд “2030 он гэхэд дэлхийн хүн амын 1.4 тэрбум нь 60-аас дээш насныхан болно” гэж дурджээ. “HelpAge international” судалгааны байгууллагын гаргасан урьдчилсан төлөвөөр 2050 онд цэнхэр гаригийн оршин суугчдын 21 хувь нь эл насныхан байх аж. Өндөр настай хүмүүс ийнхүү нэмэгдэж буй нь тэдний амьдралын чанарыг дээшлүүлэхэд дэлхий нийтээрээ анхаарах шаардлагатай болно гэж шинжээчид онцолжээ.
Швейцарь, Швед зэрэг хөгжингүй орон энэ талаар тун нарийн судалдаг юм байна. Тухайлбал, өндөр настнуудын махбод, оюуны ачаалал болон нийгэмших чадвар нь хэр байгаа, тэтгэврийн хэдэн “бор” нь амьдралд хүрэлцээтэй, эсэх, өдрийг хэрхэн өнгөрүүлж, юу хийдэг вэ гэхчилэн судалгаа явуулдаг аж. Тэр ч бүү хэл, эдийн засгийн байдлыг нь задлан үздэг.
Сарын орлогынх нь хэдэн хувь эм, тариа, аминдэмд, хэчнээн нь хоол хүнсэнд зориулагддаг, цаашлаад хоол хүнсээрээ өдөрт авах ёстой аминдэм, эрдэс бодисоо нөхөж байгаа, эсэхийг тодорхой насны ангиллаар гаргадаг юм билээ. Хүүхдийг насны онцлогт нь тохируулан хооллох ёстой гэдэг шиг настайчуудыг ч адилхан авч үздэг гэсэн үг.
Гэтэл бид ахмадуудынхаа хоолны орц найрлагыг бүү хэл, өдөрт юу хийж, яажшуухан байдгийг гаргасан судалгаатай бил үү. Ясли, цэцэрлэгийн хүрэлцээ муугаас төчнөөн хүүхэд цоожтой хаалганы ард, асран хамгаалагчгүй үлддэг гэж ярьдаг хэрнээ биднийг төрүүлж, өсгөсөн аав, ээж, настан буурлуудаа гэрийн “хорионд” хоолтой, хоолгүй байлгадаг талаараа ам нээдэг бил үү.
Ер нь ахмад настнуудад үзүүлдэг тусламж, үйлчилгээ, нийгмийн халамжаараа Монгол Улс хэр вэ.
Америкийн эрүүл мэндийн чанарын үнэлгээний “Etradex” корпорацын мэргэжилтэн Анни Жульен-Пенлигээр удирдуулсан шинжээчдийн багийнхан ахмад настнуудад үзүүлдэг тусламж үйлчилгээний чанараар нь улс орнуудыг жагсаахад Их Британи тэргүүлж, Австрали, Шинэ Зеланд удаалжээ.
Настнуудад үйлчилдэг эмнэлэг, хоспис байгууллага болон тэдгээрийн ажилтан, эмч, сувилагч, асрагчийн тоо, мэргэжлийн чадавх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмж зэрэг үзүүлэлтийг харгалзан гаргасан эл судалгаанд 80 гаруй орныг хамруулсан байна. Ингэхэд 34 нь л ахмад настнуудын амьдралын сүүлийн жилүүдийн сэтгэл ханамжийн талаарх судалгаа хийсэн, бусад нь үүнд ач холбогдол өгдөггүй гэсэн дүн гарчээ.
Магадгүй бидний хувьд энэ нь огт “мэдэхгүй, сонирхолгүй”, заримынх нь хувьд утгагүй үзүүлэлт байж мэдэх юм. Тэгвэл эл жагсаалтын 28 дугаарт Монгол маань бичигдсэн байна. Үүнд хоспис үйлчилгээний үзүүлэлт нэлээд жин дарсныг сануулахад илүүдэхгүй. Өөрөөр хэлбэл, нас барахынх нь өмнөх үйлчилгээ гэсэн үг. Бид тэгэхээр бас ч гэж нэлээд энэрэнгүй улс ч юм шиг. Ямартай ч ахмадуудаа нүд анихаас нь өмнө хүний ёсоор халамжилдаг байх нь.
Гэхдээ “Олон улсын судалгаанд зориулан манайхан “гоё” статистик өгдөг байх” гэж эл жагсаалтад эргэлзэх хүн олон байна. Яагаад гэвэл, Монголд хоспис үйлчилгээ тийм ч сайн биш. 2000 оноос хойш мэргэжлийнхэн, эмч нар л энэ төрлийн үйлчилгээг хөгжүүлэх гэж бор зүрхээрээ зүтгэж байгаагаас хэтрэхгүй. Төр, засаг энэ тал дээр дуугардаггүй гэвэл хатуудахгүй. Эмч, мэргэжилтнүүд ч, жирийн иргэд ч үүнийг батална. Гэхдээ энэ бол тусдаа хөндөх сэдэв учраас ингээд орхиё.
Олон орны судлаачдын тогтоосноор тэтгэвэрт гарч, гэртээ зүгээр суух нь хүний амьдралын хамгийн хүнд үе юм байна. Үүнийг нярай болон өсвөр үетэй харьцуулдаг гэнэ. Гэр бүл, нийгмийнхээ төлөө бие сэтгэлээ зориулан, хувь хүн гэсэн ойлголтыг хоёрдугаарт тавьж ирсэн “ажилчин зөгий”-нүүд тэтгэвэрт гарч, хөдөлгөөн, харилцаа гээд бүх талаараа хумигдмал байдалд орохоор ямар аймаар байдаг талаараа ярьсан жишээ олон.
Ийм байдлаас болж тодруулбал, гээгдэж хаягдсан, хэнд ч хэрэггүй “амьтан” болсон мэт санагдаж, сэтгэл гутралд орж, амьдрах хүсэлгүй гэсэн шалтгаанаар эмчид хандсан хүн өчнөөн байдгийг ДЭМБ-ын шинжээчид онцолжээ. Ийм байдалд хүргэхгүйн тулд настай хүнээ гэр бүл, нийгэм нь харж хам
Ахмад настнууд өөрсдөө амьдралын идэвхтэй байх нь нийгмээс тусгаарлагдахгүй байх хамгийн зөв арга гэдгийг ухуулан ойлгуулж, тэднийг сургалт зэрэг олон арга хэмжээнд хамруулж, идэвхтэй байлгадаг жишиг Шведэд байна. Ингэхдээ ахмадуудад хүргэх тусламж, үйлчилгээг олон нийтийн байгууллагаар дамжуулдаг бөгөөд төсвийг хот, улсаас шийдэж өгдөг гэсэн. Энэ талын үйлчилгээ эрхэлдэг хувь хүн, аж ахуйн нэгжүүдээ улс нь бодлогоор дэмждэг байна.
Ийм байгууллагуудын зорилго нь настнууд бие дааж, өөрийн хүссэнээр ямар нэгэн дарамт, зовлонгүй, хараат бус амьдрахад нь тус дэм болох. Тэд ахмадуудын захиалгаар хоол хүнс, хүргэх, цэвэрлэгээ хийх зэргээр туслахаас гадна хүсвэл хамтдаа гадуур зугаалж, кино үзэж хань болдог гэнэ. Мөн ахмадын клуб байгуулж, цагийг хамтдаа өнгөрүүлэх нь эрүүл мэндэд тустайг ойлгуулахад анхаардаг аж.
Өдгөө швед настнууд хообийгоороо, хоолны сонголтоороо, ойр дөт байдгаараа, орцных, байрных гэхчилэн бүлэг байгуулж, хүүхдээсээ болон бусдаас хамааралгүй өдрийг үр дүнтэй өнгөрүүлдэг юм байна. Энэ нь тэтгэвэрт гарсан хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийг тогтвортой байлгах чухал хөшүүрэг гэдгийг судлаачид тогтоосон гэнэ. Ингэснээр гэрийн мухар сахиж, ганцаардалд түгжигдэх явдал эрс багассан гэсэн баримт ч байна. Тус улс зөвхөн настай хүмүүст зориулан тодорхой цагийн хуваариар автобус, галт тэрэг, таксины үйлчилгээ үзүүлдэг болоод хэдэн жил болжээ.
Жишээ нь, Стокгольмд төрөл бүрийн унаагаар жилд ойролцоогоор гурван сая удаа үйлчилгээ үзүүлдэг гэсэн статистик байна. Энэ бол настайчуудыг нийгэмшүүлэх, тэднийг холбох чухал арга хэмжээ ажээ. Мөн тэдэнд зориулсан орон сууцны олон талт үйлчилгээгээрээ энэ улс алдартай аж. Хэрэв ганцаараа байхыг хүсвэл энгийн орон сууцыг сонгож болно.
Харин байнга үйлчилгээ авахыг хүсвэл, эсвэл ганцаардахгүйгээр бусадтай хамт бужигнаж, хөгжилтэй амьдрахыг хүссэн нэг нь гал тогооны өрөөгөө дундаа хэрэглэдэг нийтийн байр сонгох боломжтой. Үүнээс гадна настнуудын өдөр өнжүүлэх үйлчилгээ гэж бий. Энэ мэтээр олон орны туршлагаас дурдвал өчнөөн байна.
Харин бид хүүхдээ л өндөр өнжүүлэхэд явуулдаг болохоос настнуудад ийм үйлчилгээ хэрэгтэйг тооцдоггүй. Тиймээс л түгжээтэй хаалганы цаана өдөр хоногийг тоолон, ганцаардан гунигласаар насны эцсээ хүлээх хүн олширч байгааг анхаарах цаг хэдийнэ болсон.
Монгол хөгшчүүлээ зарим талаар европ хүмүүстэй харьцуулах боломжгүй л дээ. Гэсэн ч тэд маань уйдаж, ганихарч, ганцаардаж, “Би одоо хэнд ч хэрэггүй” гэж гоморхдог л байх. Магадгүй аав, ээжийн “үндсэн үүрэг” хэмээгээд ач, зээгээ хараад ядрах, гоморхох завгүй байж ч мэднэ. Хүмүүс ээ, хааяа ч гэсэн тэднийхээ сэтгэлийг нээж ярилцаж, хүүхэд харах дуртай байгаа, эсэхийг нь асуухад илүүдэхгүй.
Мэдээж тэд үр хүүхдэдээ дэм тус болохын тулд ясли, цэцэрлэгийн багш “болохоос”, ач зээгээ ийш тийш нь зөөхөөс татгалзахгүй л дээ. Тэглээ гээд тэдэнд ийм хүнд ажил даалгах ёстой, албатай мэт аашилдгаа болимоор санагддаг. Хүний эрх, тэр дундаа настайчуудын эрхийн талаар дэлхий даяараа ярьж байхад бид чихээ бөглөөд “уламжлалаа” дагасаар байх уу.
Эцэг эх, эмээ өвөөгөө зүгээр л тэтгэврийн насныхан гэж харах бус, ахимаг настай хүүхэд хэмээн халамжилж, үргэлж ярилцаж, юу хийж, яамаар байгааг нь асууж байгаарай. Үнэнийг хэлэхэд би ч тэгж асууж, өдөр болгон утасдаж, ээж хэмээх хүүхдээ эрхлүүлж, сүйд болдоггүй л дээ. “Завгүй” гэдэг үгээр халхавч хийж, завтай байсан ч залхуурч, хойш тавьсаар байтал нэг мэдэх ижий минь 70 нас гарчихжээ.
Энэ насандаа хүний амьдралын эрч хүч буурч, аливаад сонирхолгүй болох хандлагатай болдгийг судлаачид анхааруулсан байна. Ялангуяа ханиа алдаж, ганцаараа үлдсэн 70-аас дээш насныхны амьдралын хэмнэл мэдэгдэхүйц суларч, идэвхгүй болж, амархан ядардаг гэсэн. Тиймээс тэдний насны онцлогт тохируулан, уйдаахааргүй хөтөлбөр боловсруулаад гэр бүл, ахан дүүстэйгээ хамтдаа хэрэгжүүлбэл ямар вэ.
Магадгүй таны аав, эсвэл ээж тусдаа амьдардаг бол ах дүүстэйгээ хуваарь гаргаад, өдөр бүр эргэж, хоол цайг нь хийж, хамтдаа кино үзэж, тоглож болох юм. Хөзөр хамгийн түгээмэл наадгай учраас тэд лав татгалзахгүй дээ. Эсвэл найз нарыг нь уриад хамтдаа сайхан хоолловол ямар вэ. Хөгшчүүл ийм зүйлд тун дуртай байдгийг би анзаарсан юм л даа.
Настай хүмүүсийг чанга дуулуулах нь ой санамж, ухаан муудахаас сэргийлдэг болохыг олон орны эрдэмтдийн баг тогтоосон байдаг. Тэгэхээр юмаа санаж, мартаад байгаа настнуудаа хааяа ч гэсэн караокэд дуулуулаарай. Лондоны Хааны коллежийн эрдэмтдийн мэдээлснээр 60-аас дээш настай хүмүүсийн ой санамжийг сайжруулахад цахим тоглоом тустай гэнэ. Тэгэхээр “том” хүүхдүүдийнхээ гар утсанд тоглоом татаад өгсөн ч болох. Гэхдээ энэ бол зөвхөн гэр бүлийнхний л хийх ажил.
Харин сонгууль болохоор настайчуудын сэтгэлийг “барьж”, тоглодог улс төрийн нам, улстөрчид “Тэтгэвэр нэмдэг” үлгэрийнхээ оронд ахмадуудад зориулсан асрамжийн газар, өдөр өнжүүлэхийг олноор байгуулж өгөөсэй. Ийм үйл ажиллагаа явуулах хууль эрхзүйн орчныг нь бүрдүүлээсэй. Өнөөдөр манайд тийм асрамжийн газар ганц л бий.
Тэр нь 200 гаруй хүн нь хүлээж авах хүчин чадалтай. Хэрэв “томчуудын цэцэрлэг” олширвол гэр бүлийн хүчирхийлэлд өртөх настайчуудын тоо буурах биз ээ. Өнгөрсөн оны байдлаар гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн хүчирхийлэлд өртсөн нийт хүний долоон хувийг тэтгэврийн насныхан эзэлжээ. Энэ бол зөвхөн цагдаа, хуулийн байгууллагад хандсан үзүүлэлт. Үр хүүхдээ хэрэгт хийгээд яах вэ гэсэн сэтгэлээр дуугүй өнгөрсөн нь хэд бол гэдгийг тооцох боломжгүй.
Ийм хүчирхийлэл гарах нэг шалтгаан нь аав, ээжээ шимэгчлэн, тэтгэврийн хэдээр нь амьдардаг муу үр хүүхдүүд байдаг гэсэн. Ганц жишээ гэхэд, өнгөрсөн жил 30 гаруй настай нэг “хувалз” тэтгэврийн мөнгөө өгсөнгүй гэж ээжийгээ олон удаа хутгалж хороосон талаар нийгэм тэр аяараа шуугиад л өнгөрсөн. Насаараа “ангаахайгаараа” явдаг тийм хүмүүст настнаа дээдэл гэж хэлээд нэмэргүй ч ядаж ганц удаа боловч өөрийнхөө мөнгийг өөртөө зарцуулах “эрх” олгооч гэчихвэл уурлахгүй болов уу.
Үндэсний статистикийн хорооны дүнгээр бол 2017 онд манай улсын хүн ам 3.1 саяд хүрч, үүнээс ахмад настан 273.4 мянга буюу нийт хүн амын 8.7 хувийг эзэлж байгааг ХНХ-ын сайд С.Чинзориг өнгөрсөн сарын 22-нд Монголын ахмадын холбооны удирдах ажилтны зөвлөгөөнд оролцохдоо дуулгасан. Энэ нь Монгол Улсад хүн амын насжих үйл явц эхэлсэн гэсэн үг.
Ер нь хүн амынх нь долоон хувийг 65-аас дээш насныхан бүрдүүлж байгаа улсыг “насжилттай” гэсэн ангилалд багтаадаг юм билээ. Тэгэхээр манайх энэ ангилалд оржээ. Гэтэл ахмадуудад чиглэсэн дорвитой бодлогогүй л явна. Төр, засгийнхны хэлж ярьж байгаа нь тэтгэвэр, тэтгэмж, эмчилгээний зардлын тодорхой хувийг хөнгөлөх, эмийн хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлнэ гэхчилэн дэндүү ойлгомжтой, хэтэрхий бүдүүн тоймын л байх юм.
Дэлхийн хэмжээнд буурай хөгжилтэй оронд настайчуудын 4-6 хувь нь халамж, асрамж дутсанаас нас бардаг талаар НҮБ-ын тайланд дурджээ. 2050 он гэхэд энэ тоо дөрөв дахин нэмэгдэх төлөвтэй гэнэ. Манайх шиг энэ талын бодлого муутай улсад хэчнээн ахмад настан ийм шалтгаанаар хальж байгааг тооцсон статистик байхгүй нь мэдээж.
Тэтгэвэрт гарсан хүмүүс нийгэмд “хөлөө” олдоггүй асуудал дэлхий дахинд байдаг аж. Тиймээс л 1960-аад оны сүүлчээс хүн төрөлхтний хэлний санд аgeism буюу эйжизм гэдэг үг нэмэгджээ. Энэ нь насны байдлаар ялгаварлан гадуурхах гэсэн утгатай бөгөөд өнөө цагийн манай нийгэмд байгаа хамгийн эмзэг, бас “моод” болсон асуудал мөн. Эйжизмийг бүрэн утгаар нь жишиг болгосон улс манайхаас өөр байдаг, эсэхийг мэдэхгүй. 40 хүрэнгүүт нь л “заазлах” шахдаг болохоор ид ажиллах насныхан маань гадаад руу тэмүүлдэг байх.
Эйжизмтэй тэмцэх хамгийн чухал алхам нь насжилтын талаарх ойлголтыг үндсээр нь өөрчлөх явдал юм байна. Тиймээс л ДЭМБ насны ангиллыг шинэчлэн тогтоожээ. Үүний дагуу 25-44 насыг “залуу” гэсэн ангилалд багтаасан байна. 44-60 хүртэлхийг дундаж, 60-75-тай бол хижээл настайд тооцох аж. Харин 75-90 настай бол “хөгшин” гэсэн ангилалд багтах бол 90-ээс дээш жил амьдарсан хүнийг өндөр настан гэх юм байна.
Харин манайд бол цэргийнхэн, газрын гүнд уурхайд, халуун, хортой нөхцөлд ажиллагсад 45 нас хүрээд л “заазлагддаг”. Бүр тодруулбал, залуу насныхан тэтгэвэрт гардаг гэсэн үг. 2017 оны эцсийн байдлаар манай 282 гаруй мянган иргэн өндөр насны тэтгэвэр авч байгаа гэнэ. Үүнээс гадна жилд 4000 гаруй хүн тэтгэврээ хөнгөлттэй нөхцөлөөр тогтоолгодог болохыг мэргэжилтнүүд хэллээ. Ингэж бичлээ гээд тэтгэврийн насыг “хөнд” гэсэн үг биш л дээ.
Монголд тэтгэвэрт гарсан л бол хөгшинд тооцогддог учраас хөндлөө. Энэ бол эйжизмд өртсөнөөс ялгаагүй. Эйжизм нь арьс өнгө, хүйсээр ялгаварлан гадуурхахаас хортой гэдгийг шинжээчид онцолжээ. Учир нь насны байдлаараа гадуурхагдаж буйгаа хүмүүс буруу гэхээс илүүтэй “Ийм л байх ёстой гэж ойлгодог” учраас урхагтай гэнэ. Мөн хамрах хүрээгээрээ авч үзсэн ч энэ нь арьс өнгө, хүйсээр ялгаварлахаас өргөн гэдгийг НҮБ-ын шинжээчид мэдээлжээ.
Ингээд бодохоор манай нийгэмд гэр бүлийн хүрээнд ч эйжизм явагддаг гэчихвэл хилсдэхгүй. Яагаад гэвэл тэтгэвэрт гарсан аав, ээж нь “Би ажил хиймээр байна” гэвэл хүүхдүүд нь “Та ач, зээгээ хараад гэртээ суу” гэж “тушаадаг” нь нууц биш. Эйжизмд өртсөн хүн стресст орж, зүрх, судасны өвчин болон цус харваж нас барах магадлал өндөр байдаг нь судалгаагаар тогтоогджээ.
Ийм байдалд хүрэхгүйн тулд бид гэр бүлээсээ эхлээд, төр, засгийнхаа хэмжээнд дорвитой хөдлөх цаг хэдийнэ болжээ.
Үүнээс гадна гэртээ ганцаардаж, нийгмээс тусгаарлагдахгүй байх нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаалдгийг судлаачид онцолсон байна. Өөрийгөө аваад явчихдаг сүрхий настан олон бий. Эсрэгээрээ биеэ тойглож, асарч чадахгүй нь олон. Тэд асрагч хөлслөх мөнгөгүй, дээрээс нь үр хүүхэд муутай бол ёстой л хорвоогоос явах цагаа хүлээгээд суухаас өөр аргагүйд хүрдгийг Азийн гурван орны сайн дурын судлаачид мэдээлээд тийм хүмүүст нийгмийн халамж үйлчилгээг ойртуулах хөтөч хэрэгтэйг анхааруулжээ.
“Миний нас-миний баялаг” гэсэн ойлголтыг бий болгохыг ДЭМБ уриалдаг. Энэ нь эрүүл байж, нийгэм болон гэр бүлдээ дарамтгүй зөв хөгшрөхийг хэлж байгаа юм. Эрүүл, зөв наслахын чухлыг санамж зөвлөгөөгөөрөө хүргэдэг тус байгууллага хүн өөртөө арчаатай байж, зөв сайхан наслах нь гэр бүл, улс орны эдийн засагт асар их нэмэр болдгийг статистикаар “ухуулдаг”. Тэгэхээр “Би одоо удахгүй дээ” гэж цаг хугацаанд баригдан суух биш, идэвхтэй, эрүүл амьдралыг өөрөөсөө эхлэх нь тэтгэврийн наснынхны үүрэг.
Нөгөө талаас төр, засаг настнаа өргөх бодлогоо зөв, зохистой, энэрэнгүй илүү боловсронгуй болгох шаардлагатай байна. Энэ бол төрийн үүрэг. Аав, ээж, эмээ, өвөөгөө арчлан хамгаалж, насных нь эцэст жаргаах нь үр хүүхэд, ач зээгийнх нь үүрэг. Хэн хэн нь үүргээ ухамсарлаж чадвал гэртээ “цоожлогддог хоригдлууд”-ын тухай муухай сэдвийг мартах буй за.
Энэ хорвоод ирж, хөдөлмөрлөж, үр хүүхдээ хоолонд хүргэснийхээ үр шимийг хүртэж чадахгүй хорвоогоос явахаа л хүлээдэг “зурвас цаг хугацааны” хүмүүс болчих вий дээ, ахмадууд маань. Би, та, бид бүгд л цаг хугацаагаар хэмжигддэг хорвоогийн жамаар нас ахиж тэтгэвэрт гарч, ийм “зурваст” орох нь гарцаагүй. Өнгөрсөн үе рүүгээ нулимсан хүн рүү ирээдүй нь нулимдаг гэсэн хатуу үгийг сануулаад ахмадууддаа зориулсан дорвитой арга хэмжээг энэ төр, засгаас нэхье.
Эх сурвалж:
6 comments
Маш зөв сэдэв байна. Манай залуучууд эцэг эхийгээ тэтгэвэрт гарахад нь хүүхэд харах хүнтэй боллоо гээд бөөн баяр авчираад чөдөрлөчихдөг. Тэд ямар их ядардаг ганцаардагыг ойлгодоггүй, ингэх ёстой гэсэн бодолтой. Энэ нийтлэлийг залуучууд их уншаасай нэгийг бодоосой. Хүүхдээ харуулаад гэрт нь хориод байвал үхлийн зам руу нь түлхэж байна гэж ойлгоорой.
Тэтгэвэрийн хөгшчүүлд засгаас өгч бгаа тэтгэвэр амидралд хангалттай хүрэлцээ муу.байр хоол эм тариа гээд дуусчихна.сарын 15 хоногт мөнгөн дууслаа 15 хоног өлөн зэлмүүн байдаг юм.төрийн буянд жаргаж насны эцэст тарчиг ядуу чигээрээ явах юм даа.ажил хийж амидрахад тэтгэвэрт гарсанаас илүү сайн сайхан бсан шиг бодогдсон.
Одоо төр улсдаа залуу сайхан насандаа хүч хөдөлмөрөө зориулж олон сайхан зүйл бүтээсэн ахмад настанаа харж хандах цаг болжээ.наад захан тэтгэвэрийн доод хэмжээг амидралд хүрэлцэхээр нэмэгдүүлж гэрт хашаанд амидарч бгаа өндөр настанаа орон сууцаар цаг алдалгүй хангаж өгөх болжээ.ахмад настангууд ажил хийх сонирхол байвч нас
өндөр биеийн эрүүл мэнд сайнгүй болсон учир өөрөө өөрийгөө саатуулах төдий ойр зуурын л ажил хийж өдөр хоног өнгөрөөнө.
Хүн хөгширнө тэтгэвэрт гарна жам юм. Гэвч үр хүүхэд нь харж ханддагч ганцаар үлдсэн настан олон юманд сэтгэл эмзэг явдаг юмаа бас гомдонхой болно тэгээд яалтай билээ дээ харин интернет хань болохым даа
hogiin mongold asramjiin gazar gants l baidag biz de
buur setgel emzeglechihlee. yag l unen zuiliig bichjee. ovoo min 80 garsan hogshin odorjin gertee gantsaaraa l baidag. ovoodoo yamar 1 yum hiij ogmoor bn. ih olon ach zeetei hun shde ug n. huvaari gargaj bgad odor odor ochij baiya gej bodloo. meddeg hernee boddoggui yavjee. setgel 1 l hetsuu bolchloo. bid bugd l hogshirno shu dee.
Юу ч мэдэхгүй эргүү дагз чинь баахан донгоссон байна. Ахмадын хуулийг судал. Бас Халамжаас ахмадуудад олгож байгаа мөнгөтэй танилц. Тэд аль хэдийн гавъяаныхаа амралтанд суусан боловч Жил бүр амралтанд улсаас хөнгөлөлттэй үнээр амралт ,сувилалд амруулдаг. Хөгшин гээд таяг,нурууны бүс,хиймэл шүд зэргийг хөнгөлөлттэй үнээр улсаас олгодог. Зарим зөв өтлөж чадаагүй нэг нь агсраад халамж бага байна гээд орилж хашгирдаг. ядаж усанд ороод эвгүй үнэр танараа цэвэрлэх хэрэгтэй шдээ. Зарим ахмадууд залуудаа хулигаан,үр хүүхэд ах дүүгээ хайхардаггүй тэнэмэл муу санаатай амьдарч ирсэнийх нь гор одоо болох болохгүй зүйлээ тэгж ч улс харж үзсэнгүй,ингэж ч үр хүүхэд ах дүү харахгүй байна гэж гонгинодог. Ямар ч зүйлд шударга л байх хэрэгтэй ш дээ