Энэтхэгийн гол түүхэн дурсгалт газруудын нэг Таж Махалын бунхныг зорих хүмүүсийн тоо байнга нэмэгдэж байгаа тул эрх баригчид хязгаарлалт хийхээр болжээ.
ЮНЕСКО-д бүртгэлтэй энэхүү гантиг чулуун байгууламжинд ирсэн дотоод, гадаадын нэг жуулчинд 3 цаг үзэх дээд хугацаа өгөхөөр болсон байна. Сүүлийн байдлаар Таж Махалд амралтын өдөр доод тал нь 50,000 хүн ирдэг бол жилд 7 сая жуулчин ирж байгаа гэнэ. Зарим жуулчид бунхны эргэн тойронд өдөржин саатдаг нь асуудал болоод байгаа ажээ. Шинэ хязгаарлалт дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэнэ. Харин одоогоор үзэх хүний тоонд хязгаарлалт тавих төлөвлөгөө байхгүй аж.
“Таж Махалыг үзэхээр холоос зорьж ирсэн хүмүүсийг буцаах нь буруу гэж үзэж байгаа” гэж Энэтхэгийн Археологийн Судалгааны байгууллагын төлөөлөгч хэлжээ.
Таж Махалыг 17 дугаар зууны Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан хүүхэд төрүүлэх үедээ нас барсан гэргий Мумтаз Махалдаа зориулж бариулсан юм. Бунхныг байгуулах ажил олон жил үргэлжилж 1648 онд дууссан гэдэг.
Эх сурвалж: Ikon.mn