Нямаагийн Туулайхүүг олон хүн таних байх аа. Үзэгч түмэндээ танигдсан урлагийн хүн, тэр тусмаа Дуурь бүжгийн эрдмийн театрын гал голомтыг сахилцаж яваа нэгэн гэдгээр нь мэднэ. Туулайхүү гэхээр ийм нэртэй нь ховор болоод ч тэрүү хэн ч нөгөө хөгжмийн удирдаач уу гэх юм билээ.
Олон арван хөгжимчдийн өмнө гараараа үг хэлдэг юм шиг зогсч дохиж байхыг нь харсан болохоос үг яриаг нь сонсч байгаагүй болохоор тийм их нээлттэй хүн биш байх гэж бодож байлаа. Түүнтэй завшаан хайсаар уулзаж ярилцлаа. Тэгсэн миний бодож байснаас огтын өөр тун зэгсэн баян үг яриатай аж. Гэхдээ туйлын хөгжимлөг хийгээд амттай ярих юм билээ. Түүнд олзуурхахын зэрэгцээ жинхэнэ урлагийн хүний нүдээр харж, чихээр сонссоноо харамгүй хэлж, ойлгуулж чадах юм гэж бодоод “Хүмүүн судар” буландаа зочноор урихаар шийдсэн минь энэ. Н.Туулайхүү Өвөрхангай аймгийн Хархорин сумын гаралтай хүн.
Харин унасан газар, угаасан ус нь Улаанбаатар, Хатан туулын хөвөө. Хархорины САА–н дунд сургуулийн IV ангид байхад нь нэг орос багш дуучин Б.Зангад нар очиж Хөгжим бүжгийн дунд сургуульд элсүүлж авсан юм гэдэг. Энэ нь түүний урлагийн замд орох эгшин байж гэж болно. Тэгээд сургуулиа төгсөөд мэргэжлийн хөгжимчнөөр Дуурын театртаа ажилласан бол 1978 онд ЗХУ–д Уралын хөгжмийн дээд сургуульд явсан. 1985 онд дуурь болон симфони хөгжмийн удирдаачаар төгсөж иржээ. Түүнээсээ хойш улсын филармони, симфони найрал хөгжмийн удирдаачаар өдийг хүртэл ажиллаж байгаа нэгэн юм. Зөндөө ярилцсаны дараа хөгжмийн тун сайн мэргэжилтэн төдийгүй аливаад авьяаслаг хийж бүтээхийн төлөө бие, сэтгэлээ чанд зориулж яваа хүн гэдгийг нь мэдрэв. Түүний хэлсэн нэг содон үг анхаарал татсан.
“Би нэг сонин зантай хүн шүү дээ. Бусдыг хараад энэ хүний тархинд байгаа сайн сайхан юмыг олж хараад тэрнийг нь мөлжиж шинэ юм сурахсан гэж дандаа боддог” гэж тэр хэлсэн юм. Тийм ээ зөв бодол, ийм л хүн юм их сурна. Бусдаас илүү хийж бүтээнээ. Нийслэлийн төв талбайн зүүн урд талд оршин байх хэнд ч танил ягаан байшин цагийн саалтад өнгөө өөрчилдөггүйгээрээ содон. Энэ бол Монгол Улсын сонгодог урлагийн гол төв Дуурь бүжгийн эрдмийн театр. Н.Туулайхүү энэ театрын зүрх болон цохилж байдаг симфони хөгжмийн ерөнхий удирдаач нь билээ.
ТУУЛАА ЮУ. ТУУЛАЙХҮҮ ЮУ?
Түүнийг аав, ээж нь анх нэршүүлэхдээ Туулаа гэдэг байж. Энэ бас учиртай. Дээр нь нэг эгч төрсөн нь Туул гэдэг нэртэй байснаас үүдэн түүнд ийм нэр өгч өхөөрдсөн гэх юм билээ. Туулаа хүү сургуульд орж. Хүүхдүүд түүнийг Туулай гэж нэрлэх. Үүнийг багш нь анзаараад ерөөсөө Туулаа гэснээс эрэгтэй хүүхэд юм чинь Туулайхүү гэчихье гээд журналдаа биччихсэн гэдэг. Ингээд л Туулайхүү нэртэй болсон бяцхан түүх бий. Эндээс Туулайхүүгийн баг насны амьдрал эхэлсэн байдаг. Энэ тухай ярилцлаа.
–Та аавынхаа тухай дурсан ярьвал ямар вэ?
–Аав П.Нямаа маань 1945 оны дайнд оролцож явсан эр цэрэг. Дайны дараа Намын шинэ хүчний сургуульд орж суралцсан. Тэгээд Архи пивоны үйлдвэрийн захирлаар томилогдсон юм билээ. Энэ тухай дурсан ярихад сайхан л байдаг юм. Ижий минь эрт бурхан болж би аавтайгаа л амьдралын эхний он жилүүдээ үдсэн. Есөн хүүхдийн дотроос аав надад илүү хайртай.
Миний аав өр зөөлөн ажил албандаа үнэ хүндтэй дарганцар голдуу алба хааж явсан. Нэг гэм нь нуулгүй хэлэхэд архи дарсанд жаахан дуртай хүн байсан юм. Яагаад гэхээр тэр АПУ–ийн дарга байх үед нь бүтээгдэхүүнээ шинжилж судалдаг лаборатори гэж байсангүй. Тэгээд сонин нь архи дарс хийх явцад дарга өөрөө амталгааг хийж үйлдвэрлэх зөвшөөрлөө олгодог. Өөрөө лабораторийн үүрэг гүйцэтгэдэг гэсэн үг. Цүнхэнд нь амтлах архины дээж явж байдаг. Гэртээ хариад хоол ундныхаа дараа “ажлаа хийнэ”. Ийм л байсан болохоор яахав. Хааяа балгана аа. Түүнээс хойш Махкомбинатын намын хорооны дарга байлаа аав минь. Сүүлд нь Б.Алтангэрэл даргын даалгавраар дульхан ажилтай яваа Хорхорины гурилын үйлдвэрт даргаар очсон. Тэндхийн ажлыг сайжруулах даалгавартай байсан гэсэн. Монгол–Унгарын хамтарсан том үйлдвэр байлаа л даа. Миний бага нас тэр үйлдвэрийн орчинд л өнгөрсөн юм. Тэнд Унгар мэргэжилтнүүд ажилладаг. Заримдаа тэдний хүүхэд шиг л байх. Энэ нь надад бусдыг таньж мэдэх, гадаад орны соёлтой танилцахад нөлөөлсөн гэж боддог. Хүүхэд байх үеийн юм санаанд тодхон нэг удаа аав маань жаахан халамцуудаа “Муу хүүгээ нэг сайн удирдаач болгочихоод дагаад явж байхсан” гэж билээ. Энэ үг нь л миний амьдралын луужин байсан юм шиг санагддаг.
УДИРДААЧ БОЛОХ ЗАМЫН ЭХЭН
–Өөрийг чинь дунд сургуулийн IV ангиасаа Хөгжим бүжгийн сургуульд орж суралцсан гэдгийг анзаарсан л даа. Уг сургуульд хэрхэн суралцав?
–Би уг сургуульд шалгалтыг нь морин хийл хөгжмөөр өгсөн. Гэтэл ирсэн хойно Чогдов гэдэг багш намайг сонирхож байгаад үлээвэр хөгжмийн ангид авчихсан. Багш нар голдуу оросууд учир бүх хичээл орос хэл дээр. Яг л гадаадад сурч байгаа юм шиг санагдах. Ингэснээр VII ангид байх үеэс Б.Ч.Слабаков гэдэг орос багш надад ганцаарчлан удирдаач мэргэжлийн арга ухааныг зааж байлаа. Дөрвөн жил удирдаач хүний гарын техникийн нууцаас эхлээд бүхнийг заасан. Үүний дүнд би Хөгжим, бүжгийн дунд сургуулийг хөгжмийн удирдаач, хөгжимчин гэсэн хос мэргэжлийн тодотголтой төгссөн юм даа. Дуурийн театрт хөгжимчин болсон. Калернэтчин.
–Уг бас удирдаачийн мэргэжилтэй гэж байгаа биз?
–Тиймээ. Тэр тухайгаа симфонид байсан Ж.Чулуун гуай, Н.Жамсранжав гуай гээд томчуулын дэргэд би юу юм бэ? өөрийгөө удирдаач гэж хэлэхээс ичнэ. Гэтэл нэг өдөр “Учиртай гурван толгой” дуурь тоглох байтал удирдаач нь ирдэггүй үзэгчид суудалдаа суучихсан хүлээгээд байдаг. Тэгсэн Б.Хаянхярваа гуай манай хөгжим ангийн дарга Даржаа хоёр намайг дуудаад “За чи хөгжмөө удирд, тоглолтыг эхлүүл гэдэг байгаа. Би тайзан дээр хөгжимчдийнхөө өмнө удирдаачийн тавцан дээр гараад нот руу нь харсан чинь цав цагаан цаас харагдаад сэтгэл хөөрөөд тэр байх. Тэгэхээр нотоо харалгүйгээр нэгдүгээр үзэгдлийг цээжээр дохьсон удаатай. Энэ нь Туулайхүү ямар хүн болох нь танигдахад тус болсон болов уу гэж боддог. Ингээд 1978 онд Уралын хөгжмийн дээд сургуульд явлаа. Эхлээд хөгжмийн зохиолч талдаа суралцаж байгаад III күрсээсээ удирдаачийн ангид орохоор шалгалт өгсөн. Тэнцлээ. Суралцлаа. 1985 онд дуурь болон симфонийн удирдаачаар сургуулиа дүүргэсэн дээ. Пуччины алдарт “Богема” дуурийг удирдаж дипломоо хамгаалсан юм.
ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС УДИРДААЧ БУЮУ БИ ХААН ОЧИХ ВЭ?
–Аавынхаа захиасыг биелүүлж удирдаач болж баярласан байлгүй. Тэгээд хаана хуваарилагдав даа?
–Анх Монголын хөгжмийн зохиолчдын холбооны нэр дээр сургуульд явсан болохоор тэндээ л очлоо доо. Тэгсэн манай холбоонд хөгжмийн зохиолч хэрэгтэй болохоос удирдаач хэрэггүй Соёлын яам руу оч гэлээ. Яаман дээр боловсон хүчний Балчинжав гэдэг хүнтэй уулзсан чинь “Бид удирдаачийн сургуульд хүн явуулаагүй. Чи битгий дэмий яриад бай” гэж нэг хэсэг загнадаг юм. Тэгснээ дипломыг маань үзээд Жамсранжав гуай руу утасдаад бас зандрангуйгаар “Та нар бид удирдаач бэлдэнэ. Энээ тэрээ гээд байсан чинь хаа байна. Наана чинь ЗХУ–д удирдаачаар төгссөн хүн ирчихээд байна” гээд бөөн л юм болж байна. Ингээд би төлөвлөгөөт бус боловсон хүчин гэгддэг байгаа.
–Тэгээд томилолт өгсөн үү?
–Намайг Улсын филармонид удирдаачаар томилсон. Энд Ц.Намсрайжав гуай ганцаар байсан юм билээ. Харин Симфони хөгжимд бол Ж.Чулуун, Н.Жамсранжав, Ц.Баатаржав бас Ж.Бүрэнбэх гээд дөрвөн удирдаачтай байв. Ингээд би 1996 он хүртэл 12 жил филармонид ажилласан. Филармонийг улсдаа лабаратори оркестор байсан гэж болно. Монголын хөгжмийн зохиолчдын сонгодог төрлийн бүтээлүүдийг тоглоно. “Алтан намар” хөгжмийн наадмыг анхлан зохион байгуулж байлаа. Хөдөө нутагт тоглолтоор их явна. Би “Алтан намар” хөгжмийн наадмыг 20-иод жил удирдан зохион байгуулсан юм шүү.
–Дараа нь симфони найрал хөгжмийн удирдаач болсон хэрэг үү?
–Тэгсэн. 1996 онд одоогийн ардын жүжигчин А.Дашпэлжээ ДБЭТ–ын дарга болоод надад “Манай театрын ерөнхий удирдаачаар ажиллана уу” гэсэн санал тавьснаар би театртаа эргэн ирсэн. Энэ цаг үе улс орон зах зээлд орсон бүх юм замбараа муутай хөл алдсан янзтай байлаа. Манай театр ч ийм байдлаас тойрч чадаагүй хэцүү л байсан даа. Гэвч бид хамтын чармайлтаараа театрын ажлаа өөд татсан юм даа. Ингэж ажиллаад тэгж өөрчлөөд гээд ярих юм бол зөндөө юм бий. Гэхдээ энэ тийм сонин биш санагдах байх.
–Тэгвэл дуурьтаа удирдаач болоод симфони хөгжмийн хувьд гол хувь нэмэртэй ямар юм хийсэн бэ?
–Цөөнгүй жил ажиллахдаа миний хийсэн бодит ажил бол гадаадын “Чио Чио Сан”, “Кармен” зэрэг олон том дуурийг өөр өөрсдийн төрөлх хэл дээр нь дуулдаг тоглодог болгосон. Урьд нь дан монгол хэл дээр дуулж байв. Энэ нь ихээхэн учир дутагдалтай байсан юм. Үг аяны харьцаа алдагдана. Тэгснээр аялгуу нь өөр болно. Тэрнийг гадаадынхан ирээд үзэхээр ойлгодоггүй, таньдаггүй байв. Үүнийг би өөрчилж чадсан. Монгол дуурын урлагт оруулсан бага биш хувь нэмэр маань энэ гэж боддог. Итали дуурыг Итали хэлээр нь, франц дуурыг франц хэл дээр нь. Оросыг оросоор нь дуулдаг болсны нэг ач холбогдол гэвэл манай дуурийн дуучид дэлхийн аль ч улс оронд очоод дуулах боломж нээгдсэн. Тэд маань тив, дэлхийд ур чадвараар үнэлэгдэх болсон. Бас оркестортойгоо, хөгжимчидтэйгөө тул ажилласан. Энэ ч үр дүнд хүрсэн юм.
“ТЭДНИЙ ТУХАЙ ЯРИХАД ЗҮГЭЭР НЭГ МАГТАХ Ч БАГАДДАГ”
–Монголын симфони найрал хөгжмийн түүх гэж ярьвал…?
–Монголд симфони найрал хөгжмийн тулгын чулууг тавьсан хүн бол Смирнов гэдэг орос байсан. Тэр хүн мэргэжилтнээр ирээд тухайн үеийн “Бөмбөгөр ногоон”-д хөгжимчин байсан Базаррагчаа, Мядагбадам, Дашдулам зэрэг үндэсний хөгжим тоглодог олон хүнийг татан авч өөр өөр хөгжимд дасгаж сурган олуул тоглох болгосон. Энэ бол симфони хөгжмийн үүсэл гэж үздэг. Тэр суурь дээр анх ажилласан монгол хүн нь жижиг Лувсаншарав гэдэг хүн юм билээ. Ж.Чулуун, Ц.Намсрайжав нар тэр үед жирийн л хөгжимчин байсан гэдэг. Сүүлдээ удирдаач болж гарч ирсэн дээ тэд.
–Ж.Чулуун гуай гайхалтай хөгжимчин төдийгүй удирдаачийн хувьд тун мундаг хүн байсан юм гэдэг дээ?
–Монголын хөгжмийн урлагийн түүхэнд тун содон хүн. Азидаа лав алдартай удирдаач байсан. Асар их авьяастай, удирдаачийн хувьд гарын техник нь гойд. Тэрнийгээ дуурын урлагт бүрнээ зориулж чадсан буянтан гэж болно. Чулуун багшийг Чехэд хөгжмийн консерваторт суралцуулахаар явуулсан. Очоод шалгуулсан чинь тэндхийн багш, профессорууд “Та Японд юм уу. Шанхайд сургууль төгсгөсөн хүн байна гэж. Үгүй ээ би ямар ч сургууль суралцаагүй гэхэд үнэмшээгүй гэдэг. Тэгээд та хоёр жил манай орноор сайхан зугаал юм үз. Жаахан нүд тайл. Буцахдаа харин сургууль төгссөн дипломоо авдаг юм шүү. Танд удирдаачийн хувьд нэмж заах юм алга гэж байжээ. Энэ хүний нөлөөнд манай симфони оркестор шинэ шатанд гарсан гэж хэлж болох байх.
–Намсрайжав гуайн тухайд…
–Монгоын хөгжмийн суут хүний нэг. Манайдаа гадаадад консерватор төгсгөсөн анхны хүн. Жинхэнэ мэргэжлийн удирдаач төдийгүй маш сайн зохион байгуулагч байсан юм даа. Улсын филармонийг анх үүсгэн байгуулсан гавьяатай хүн. “Халуун элгэн нутаг дуу” нь төрийн хүндэтгэлийн дуу болсон доо.
–Л.Мөрдорж гэж бас нэг гайхамшигтай хүн байсан гэдэг. Энэ хүний тухай таныг сайн мэднэ гэж сонссон юм байна?
–Л.Мөрдорж гуай бид хоёр аав, хүү хоёр шиг л нөхөрлөж явлаа. Богдын дэргэд өссөн тэрбээр урлагийн газраар орж гарсаар яваад л хөгжмийн хүн болсон юм билээ. Хөгжмийн урлагтаа өвөрмөц авьяастан байсан даа. Бүтээлүүд нь аялгуу сайхантай давхар дуугарах ая дан нь дэндүү уянгалаг. “Миний эх орон” гэдэг Монголын анхны том симфони түүнийх. “Хөхөө Намжил”, “Жаргал” гээд дуурь байдаг. Дан хөгжмийн бүтээлүүдийн тэргүүн эгнээнд орох туурвилуудыг Л.Мөрдорж гуай зохиосон. Бас ардын найрал хөгжим, зохиолын дууны хэлбэрийг бий болгосон дэг жаягыг нь боловсруулсан хүн. Хөгжмийн бас нэг их хүн Б.Дамдинсүрэнтэй хоёул 1951 онд төрийн дууллын аяыг зохиосон гэдгийг ч бараг хүн бүхэн мэдэх биз.
–Нийтийн дууны эхийг тавьсан гэж зарим хүний хэлэхийг бас сонссон юм байна?
–Тэгж хэлж болно. Л.Мөрдорж гуайн “Хөхөө Намжил” дуурь бол бадагчилсан дууны хэлбэртэй бүтээл юм шү дээ. Тиймээс тийм том дуурь бүтээчихсэн хүнд дуу зэрэг ер нь юухан байхав дээ. Сонин сонин дурсамж бий. Хүнд ярьж болох болохгүй дурсамж ч байх.
–Ганц нэг дурсамж хэлбэл зүгээр л санагдах юм даа?
–Надад өвгөн их юм сонирхуулж ярьдаг. Түүнээс нэгийг хэлье. Өвөрхангай аймгийн ой болох гээд “Мөнгөн хүрхрээ чимээ” гэдэг дуу хийлгэхээр Л.Мөрдорж гуайг аймгийн Засаг дарга нь урьж л дээ. Очжээ. Бүтэн долоо хоног архи ууж халамцаж байв гэнэ. Сүүлчийн өдөр “Улаан цутгалан”-гийн хүрхрээ дор очицгоож. Тэгсэн өвгөн халааснаасаа шүдэнз гаргаж ирээд ар дээр нь нэг юм бичих аядсанаа “За боллоо” гээд далд хийчихэж. Хамт явсан аймгийн дарга болон нутгийн хүмүүс “За тэр “Мөнгөн хүрхрээ чимээ” дуу ч өнгөрөв бололтойдог гэж бодоцгоож. Сарын дараа аймгийн ойд зориулсан радио нэвтрүүлэг эхлэхэд ёстой л Мөнгөн хүрхрээ чимээ гэмээр дуу хангинадаг юм гэнэ. Л.Мөрдоржийн хөгжим “Мөнгөн хүрхрээ чимээ” дууг дуучин Б.Зангад хоорын дуучидтай хамтран дуулна гэж зарлаж. Энэ үед аймгийн дарга нь “Л.Мөрдорж гуайн архийг нь арай багадуулчихаагүй байгаа даа” гэж бодсон гэдэг.
Тэгсэн өвгөн Өвөрхангай явахаасаа өмнө дуугаа зохиочихсон. Очсон долоо хоногтоо дуугаа тэр нутгийн сайхан байгальтай хэр таарч байгааг толгойдоо тунгааж л явсан байж таарах нь. Шүдэнзний хайрцаг дээр юу гэж бичсэн байв гэвэл “таарч байна” гэж хуучин бичгээр таталсан нь өөрт нь ч санамж өгсөн юм билээ. Үүнийг надад ярьж байсан. Бас П.Адарсүрэнгийн дуулдаг “Намрын өнгө” гэдэг дуу бий. Уг дуу төрсөн түүх сонин. Өвгөн радио дээр очих тэр үед Адараа ятгатай дуу бичүүлж таарсан юм байна. Үүнд нь Мөрдорж гуай олзуурхаад надад нэг дуу байна. Адарсүрэн чи дуулаад бичүүлж өг гэдэг юм гэнэ. Радиогийнхан одоо 15 минут л байна. Амьжих юмуу гэж. Өвгөн тэр дор нь нотыг нь бичиж үгийг нь өгөөд Адарсүрэнгээр дор нь дуулуулж бичлэг хийлгэжээ. Одоо тэр л бичлэгээрээ радиогийн алтан фондод байдаг юм. Ардын дуу шиг тэр сайхан дууг Л.Мөрдорж гуай тархиндаа биччихсэн л явсан юм билээ л дээ. Ийм ховорхон авьяастай нэгэн байсан юм даа.
–Түүнийг жаахан зоргоороо сахилгагүй талдаа хүн байсан гэдэг яриа бий дээ?
–Тэр ч тийм. Ямар сайн даа. Хөгжмийн зохиолчдын хурал дээр өөрийг нь “Та дандаа архи уудаг” гэж шүүмжлэхэд “Битгий дэмий яриад бай. Би ганцхан удаа л архи уусан бусдад нь шараа тайлсан юм шүү” гэж хэлсэн гэдэг нэг хууч бий.
УДИРДААЧ ГЭДЭГ ХАМГИЙН ХҮНД МЭРГЭЖЛИЙН НЭГ
–Сонгодог урлаг ер нь дэлхийд хэзээ бий болсон юм бэ?
–Дэлхийд гэвэл сонгодог урлаг XVI зууны үеэс эхлэлтэй. Гайдн, Моцарт, Бах нарын суутнууд симфонийн төрөл зүйлд багтах хөгжмүүд бичиж тоглуулж байсан үе л дээ.
–Тэгвэл манайд сонгодог урлагийн гол төрөл симфони хэдийд үүсэв. Ер нь симфони гэж юу вэ?
-1940-өөд онд Монголчууд симфонитой танилцсан байдаг. Найрал хөгжимд зориулсан 3-4 анги заагтай том бүтээлийг симфони гэдэг бөгөөд дан хөгжмийн бүтээл дотроо хаан нь юм даа. Бас дотроо сонат, дуурь, балет гэх төрлүүд багтана. Симфони хөгжмийн төрөл бий болохтой зэрэгцээд 1940-өөд оноос манайд хөгжмийн аянд дуулах, бүжиглэх болсон.
–Симфони гэдгийг зарим хөгжим судлаачид ая эгшгийн зохицол гэж хэлсэн байдаг юм билээ?
–Үүнтэй би санал нийлдэггүй. Ер нь хэт махчилж монголчлохоор алив юмны утга санаа нь алдагддаг, дууны хувьд ая эгшиг нь өөрчлөгддөг аюул бий л дээ. Тэгэхлээр аль улс орны хөгжмийн бүтээл эх хэлээрээ дуулагдаж байх нь дэлхийтэй хөл нийлүүлж яваагийн илэрхийлэл юм шүү.
–Удирдаач гэдэг мэргэжилтэн хэдийд үүсч бий болсон юм бэ?
–Симфони оркестор бүрэлдэн тогтсон тэр цаг үетэй зэрэгцэн удирдаач хэрэгтэй болсон гэдэг. Хөгжимчид анх ердөө ганц хоёроороо тоглодог байж. Тэгээд XIV зууны үеэс олуулаа хамтарч тоглох шаардлага гарч ирсэн байдаг. Хөгжмийн зэмсгийн төрөл ч олширсон. Гэтэл ая дан нь зөрөлдөөд нэг л болохгүй байж л дээ.
Эхний үед хийлч нь нумаараа удирдах маягтай тоглуулж үзэж. Энэ дөхөм байсан. Тэгээд 30-40 хүнтэй оркестор бүрдээд ирсэн үед нэг хүн хөгжимчдийнхөө өмнө гарч ирэн цаас хуйлаад гоё боож бариад дохиж эхэлсэн. Тэхдээ тухайн удирдаач үзэгчийн зүг харж зогсоод дохьдог байв. Энэ нь ямар учиртайв гэвэл хаад ноёдын өмнө буруу харж бөгсөө харуулж зогсохыг цээрлэсэн хэрэг аж. Ингэсэн ч бас хөгжмөө зэрэг тоглуулахад учир дутагдалтай байсаар байсан тул тун удалгүй хөгжимчид рүү харж зогссон. Энэ нь зохицолтой болсон. Бас гартаа хуйлсан цаас биш цагаан палк барих дэвшил гаргасан байдаг. Ер нь удирдаачийн урлаг хөгжмийн төрөл зүйл дотроо хожуу хөгжсөн ч дэлхийд алдартай мундаг удирдаачид төрөн гарч цааш хөгжүүлсэн юм билээ.
–Удирдаач гэдэг ер нь хялбар мэргэжил мөн үү?
–Маш хүнд мэргэжил. Дэлхийд гурван хүнд хэцүү мэргэжлийн нэг нь удирдаач гэдэг юм. Эхэнд нь газрын гүнд ажилладаг уурхайчин, хүний амь насны төлөө шамдаж байгаа мэс заслын эмч гэсэн мэргэжилүүдтэй эн зэрэгцдэг гэж болно. Удирдаачийн мэргэжил яагаад хүнд юм бэ гэвэл сэтгэл зүйгээр байнгын дарамт, стресс дунд амьдардаг. Хөгжимчид бэлэн болов уу. Хөгжим нь хөг сайтай юу. Дуучны хоолой сөөчихөөгүй байгаа даа. Тоглолтод алдаа гарчих вий гэж сэтгэлээ зовооно. Тэр нь уурхай нурчихгүй байгаа даа гэж түгших уурхайчинтай, мэс заслын ширээн дээр хүн үхчих вий гэж зовох эмчтэй адил юм шүү дээ. Тиймээс сэтгэл нь байнга түгшээстэй тархи нь секунд тутамд өөрчлөлтийг мэдэрч байдаг хүн хөгжмийн удирдаач. Олон хөгжимчнийг нэг хүн шиг тоглуулна гэдэг удирдаачийн ур ухаанаас шалтгаална.
–Алив салбарт хүн олон жил ажиллахаар дадлагажиж ажил гарт орох гэж байдаг. Удирдаачид тийм юм байх уу?
–Удирдаачийн мэргэжил гол нь практик л даа. Түүнийгээ эзэмшсэн, зөв цуглуулж чадсан хүн сайн удирдаач болдог. Сайн удирдаач хүний шалгуур юу вэ? гэвэл хөгжимчдөөсөө дуучнаасаа илүүг түрүүлж мэдсэн. Оркесторт байгаа бүх хөгжмийн дуугаралтыг мэдэрч чаддаг байхыг хэлж байгаа юм. Дээр нь тоглох зохиол бүтээлээ нарийн судалсан байх шаардлага бий. Гарт ордог уу гэж байна. Орно. Тэр симфонио, дууриа, балетаа тоглуулахдаа нот харалгүй цээжээр мэдэж шууд дохьдог болдог. Миний хувьд “Богема”, “Чио Чио Сан”, “Аида” гээд том том дуурийг нотгүй удирдаж чаддаг болсон. Гэхдээ хүн компьютер биш учраас одоо аль хэсэгт явна гэдгээ хааяа нотоос харах тохиолдол бий. Удирдаач хүний нэг онцлог байдаг. Хүн юм уншихдаа мөр мөрөөр нь уншдаг бол удирдаачид 50-70 мөр нотыг нэг харалтаар уншдаг. Өөрөөр хэлбэл 3-4 хуруу зузаантай номыг ердөө хоёрхон цагт уншчихна гэсэн үг.
–Оркесторт байнга шахам өөрчлөлт орж таардаг. Энэ нь удирдаачид ачаалал нэмнэ гэсэн үг үү?
–Би филармонид хоёр удаагийн бүрэлдэхүүнтэй ажилласан. 12 жилд шүү дээ. Тэгвэл дуурын театрын симфони найрал миний ажилласан жилүүдэд гурав дахь үе нь гарч ирээд байна.
Бүрэлдэхүүн шинэчлэгдэхээр мэдээж ажил нэмэгдэнэ. Шинэ хүмүүст бүхнийг зааж ажилд зүгшрүүлнэ. Тэднийг давтан сургах ажил удирдаач бидний л үүрэг.
–Монголын сонгодог урлаг дэлхийн түвшинд хаана нь явдаг юм бол?
–Энэ дээр сонин юм ярьж болно. Ер нь баярлаж явдаг маань бидний өмнө ажиллаж байсан алтан үеийнхэн ийм сайхан бэлэн зэлэн, бүтэц бүрэлдэхүүнийг, өвийг бий болгож өгсөнд байдаг. Тэд сонгодог урлагийг хөгжүүлэх тэр үүд хаалгыг нээж өгсөн буянтнууд. Миний хувьд 1985 оноос хойш Монголын сонгодог урлагийг улам хөгжүүлье гэж чармайж явна. Ахмад үеийнхнийхээ хийж чадаагүй мөрөөдөж байсан бүхнийг гүйцээх гэсэн бодолтой л ажилладаг даа. Манай театрт нэг онцлог юм бий. Зарим оронд концертын том заал хоосон байх нь бий. Гэтэл манайх байнгын ажиллагаатай үзэгчтэй. Европын театруудтай харьцуулахад огт өөр. Бүр XVIII зууны үийнх шиг гэж болно.
–Хоцрогдонгүй гэсэн үг юм уу?
–Тийм биш. 17, 18 дугаар зууны үеийнх шиг гэдэг бол асар их үнэ цэнэтэй гэсэн үг. Яагаад гэвэл жүжигчид, дуучдынхаа гутал хувцсыг өөртөө хийдэг үйлчидтэй. Тайзаа бүтээдэг мужаантай, зураачтай бүх юм театрт өөртөө. Энэ л үнэ цэнэ. Гадаадын найруулагчид ирээд гайхдаг, бүр сонирхдог юм. Гадаадад бол театрт зөвхөн дуучид жүжигчид л байна. Хувцас хунар, тайз чимэглэл бүгд төслөөр ч юм уу гаднаас хангагдаж байдаг.
–Манай дуучид олон улсад үнэлэгдэж байна. Энэ манайд сонгодог урлагийн хөгжил сайн хөгжиж байна гэсэн нүүр царай биз?
–Тэгэлгүй яахав. Энэ бол Монголын урлагийн түүхэнд онцгой үйл явдал. Э.Амартүвшин, Г.Ариунбаатар гээд дэлхийд данстай дуучид болж. Эдний өмнө замыг нь засч өгсөн хүн бол Ч.Ганбат гэдэг дуучин байлаа. Тэр баритон хоолойтнуудын хөтөч нь юм. Түүний “Ус мөрөн олон шиг” гэдэг цомог бий. Би уг цомгийг бүтээлцсэн юм. Түүнийг сонссноор манай өнөө үеийнхэн сонгодог хоолойгор Монгол дуу яаж дуулж болохыг мэдэж авсан. Сонгодог урлагийг нэг том ордон гэж үзвэл Э.Амартүвшин дээвэрт нь гарчихлаа. Зөвхөн Г.Ариунбаатар тэр хоёр биш манайд олон сайн дуучин төрж байна. Тэд ОХУ болон Европт болж буй конкурсуудад амжилт гаргаж байгаа. Энэ нь Монголын сонгодог урлагийг, хөгжмийн бүтээлийг дэлхийд таниулж байгаа гэсэн үг.
–Манай симфони хөгжмийн бүрэлдэхүүн европын орнуудынхаас түвшин доохнуур гэсэн үг та цухуйлгасан даа. Үүндээ тайлбар хэлнэ үү?
–Гадаадын оркестор сонгодог хувилбараараа дандаа консерватор төгсгөсөн хөгжимчид дээд мэргэжлийнхэн. Тиймээс чадвар нь мундаг. Гэтэл манайхан голдуу хөгжим бүжгийн коллеж төгсөгчид. Тиймээс жаахан ялгаа байдаг. Гэхдээ одоогийн манайхан дэлхийн түвшинтэй дүйхээр чадварыг эзэмшиж чадсан хөгжимчид л дөө. Энэ бол миний бахархдаг зүйл. Саяхан ХБК маань консерватор боллоо. Арван жилийн дараа огт өөр дөрөв дэх үе гарч ирнэ л дээ. Нэг зүйлийг онцлоход симфони найрал хөгжмийнхөн энэ театрын хамаг хүндийг үүрч явдаг юм шүү. Тиймээс би энэ симфони оркесторыг хайрладаг, дэмждэг байх хэрэгтэй гэж боддог. Би хөгжимчин хамт олондоо хайртай. Гэхдээ хал нь гаднаа хайр нь дотроо гэдэг чигтэй ажилладаг.
–Манай хөгжмийн зохиолчдын бүтээлд ялгаа их байдаг уу. Удирдаач хүн л ямрыг хэлэх байх?
–Монголын хөгжмийн зохиолчдын бүтээл өөр өөрийн онцлогтой л доо. Жишээ нь Ц.Чинзоригийн бүтээл маш сайхан аялгуутай бас сонирхолтой санагддаг. Х.Билэгжаргал дуурийн урлагт том амжилт гаргасан хүн. Бичих арга нь өвөрмөц. Тэгвэл Б.Шаравынх бас онцгой өнгө төрхтэй. Аялгуу нь өөрөөсөө ундарч байгаа шиг өрнөлтэй сонсогддог. Удирдаач хүн энэ ялгааг олж харж хэрхэн тоглуулах арга эвээ хайдаг юм.
–Тэгвэл сонгодог урлагт дуурь, бүжгийн жүжиг, балет хөгжмийн бүтээл гээд төрлүүд байна. Удирдаач хүн энэ бүхэнд адил мэргэшсэн байдаг уу?
–Бид дууриа ч, балетаа ч удирдаад явж ирлээ. Уг нь удирдахуйн урлаг талаас үзэхэд тус тусдаа удирдаачтай байж болох. Үүнийг бид анхаардаг л даа. Ингээд балетаар мэргэшсэн удирдаачтай болох гэж хүн сонгох болсон. Гэтэл уг сонголтод манай охин Т.Гэрэлцэцэг тэнцсэн юм. Балетаа мэддэг хүн хайсан л даа. Гэрэлцэцэг хорь гаруй жил балетийн хөгжим тоглочихсон хүн л дээ. Тэгээд түүнийг таван жил балетын удирдаачаар бэлтгэж авлаа. Сургуулиа төгсч саявтар “Хунт нуур” балетаа удирдаж дипломаа хамгааллаа. Түүнд бас нэг онцлог байгаа юм урьд тоглож байсан балетуудын хөгжмийг олон жил тоглочихсон болохоор нот хараад байхын шаардлагагүй байдаг. Ер нь балет бие даасан удирдаачтай боллоо гэдэг манай театрт ч том үзэгдэл л дээ. Бидний том хөрөнгө оруулалт. Намайг ингэж хэлэхээр охиноо магтлаа, гэр бүлсэг тал нь дийллээ гэх хүн байж мэдэх юм. Тийм биш л дээ. Улсад сонгодог урлагтаа хэрэгтэй юм.
–Жүжигчин хүн байнга янз бүрийн дүрд хувирч амьдардаг. Тэгвэл удирдаач хүн яг л хэвээр. Туулайхүү Туулайхүүгээр л байна гэсэн үг юмаа даа. Хэрэв өөрийг чинь сонгодог урлагийн тайзнаас өөр байрт тавьж харвал ер нь хэн байх бол?
-Тэгэхлээр би удирдаач гэдэг ховор мэргэжлийн эзэн байх хувь тавилантай хүн шиг байгаа юм. Аавынхаа мөрөөдлийг биелүүлж л удирдаач болсон юм. Гэхдээ надад янз бүрийн хобби байдаг. Тухайлбал залуудаа төгөлдөр хуурч болох гэж их үзлээ. Дээр нь спортоор хичээллэж байлаа. Снукер биллиардаар спортын дэд мастер цолтой. Бас нэг сонин хобби бол янз бүрийн багаж их цуглуулдаг. Хүний хэрэгцээнд зориулж хийсэн үзэг, асаагуур ч юмуу жижиг хэрэглэл их авдаг байлаа. Сүүлдээ мужааны, дархны багаж гээд л. Тэрнийгээ гэр орныхоо хэрэгцээт юмыг янзлах, засахад ашигладаг. Тийм юм оролдохдоо өөрөө бас их дуртай. Бүр ухаанаа өгдөг ч гэж болно. Жишээ нь зуслангийн байшингийн дэргэд мод харуулдах, төмрөөр өөр юм хийгээд оролдоод суухад кайф авна даа. Цахилгааны хэрэглэл эвдэрч доголдоход ч хүн гуйхгүй, багаж бэлэн өөрөө л хийчихнэ дээ. Ер нь хүнд санаа бодлоос илүү багаж л хэрэгтэй юм шүү. Бас миний насан туршийн нэг хобби бол гэрэл зураг. Дунд сургуулийн долдугаар ангид байхаасаа л гэрэл зураг авч эхэлсэн гээд боддоо. 1969 оноос хойш хэдэн жил өнгөрөв. Авсан зургийнхаа хальсыг гээлгүй хадгалсан. Одоо тэр бүхнийгээ файл болгож аваад бараг дууслаа. Удалгүй ном хийнэ. Юуны өмнө үзэсгэлэн гаргана. Миний амьдрал төдийгүй Монголын сонгодог урлагийнхны түүх ч эндээс харагдах байх гэж бодож байгаа шүү.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин