Энэ удаагийн МҮОХ-ны чуулганы үйл ажиллагаа хэвлэл мэдээллийнхэнд төдийгүй спортынхонд хүртэл хаалттай болж байгаа нь шүүмжлэл дагуулж байна. Одоогоор тус хорооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч Волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх мөрийн хөтөлбөрөө танилцуулаад байгаа аж. Дараа нь буюу яг одоо Буудлага спортын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаа юм байна.
Өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын гавьяат тамирчин, Барселоны олимпын хүрэл медальт, Боксын холбооны нарийн бичгийн дарга асан Н.Баярсайханыг санал өгөх гишүүний нэрсийн жагсаалтаас хассан. Үүнд нь гомдол гаргасных нь дараа үг хэлэх эрхгүй зочин гишүүнээр оролцох урилга өгөхөөр болсон нь спортынхны дургүйцлийг төрүүлж байгааг олон хүн ярьж байгаа юм. Ер нь МҮОХ-ны VII чуулганы уур амьсгалаас хэт хаалттай, нэг хүн, нэг бүлэглэлээс хараат байдлаа задлах, өөрчлөх, Монголын үндэсний бөхийн холбоо шиг “хайрцаглагдах” хандлагаа өөрчилье гэсэн зориг, итгэл дүүрэн байгаа нь ажиглагдаж байна. Тэгээд ч одоогийн ерөнхийлөгч нь хэтэрхий олон хэрэгт нэр холбогдож, өршөөлөөр суллагдсан ч ялын хугацаа дууссан эсэх нь маргаантай байгаа зэрэг нь Олимпийн хорооны нэр хүндэд халтай талаа нэмж буй нь уур амьсгал ийнхүү өөрчлөгдөхөд хүргэсэн бололтой.
Ямартай ч өнөөдөр нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулж, асуулт хариулт өрнүүлж саналаа хураалгасны эцэст МҮОХ-нд үнэхээр “Салхи эргэсэн үү” тэдэнд Д.Загдсүрэнгээс хараат бус сонголт хийх чадвар, эр зориг байгаа эсэхийг харах үлдлээ.