Ерөнхий боловсролын сургууль хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон мэдлэг олгоход сурах бичиг хамгийн чухал. Эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа оюун тархинд чухам ямар үр тарих вэ гэдэг нь сурах бичгээс ихээхэн хамааралтай учраас зохиогчид нь агуулга, арга зүй, зохиомж, чанар гээд бүх зүйлд сайтар анхаардаг нь дэлхийн жишиг.

Гэтэл сүүлийн жилүүдэд Монголын төр, засаг сурах бичиг зохиох ажилд төдийлөн ач холбогдол өгөхгүй, цагийг нь тулган хам хум юм хийж, ард нь гардаг болсон. Дараа оны сургалтад ашиглах сурах бичгийг зохиох сонгон шалгаруулалтыг бүтэн жилийн өмнө зарлаж дүгнээд, хэвлэлтэд бэлтгэдэг байсан урьдын цаг нэгэнт ул болов.

Сүүлийн гурав, дөрвөн жил ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг зохиох, хэвлэх мөнгийг хамтад нь “луу унжин” байж улсын төсвөөс гаргахдаа цагийг нь хэт тулгадаг болсны уршгаар олон хүүхэд гар дээрээ тавих номгүй хичээллэж буй. Наад зах нь, 2016-2017, 2017-2018 оны хичээлийн жилд арванхоёрдугаар ангийн хүүхдүүд сурах бичиггүй явсаар зуныхаа амралттай золгох гэж байна. Энэ нь “Төгсөх ангийн хүүхдүүдийнхээ сурах бичгийг зохих агуулга, стандартад нийцүүлэн зохиож, чанартай сайн хэвлээд өгье” гэсэндээ хоёр жил дамжин “нухаж” байгаа хэрэг яавч биш билээ.

Арванхоёрдугаар ангийн математик, мэдээллийн технологи, монгол хэл, үндэсний бичиг, уран зохиол, дизайн технологи, англи, орос хэл гэсэн найман хичээлийн сурах бичгийг шинээр зохиох сонгон шалгаруулалтын зар саяхан Боловсролын хүрээлэнгийн цахим хуудаст тавигдаад буй. “Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй зохиогчийн баг дөрөвдүгээр сарын 5-ны дотор материалаа ирүүлнэ үү” гэснээс өөр тодорхой хугацаа уг зар дээр алга.

Тэгэхээр шалгарсан баг хэзээ сурах бичгүүдийг зохиож дуусгаад, хэдийд нь хэвлэлтэд шилжүүлэх вэ гэдэг эргэлзээтэйг хэвлэлийн газрынхан хэлж байна. Хамаг ажил нь зуун задгай, жаран хагархай байгаа тул 2018-2019 оны хичээлийн жил эхлэхэд арванхоёрдугаар ангийнхан дахиад л сурах бичиггүй суралцах магадлалтай гэдгийг салбарын яамны эрх бүхий албан тушаалтан ч хүлээн зөвшөөрөв.

Зөвхөн төгсөх ангийнхан ч бус, арав, арваннэгдүгээр ангийн тав, долдугаар ангийн дөрөв, зургадугаар ангийн гурван хичээлийн сурах бичгийг мөн л өнөө хэр зохиож амжаагүй тул дээрх сонгон шалгаруулалтыг хамтатган зарлажээ. Дээрх 24 сурах бичгийг зохиож дууссаны дараа хэвлэхдээ сонгон шалгаруулах гэж бас сунжирсан, завхарсан юм болно. Өнөөх нь ёс юм шиг заавал хэл ам дагуулж, “Яам ганц нэгхэн компанид давуу эрх олгосноор өнөөдүүл нь хүчин чадлаа дийлэхгүйн улмаас сурах бичгийн хэвлэлт удааширч байна” гэхчилэн шүүхдэлцэхэд хүрнэ. Азаар тэр нь гайгүй өнгөрлөө гэхэд компаниудтай гэрээгээ байгуулах гэж шат шатны албан тушаалтны гарын үсэг хүлээж, цаг үрнэ. Хэвлэчихлээ гэхэд худалдан борлуулах гэж үнээ тохиролцохгүй толхилцоно.

Энэ бүхний ард хэн хохирдог нь ойлгомжтой. Өнгөрсөн жил 45 нэр, төрлийн сурах бичиг шинээр зохиож, хэвлэх ажил нь мөн л сунжирсан тул өвлийн эхэн сар хүртэл хүүхдүүд номоо авч амжаагүйг багш, эцэг, эхчүүд бэлээхэн гэрчилнэ. Эцэст нь арайхийн монгол хүүхдүүдийн 40 хувь буюу зорилтот бүлгийн сурагчид номтой боллоо гэхэд үлдсэн 60 хувийнх нь асуудал “босож” ирдэг. Учир нь төрд худалдах ёстой 40 хувиа хэвлэж дууссаны дараа компаниуд өөрсдийн зарж борлуулах сурах бичгээ (60 хувиа) хэвлэдэг юм. Сурах бичиг хүүхдүүдийн гар дээр очих дамжлага үндсэндээ ийм.

Хүүхэд нэг бүрийг өөрийнх нь хүсэл сонирхолд тулгуурлан хөгжүүлэх зорилготой сургалтын цөм хөтөлбөр нэвтрүүлэх гэж манай улс 2013 оноос хойш баахан л юм болж байна. Сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд бүх ангийн сурах бичгийг шинэчлэх ажил хамгийн чухал нь байсан. Тиймээс 2014 онд улс орны эдийн засаг харьцангуй гайгүй байхад бага ангийн бүх сурах бичгийг шинэчилж амжсан билээ. Гэтэл 2015 оноос хойш энэ ажил урагш муутай байгаа нь үнэн.

Сонгуулийн жилийн өмнө ерөнхий боловсролын сургуулийн арав, арваннэгдүгээр ангийн сурах бичгийг зохиох, хэвлэх мөнгө Монгол Улсад “олдоогүйн” улмаас сурагчид 2016-2017 оны хичээлийн жилд цөм хөтөлбөрийн агуулгаа үзэж чадаагүй. Дунд ангийн зарим сурах бичгийг шинэчлэх, ахлах ангийнхны номыг зохиох, хэвлэхэд шаардлагатай дөрвөн тэрбум гаруй төгрөгийг Сангийн яамныхан шийдэж өгөхгүй гүрийсний горыг хоёр жилийн турш сурагчид л амссан.

“Хуучин сурах бичгээрээ хичээллээд болж л байгаа шүү дээ” хэмээн бурууг өөрсдөөсөө зайлуулахын оронд агуулга нь хоцрогдсон, дээрээс нь нүдний гэм болсон “навтарга”-ыг хувилж, ээлж ээлжээр дамжуулан хэрэглэж буй хүүхдүүдийг нэг бодоод үзээрэй.

Тэгвэл ядаж “Он гарангуут сурах бичиг зохиох, хэвлэх ажлыг хөөцөлдөөд, эртхэн эхлүүлье” гэж бодох байлгүй. Юм бүхэн гэрлийн хурдаар хувьсан өөрчлөгдөж буй мэдлэг, мэдээлэл технологийн эрин зуунд хэдхэн сурах бичгийг хэвлэе гэвэл яаж л бол яаж хийх боломж бий дээ, уг нь.

ИНФОГРАФИК

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

Сурагчид үнэтэй, урагдаж, хувилсан ном ашигладаг

Хичээлийн жил бараг шувтарч, хоёрхон сарын дараа ерөнхий боловсролын сургуулиуд амрах нь. Гэвч сурч боловсрох бүрэн эрхтэй хүүхдүүдийн олонх нь сурах бичиггүй шахам энэ хичээлийн жилийг үдэж байна. Сүүлийн хэдэн жил ийм явдал давтагдсан гэхэд хилсдэхгүй. Сургуулийн номын санд намар тоотой хэдэн сурах бичиг очдог ч, сурагч бүрт оногддог нь цөөн. Олон хүүхдийн “нүүр үзээд” халтартаж, урагдсан номыг хүүхдэдээ бариулахаас цээрлэн, шинэ ном хэд хэдээр нь аваад өгчих бэлтэй ээж, аавуудаас илүү нэг хичээлийнх нь сурах бичгийг ч хангачих бэлгүй зүдрүүхэн айлын хүүхэд олон болов уу. Хоёр сургуулийг харьцуулан, өдгөө байдал ямар байгааг сурвалжиллаа.

Улсын тэргүүний 24 дүгээр сургууль нийт 3000 гаруй хүүхэдтэй. Нэг анги 40 гаруй сурагчтай аж. Сургуулийн номын сангаас энэ хичээлийн жилд нэг ангид нийт 60 орчим ном хуваарилжээ. Нэг хүүхдэд 8-10 ном шаардлагатай ч ганц, хоёрхон л оногдож, үлдсэнийг нь худалдан авсан байна. Мөн зарим хичээлийн сурах бичиг огт хэвлэгдээгүй гэнэ.

Тус сургуулийн ахлах ангийнхан нийгмийн ухаан, монгол хэл, түүхийн номгүй байхад долдугаар ангийн сурагчид газар зүй, иргэний боловсролын сурах бичиггүй. Номгүйн улмаас гэрийн даалгавраа хийж чадахгүй байх нь энгийн үзэгдэл гэдгийг хүүхдүүд хэлсэн. Үүнээс гадна номоо хулгайд алдах тохиолдол цөөнгүй гардаг бололтой.

Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборын бага сургуулийн тавдугаар ангийнхан математик, монгол хэлний номгүй гэнэ. Мөн тавдугаар ангийн гурван бүлгийнхэн номын сангаасаа нэг ч сурах бичиг авч чадаагүй үлджээ. Худалдаж авъя гэсэн ч зарим нь олддоггүй, гурав, дөрөвхөн номыг 40-үүлээ дундаа хэрэглэх үе ч бий. Багш нь өөр ангийнхнаас ном зээлж, заримыг нь хувилан олшруулах зэргээр аргацаадаг аж.

Сургуулийн номын сангаас үнэгүй өгдөг сурах бичиг 3-4 жилийн өмнө хэвлэгдсэн, олон хүүхдийн гар дамжсаар хиртэж, урагдсан, зарим хуудас нь дутуу, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, элдэв харшил, өвчин үүсгэх нянгаар дүүрэн байдгийг тус сургуулийн сурагч хэллээ. Хэдий хиртэй, бохир гэж головч номгүй үлдэхгүй гэсэндээ хүүхдүүд булаацалдах шахам авдаг аж.

Сурах бичгийн хомсдолыг далимдуулан жил бүрийн намар номын үнэ хуучин, шинэ гэж ялгалгүй огцом өсдөг. Хэвлэлийн компаниуд нэг номыг дунджаар 1500-4000 төгрөгөөр борлуулах жагсаалт гаргасан байхад дамын наймаачид хоёр, гурав дахин нугалж, 8000-15 000 төгрөгөөр худалддаг. Үүний зэрэгцээ зарим багш хувиараа сургалтын материал, дасгалын ном бэлтгэж, хэвлээд сурагчдад шахах “бизнес” цэцэглэдгийг ч таслан зогсоох шаардлагатайг зарим эцэг, эх хэлж байлаа.

ДЭЛХИЙН ЖИШИГ

Сурах бичгийг төрийн хяналт дор бэлтгэдэг

Дэлхийн улсууд сурах бичгээ төрийн хяналт доор бэлтгэдэг. Хойд хөршид төрийн сүлдтэй сурах бичгийн жагсаалтаа жил бүр шинэчилдэг. Жагсаалтад орох сурах бичгийг шалгаж дүгнэх ажлыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академийн хамтарсан шинжээчдийн зөвлөл гүйцэтгэдэг. Тус зөвлөл сурах бичигт өөрчлөлт оруулах, шинэчлэх, эсэхийг шийддэг аж. Орчин үеийн технологийн хөгжлийн дагуу ОХУ-ын дунд сургуулиудад заавал цахим хувилбартай сурах бичиг ашигладаг болжээ. Сурах бичгээ төрийн хяналт дор улсын болон хувийн компаниар хэвлүүлдэг гэнэ.

Сурах бичиг нэг ижил агуулгатай байх, эсэх нь тухайн улсын боловсролын тогтолцооны хэлбэрээс хамаардаг аж. Жишээлбэл, Орос, Францынх төвлөрсөн тогтолцоотой тул сурах бичиг нь тийм ч олон төрөл биш. Харин АНУ-ынх төвлөрсөн бус учир муж улс бүр өөрийн гэсэн сурах бичигтэй. Сурах бичиг бүтээх үйл явцад эцэг, эх, сурагч, эсвэл олон нийтийн буюу эмэгтэйчүүдийн эрх, байгаль орчны хамгаалах хөдөлгөөн болон шашны зүтгэлтнүүд оролцдог гэнэ.

Дэлхий даяар, тухайлбал, Азийн орнуудад улс төрийн санал зөрөлдөөн, олон улсын харилцаа болон дотоод асуудлын улмаас өдгөө түүхийн сурах бичгийн агуулга эмзэг сэдэв болжээ. Энэ нь ихэвчлэн газар нутгийн маргаантай холбоотой байдаг. Гэсэн ч бүх сурах бичгийг төрийн хатуу хяналт дор боловсруулдаг. Тухайлбал, Японд сурах бичгийг дөрвөн жил бэлтгэн, хэвлэдэг.

Эхний жилийн дөрөвдүгээр сарыг зохиогч, редакторын ажилд хуваарилдаг бол хоёр дахь жилийн гурав, дөрөвдүгээр сард Боловсролын яам нь шалгаж баталдаг. Гурав дахь жилийн мөн саруудад хэвлэгч, түгээгч (сургуулийн захирал)-ийг сонгоно. Дөрөв дэх жилийн гуравдугаар сард хэвлэж, түгээгчдэд тараагаад, дөрөвдүгээр сард нь хэрэглэгч буюу сурагчдын гарт очдог гэнэ.

БАЙР СУУРЬ

-Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хүрэлцээ, хангамж яагаад тааруу байгаа талаар мэргэжлийн хүмүүс болон иргэдийн байр суурийг сонслоо.

Ерөнхий боловсролын бүх сургуульд тандалт судалгаа хийнэ

Д.ӨНӨРЖАРГАЛ (МХЕГ-ын боловсролын хяналтын улсын ахлах байцаагч):

Өнгөрч буй 2017-2018 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд хийсэн хяналт шалгалтаар бага буюу I-V ангийн хүүхдүүдийн сурах бичиг бүрэн хангагдсан байсан. Харин дунд болон ахлах ангийнх бүрэн хангагдаагүй. Энэ нь бага ангийн сурах бичгийг 100, дунд, ахлах ангийнхыг 40 хүртэл хувиар хангадагтай холбоотой. Мөн XII ангийн монголын түүхийн хичээлд шинэчлэл хийж, номыг нь зохиож байгаа гэсэн ч одоог хүртэл гараагүй байна.

Ирэх дөрөв, тавдугаар сард хэвлэлтээс гарна гэсэн хариу өгсөн. Гэтэл зургадугаар сарын эхээр сургуулийн амралт эхэлчихнэ шүү дээ. Сурах бичгийн хүрэлцээ, хангамж муу байна. БСШУСЯ сурах бичиг хүрэлцэхгүй байгаа сурагчдад зориулж вэб сайт гаргасан юм билээ. Гэтэл интернэт ашиглах боломжгүй хүүхэд олон байгаа шүү дээ.

Ирэх дөрөвдүгээр сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ерөнхий боловсролын бүх сургуульд төлөвлөгөөт тандалт судалгаа хийх гэж байна. Энэхүү шалгалтаар ямар ангид, хэдэн сурах бичиг, хэзээ тараагдсаныг судлах юм.

Сурах бичиг зохионо гэдэг бол энд тэндээс хэдэн юм цуглуулаад тавихын нэр биш

Р.ЭНХБАТ (“Адмон” группийн ерөнхий захирал):

-Сурах бичгийн тухай яривал олон асуудал бий. Хамгийн түрүүнд нэг мөр болгох ёстой зүйл нь төр, засаг бүх сурах бичгээ үнэгүй тараадаг болох уу, эсвэл бүгдийг нь худалдан борлуулдаг байх уу гэдэг асуудал. Дунд, ахлах ангийн сурах бичгийн 40 хувийг нь төр худалдаж аваад тараана, үлдсэнийг нь компаниуд өөрсдөө борлуулна гэдэг зохицуулалт завхрал, маргааны эхлэлийг тавьдаг гэж би хардаг.

Мөн өөр нэг асуудал нь сурах бичиг хэвлэх, зохиох гэдэг хоёр өөр зүйлийг хүмүүс хольж хутгадаг явдал. Түүнийг нь манай эрх баригчид далимдуулдаг. Сурах бичиг зохиох ажлыг үндсэндээ яамныхан өөрсдөө хийдэг. Энэ жилийн сонгон шалгаруулалтын урилгыг харахад ч сурах бичигт тавигдах шаардлага гэхээсээ байнга үүнийг хийдэг тодорхой хэдэн хүнд тавигдах шаардлага их байна билээ.

Төрийн ажил хийж байгаа хүмүүсийг хажуугаар нь сурах бичиг зохио гэхээр тэд энд тэндээс янз бүрийн материал хуулаад, нэг, хоёрхон сарын дотор болгодог. Сурах бичгийн агуулгыг нэг, хоёр сарын дотор бичих ямар ч боломжгүй. Үүнийг хоёр, гурван жил хийдэг юм. Сурах бичиг зохионо гэдэг бол хэдэн юм цуглуулаад тавихын нэр биш. Хүүхдүүдийн хамгийн түрүүнд урдаа барьдаг ном нь л сурах бичиг учраас түүнийг нь чанартай хийх ёстой. Бусад номыг тэр бүр уншихгүй.

Бүх номоо худалдаж авдаг

Э.АНУЖИН (Дорноговь аймгийн Замын-Үүд сумын гуравдугаар сургуулийн Х ангийн сурагч):

-Энэ жил манайх 19 хичээл үзэж буй. Биеийн тамир болоод сонгон суралцах дөрвөн хичээлээс бусдад нь сурах бичиг хэрэглэдэг. Манай анги 24 хүүхэдтэй. Тэдгээрээс хагас юм уу, бүтэн өнчин, нэн ядуу өрхийн хүүхдүүдэд сургуулиас сурах бичиг өгдөг.

Бусад нь өөрсдөө худалдаж авдаг. Энэ жил 14 хичээлийн сурах бичиг ээж, ааваараа авахуулсан. Суран бичгүүдээ хамгийн багадаа 6000 төгрөгөөр авсан. Математик, монгол хэлний хичээлийнх илүү үнэтэй. 24 000 төгрөгөөр авсан.

Хүүхдэд зориулсан ном зөв бичих дүрмийн алдаа ихтэй

Ц.НЯМААРАГ (Сонгинохайрхан дүүргийн XVIII хорооны иргэн):

-Миний зээ гуравдугаар ангид сурдаг. Сурах бичгийг сургуулиас нь хангадаг. Нэг ангид сурах хүүхдийн тоо олширч буйгаас болж зарим хүүхдэд хүрэлцэхгүй тохиолдол гардаг юм билээ. Сурах бичгээс гадна бие даалт болон гэрийн даалгавар хийлгэх гарын авлагуудыг багшийнх нь зөвлөснөөр худалдаж авдаг юм. Хүүхдэд зориулсан ном болон сурах бичгүүд зөв бичих дүрмийн алдаа ихтэй хэвлэгдэж буйд гайхдаг.

Сурах бичгээ ашигладаггүй

М.БАЯНЗУЛ (Сүхбаатар дүүргийн Х хорооны иргэн):

-Өнгөрсөн намар хүү минь нэгдүгээр ангид элссэн. Бүх хичээлийнх нь сурах бичгийг сургуулиас нь өгсөн. Гэхдээ тэдгээрийгээ ашигладаггүй. Багшийнх нь зөвлөснөөр таван ном худалдан авсан. Түүнээсээ бүх хичээлийн гэрийн даалгавраа өгдөг болохоор авахаас өөр арга байгаагүй.

Сүүлийн 10 жилд боловсролын хөтөлбөр гурван удаа шинэчлэгдлээ

Б.БАТ-ЭРДЭНЭ (Нийслэлийн 61 дүгээр сургуулийн багш):

-Хотын захын сургуулиудад сурах бичгийн хүрэлцээ муу байдаг. Ихэнх сургууль нормоосоо хэтэрсэн сурагчтай. Тэгэхээр сурах бичиг ч хүрэлцдэггүй. Орон нутагт бүр хэцүү. Дээр нь жил бүр сурах бичиг солигдож буй нь ажиллахад их түвэгтэй. Сүүлийн 10 жилийн дотор гэхэд л боловсролын гурван хөтөлбөр шинэчилж нэвтрүүллээ. Түүнээс улбаалаад сурах бичгээ шинэчлэх ёстой ч одоог хүртэл зарим нь хэвлэлтээс гараагүй л байна.

By updown

3 thoughts on “Технологийн эриний жаалууд сурах бичиггүй нь завхрал”
  1. Сурах бичгүүд чанар муутай, алдаа ихтэй хэвлэгдэн гарч байгаа нь зохиогчид бага хугацаанд яаруу хийдэг, хянагчид хайхрамжгүй ханддагтай холбоотой бололтой. Иймээс сурах бичгийг тогтвортой болгож удаан хугацаагаар нямбай бэлтгэж сайн хянаж засаж хэвлүүлж баймаар юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн