Стивен Хокингд зориулав.
Галилей ертөнцийн мөнх бусыг үзүүлснээс хойш яг 300 жилийн дараа хорвоод мэндэлсэн, манай үеийн толгой эрдэмтэдийн нэг Стивен Хокинг Эйнштейний 139 дэх төрсөн өдрөөр буюу энэ 7 хоногийн лхагва гарагт Кембриж дэх гэртээ таалал төгслөө.
21 насандаа ховор төрлийн мотонейроны эмгэгтэйгээр оношлогдон докторын ажлаа хүртэл дуусгаж амжих эсэх нь тодорхойгүй болоод байсан тэрээр эмч нарын таамгийг няцаан 55 жил үргэлжлүүлэн амьдарсан юм.
Нэгэн цагт агуу Ньютоны хашиж явсан Кембрижийн их сургуулийн Лукасын нэрэмжит профессорын албан тушаал дээр 2009 онд тэтгэвэрт гарах хүртлээ ажилласан Хокинг зөвхөн онолын физикчийн хувиар шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрээрээ төдийгүй энтертейнмент ертөнцийн олон салбарт өөрийн орон зайгаа “поп од”-ын дүрээр үлдээснийг “Star Trek: The Next Generation”, “Big Bang Theory” болон “The Simpsons” гэх мэт контентуудаас харж болно.
Академик гэр бүлээс гаралтай Хокинг анх Оксфордын их сургуульд физикээр суралцан нэгдүгээр зэргийн дипломтой төгсөн 1962 онд Кэмбрижийн их сургуульд космологийн чиглэлээр доктрантурт суралцах болзлоо хангасан нь түүний судалгааны карьерийн эхлэл болжээ.
Докторантурын жилүүдээсээ эхлэн харьцангуйн ерөнхий онолын дахин сэргэлтийн үеийн гол баатруудын нэг, ментор Пенроузтайгаа хамтран амжилттай ажилласны үр дүнд 1970 онд карьерийн анхны чухал үр дүнгээхэвлүүлсэн юм. Энэхүү ажилдаа тэд харьцангуйн ерөнхий онол болон Фридманы загварт тулгуурлан орчлон ертөнц нь хязгааргүй массын нягт бүхий цэгээс үүсэлтэй болохыг математик баталгаа хийн харуулсан аж. Улмаар хар нүхний тухай тулгуур онолыг боловсруулж эхэлсэн бөгөөд 1973 онд карьерынхаа хоёр дахь чухал үр дүнг “The Large Scale Structure of Space-Time” номоороо тайлагнажээ.
Түүний онолууд физик, одон орны шинжлэх ухаанд онцгой нөлөө үзүүлж, хүн төрөлхтөнд өөрсдийгөө танин мэдэх, ирээдүйг төсөөлөн бодох боломжийг олгосон билээ.
Эдгээр амжилтуудтай зэрэгцэн биеийн хөдөлгөөн ба хэл яриа нь улам дордсоор байсан ч 1974 онд Хокингийн цацаргалт хэмээх ойлголтоо танилцуулсан нь түүний зүгээс шинжлэх ухаанд оруулсан хамгийн үнэтэй хувь нэмэр болон үлдсэн юм.
Чухам ямар учраас энэхүү цацаргалт чухал вэ?
Классик физикийн үүднээс үзвэл, хэмжээлшгүй хүчтэй гравитацийн орон үүсгэгч, бүхнийг сорогч хар нүхнээс гэрэл хүртэл “зугтаж” чадахгүй. Хэдий тийм боловч, Хокинг квант эффектийн улмаас хар нүх нь гэрэл (буюу Хокингийн цацаргалт) цацраана хэмээн тооцоолон сонгодог тайлбарыг үгүйсгэсэн дүгнэлт хийсэн юм. Харамсалтай нь энэхүү цацаргалт нь асар сул учир туршилтаар хэмжих “бараг” боломжгүй хэмээн үздэг. Гэвч хамгийн чухал нь, энэхүү нээлт нь физикийн хамгийн чухал хоёр тулгуур болсон харьцангуйн ерөнхий онол ба квант онолуудын давхцал дээр хийгдсэнээрээ шинэлэг байсан юм.
1985 онд ярих чадвар нь үгүй болж, зөвхөн хацарны булчингаар удирдах боломжтой электрон төхөөрөмжөөр өөрийгөө бусдад ойлгуулах болсноор түүний олон нийтэд танигдсан, ярих төхөөрөмжөөр тоноглогдсон тэргэнцэртэй профессорын имиж бүрдэж эхэлжээ. Дэлхий нийт түүнийг чухам энэ төрхөөр нь үргэлж санан дурсах болно.
Тэр амьдралынхаа сүүлийн мөч хүртэл олон нийттэй ойрхон байж, хиймэл оюун ухааны ирээдүй, хүн төрөлхтөний гараг эрхсийг эзлэх төлөвлөгөө зэрэг асуудлаар байр сууриа тогтмол илэрхийлсээр байсан юм.
Хокингийн санаануудаа энгийн уншигчдад хялбараар тайлбарлан ойлгуулах чин хүсэл нь түүнийг хэд хэдэн ном бичихэд хүргэсэн бөгөөд эдгээрийн анхных нь түүний олны танил болох эхлэлийг тавьсан “A Brief History of Time” байсан юм. Гарсан даруйдаа олны талархлыг хүлээн, дэлхийн 40 гаруй хэлнээ 10 гаруй сая хувь хэвлэгдсэн энэ номыг “бүрэн уншигдаагүй хамгийн алдартай ном” хэмээн цоллох нь бий. Гэхдээ үе үеийн залуус чухам энэ номоор дамжуулан ертөнцтэй танилцаж, шинжлэх ухаанд шимтэж, орчлон хорвоогийн зүй тогтлыг огт өөр нүдээр харж эхэлсэн гэдэгтэй маргах зүйл үгүй.
Орчин цагийн хамгийн агуу эрдэмтэнтэй нэгэн цаг үед амьдарч байснаараа, түүний эшлэлүүдийг уншиж эрч хүчээр цэнэглэгдэж байсандаа, агуу санаануудад нь тархи “задарч”, алмайран гайхаж балмагдаж байснаараа бид азтай хүмүүс. Түүний тухай, түүний үзүүлсэн нөлөө, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, олон нийтэд өгсөн соён гэгээрлийнх нь тухай бид хэдэн зуун хуудас дурсамж, дуртгал, сэтгэгдэл бичиж болно. Гэхдээ яарах шаардлагагүй. Учир нь тэр бол цаг хугацаанд үл захирагдах өвийг үлдээсэн, үеийн үед мөнхөд дуурсагдах, хуучрах тусмаа улам гялалзах эрдэнэ мэт суутан билээ.
“ЦАГ ХУГАЦААНЫ ТОВЧ ТҮҮХ” НОМЫН ХЭСГЭЭС: АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Unread түүний бичсэн “Цаг хугацааны товч түүх” номын төгсгөл буюу дүгнэлт хэсгээс та бүхэнд хүргэж байна.
Бид төөрчихсөн нэгэн ертөнцөд амьдарч байна. Эргэн тойрондоо харж байгаа зүйлсээ ойлгохыг хүсэхдээ бид орчлон ертөнцийн мөн чанар юу вэ? түүний аль хэсэгт бид оршиж байна, тэр хаанаас, бид хаанаас үүссэн бэ? яагаад бүх юм энэ байгаараа байна вэ? хэмээн асуудаг.
Эдгээр асуултанд хариу болгож “ертөнцийн тухай ямар нэг дүр зургийг” бид бүтээдэг. Тэрхүү дүр зураг нь хавтгай дэлхийг өөр дээрээ тээсэн яст мэлхийн цамхаг ч эсвэл утасны онол ч байж болно. Хоёулаа л орчлон ертөнцийн тухай онол. Гэхдээ хоёрдахь нь эхнийхээсээ илүү математик шинжтэй, нарийн тодорхой байдаг. Эдгээр онолын аль нь ч ажиглалтаар батлагдаагүй бөгөөд дэлхийг маань нуруун дээрээ тээсэн аварга том яст мэлхийг хэн ч, хэзээ ч олж хараагүй боловч ер бусын утсыг ч хэн ч, хэзээ ч хараагүй бус уу. Гэлээ ч яст мэлхийн загвар хүмүүс ертөнцийн хөвөө хязгаарыг даван ойчих боломжийг урьдчилан хэлдэг учраас шинжлэх ухааны сайн онол байж чадахгүй юм. Бермудын Гурвалжинд орсон хүмүүс алга болдогийг үүгээр тайлбарлахгүй юм бол ийм боломж туршилтаар батлагдаагүй байгаа!
Орчлон ертөнцийг тайлбарлах хамгийн анхны оролдлогууд байгалийн үзэгдэл, үйл явдлыг яг хүнтэй адил, урьдчилан таамаглагдахгүй байдлаар үйлддэг, хүн шиг сэтгэл хөдлөлтэй эзэн савдагууд удирддаг гэсэн төсөөлөл дээр үндэслэж байлаа. Тэдгээр эзэн савдаг нь уул, ус мэт байгалийн юмс үзэгдлийн төдийгүй нар, сар мэт тэнгэрийн эрхэсийн эзэн байдаг аж. Хөрсний шим, жилийн дөрвөн улирлын солигдолтыг хангахын тулд тэднийг аргадаж, тэдэнд талархах ёстой. Гэвч яваандаа хүмүүс тодорхой зүй тогтлуудыг ажиглан мэдэх учиртай байжээ. Нарны бурханд өргөл өргөж байна уу, үгүй юу гэдгээс үл хамааран нар ямагт дорноос мандан өрнө зүг шингэж байв. Хойчийг нь маш тодорхойгоор урьдчилан хэлж болох тун тодорхой замаар нар, сар, гарагууд огторгуйд аялан байлаа. Жошвагийн төлөө нар зогссон гэх мэтийн үлгэр домгийг үл хэрэгслээ ч нар, сар хоёр нь эзэн савдагтай хэвээр үлдэж болно, гэхдээ тэр эзэн савдагууд хатуу чанд хуулинд ямарч гажилтгүйгээр илт захирагдаж байжээ.
Зөвхөн эрдэмтэн гэдгээс гадна эгэлгүй хувь хүн байснаар нь түүнийг санах ёстой. Өвчиндөө шаналж зүгээр суугаагүй эрс зоримог тэмцлээрээ тэр олон сая хүнд урам зориг өгч байлаа. Аюулт өвчин ч түүнийг зогсоож чадсангүй.
Оршин байгаа дөрвөн төрөл хүчнээс хамгийн сул нь хэдий ч чухам таталцлын үйлчлэлээр орчлон ертөнцийн том-хэмжээний бүтэц бүрэлдсэн тул энэ номонд би таталцалыг захирдаг хуулиудыг онцлон авч үзлээ. Таталцлын хуулиуд нь орчлон ертөнц цаг хугацаанд өөрчлөгддөггүй гэж саяханыг хүртэл баримтлаж байсан үзэлтэй таардаггүй юм. Учир нь таталцлын хүчнүүд үргэлж татах хүч байдаг гэдгээс орчлон ертөнц нэг бол тэлнэ, үгүй бол хумигдана гэдэг нь мөрдөн гардаг билээ. Харьцангуйн ерөнхий онолоор өнгөрсөн үед төгсгөлгүй нягттай төлөв, цаг хугацааг тоолох эхлэл болсон их тэсрэлт байх ёстой. Иймд хэрэв бүх орчлон ертөнц эргэн хумигдах бол ирээдүйд төгсгөлгүй нягттай бас нэг төлөв, цаг хугацааны урсгалын төгсгөл болох их хаагдалт байх ёстой. Орчлон ертөнц эргэн хумигдахгүй байсан ч хумилтын үр дүнд хар нүхнүүдийг үүсгэдэг тус тусдаа бүх мужид онцгой цэгүүд мөн л үүснэ. Эдгээр онцгой цэг нь хар нүхэнд унах хэн бүхний хувьд цаг хугацааны төгсгөл болно. Их тэсрэлт болон бусад онцгой цэгт бүх хууль алдагдах болохоор онцгой цэг дээр юу болох, орчлон ертөнцийн эхлэл ямар байхыг сонгох бүрэн эрх Бурханы мэдэлд хадгалагдан үлдэнэ.
Квант механикийг харьцангуйн ерөнхий онолтой нэгтгэх үед магадгүй өнөө болтол нээгдээгүй байсан шинэ боломж илэрдэг. Орон зай, цаг хугацаа хоёр хамтдаа онцгой цэг, хил хязгаар үгүй дэлхийн гадаргыг санагдуулам, тэгэхдээ арай олон хэмжээстэй, дөрвөн хэмжээст төгсгөлөг орон зайг үүсгэнэ. Ийм хандлага орчлон ертөнцийн ажиглагдах олон шинжийг жишээлбэл, том- хэмжээн дэх нэгэн ижил байдлыг нь, мөн түүнчлэн бага-хэмжээн дэх галактик, одод, тэр бүү хэл хүн төрөлхтөн гэх мэт ялгааг нь тайлбарлаж чадах бололтой. Энэ хандлагын ачаар бидэнд ажиглагдах цаг хугацааны чигүүд оршин байгааг ч тайлбарлаж болохоор байна. Гэхдээ орчлон ертөнц бив битүү, онцгой цэг ч үгүй, хил хязгаар ч үгүй бол эндээс Бүтээгч хэмээгдэгч Бурханы үүргийн тухай тун ноцтой дүгнэлт урган гарна. “Орчлон ертөнцийг бүтээж байхдаа Бурхан хичнээн сонголттой байсан бол?” гэсэн асуултыг Эйнштейн нэгэнтээ тавьсан юм. Хэрэв хил хязгаар байхгүй гэдэг таамаглал үнэн бол Бурханд анхны нөхцлийг сонгох ямарч эрх байгаагүй. Орчлон ертөнцийг захирдаг хуулиудыг сонгох эрх л түүнд үлдсэн байх. Гэхдээ тэдгээр нь тийм олон байгаагүй, зөвхөн нэг эсвэл хэдхэн бүрэн нэгдмэл онол жишээ нь, орчлон ертөнцийн хуулийг судалж, Бурханы мөн чанарын тухай асуудлыг тавьж чадах хүн төрөлхтөн мэтийн нарийн нийлмэл бүтэц оршин байх боломжийг олгох, зөрчилгүй, нэгэн төрөл бус утасны онол оршин байх боломжтой. Зөвхөн нэг нэгдмэл онол боломжтой байсан ч энэ нь дүрэм, тэгшитгэлийн цуглуулга байна. Гэхдээ юу эдгээр тэгшитгэлийг амьдруулж, тэднээр тодорхойлогдох орчлон ертөнцийг юу бий болгов?
Галилейн нас барсан өдөр төрж, Эйнштэйний мэндэлсэн өдөр нас барсан Хокинг эдгээр суутнуудтай нэг зиндаанд бичигдэх эрхтэй билээ.
Шинжлэх ухааны жирийн зам болох математик загварыг байгуулах нь тухайн загвараар тайлбарлаж болох орчлон ертөнц яагаад оршин байх ёстой вэ гэдэг асуултанд хариу өгч чадахгүй. Яагаад орчлон ертөнц оршин байхуйн бүх оролдлогыг хийдэг вэ? Нэгдмэл онол өөрөө өөрийнхөө шалтгаан байхаар тийм хүч чадалтай гэж үү? Эсвэл түүнд Бүтээгч хэрэгтэй юу?, хэрэв хэрэгтэй бол тэрээр орчлон ертөнцөд ямар нэг өөр нөлөө үзүүлэх үү? Гэтэл түүнийг бүтээгч нь хэн бэ? Одоогоор ихэнх эрдэмтэд орчлон ертөнц гэж юу вэ гэдгийг тайлбарлах шинэ онолуудыг боловсруулахад ихээхэн хүч чармайлт гаргаж байгаа учраас өөрсдөөсөө орчлон ертөнц яагаад оршин буйг асуух завгүй байна. Яагаад гэсэн асуулт тавих ажилтай философичид ч шинжлэх ухааны онолын хөгжлийг гүйцэж чадахгүй л байна.
XVIII зуунд философичид шинжлэх ухааныг оролцуулаад хүний мэдлэгийн бүх хүрээг үйл ажиллагааныхаа талбар хэмээн үзэж, орчлон ертөнцөд эхлэл байсан уу? гэх маягийн асуудлуудыг хэлэлцэж байсан юм. Гэвч XIX, XX зуунд шинжлэх ухааны тооцоо, математик аппарат философчдод, ер нь мэрэгжлийн бус хэн бүхэнд хэтэрхий төвөгтэй болов. Философичид үйл ажиллагааныхаа хүрээг улам явцууруулахад хүрч, энэ талаар манай зууны хамгийн алдартай философич Витгенштейн “Философид одоогоор үлдсэн цор ганц зүйл нь хэлний задлан шинжилгээ” хэмээн хэлжээ. Аристотелиос Кант хүртэл агуу их уламжлалтай философийн хувьд энэ нь юутай гутамшиг!
Гэхдээ хэрэв бүрэн онолыг үнэхээр нээвэл яваандаа түүний үндсэн зарчмууд зөвхөн хэдхэн мэргэжилтэнд төдийгүй хүн бүрт ойлгомжтой болно. Тэгвэл бид бүгдээрээ, философичид, эрдэмтэд, жирийн эгэл хүмүүс хүртэл яагаад бид оршиж байна, яагаад орчлон ертөнц оршин байна вэ гэсэн асуудлыг хэлэлцэж чадна. Эдгээр асуултын хариуг олбол энэ нь хүний оюун ухааны жинхэнэ ялгуусан ялалт болно. Учир нь тэр л үед бид Бурханы санааг ойлгох биз ээ.
Баяртай, Хокинг! Гайхалтай аялал байлаа…
Нийтлэлийг: Э.Содбилэг
Видеог: О.Бүтэд
Номын хэсгийг: “Цаг хугацааны товч түүх: Их тэсрэлтээс хар нүх хүртэл”, 113-116-р талЭх сурвалж: unread.today.mn
1 comment
Гайхалтай хүн шүү киног нь үзээд их бахархлаа номыг нь заөвал уншнаа