Өвлийн утаа, ханиад томуунаас хэсэгхэн зуур ч болтугай холдохыг хүссэн хүн бүр баярлах болоогүйг цаг агаар, ханиад томууны дэгдэлт сануулав. Цаг агаар дулаарч хамаг бүхэн хайлахтай зэрэгцэн хөрсний бохирдол анхаарлын төвд орж, элдэв төрлийн халдварт өвчин нийслэлчүүдийн санааг зовоож байна. Үүнээс гадна ханиад томууны дэгдэлт ч эцэг, эхчүүдийн санааг амраасангүй. Томууны дэгдэлт өвлийнхөөс огт буурсангүй. Харин ч бүр нэмэгдэх хандлагатай байна.
Тиймээс энэ талаар сурвалжилга бэлтгэхээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Чингэлтэй болон Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийг зорилоо. Нийслэлийн хэмжээнд өчигдрийн байдлаар амбулаторийн 74 мянга гаруй үзлэг хийснээс томуу, томуу төст өвчний 2,921 тохиолдлыг оношилсон байна. Энэ нь нийт үзлэгийн 3.9 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөр-сөн долоо хоногийн дундаж түвшнээс 0.1 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 0.4 хувиар өсжээ.
Өвчлөгсдийн 35.9 хувийг 0-1, 30.7 хувийг 2-4 нас, 19 хувийг 5-9 насны хүүхэд эзэлж байгаа гэнэ. Хүүхдийн түргэн тусламжийн 1155 дуудлага ирснээс 30 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээ авчээ. Эмнэлгүүдийн хувьд өчигдрийн байдлаар хүүхдийн орны ачаалал 34.6 хувиар нэмэгдсэнийг албаныхан мэдээлэв. Шинээр хэвтсэн өвчтөнүүдийн зонхилох хувийг ханиад томуу эзэлж байгаа юм.
Нийслэлийн эрүүл мэндийн газраас эцэг эхчүүдэд хандан “Хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэж хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандаарай” гэж уриалав.
Энэ удаад дэгдсэн ханиад томуу нь маш өндөр халуурдаг, улмаар богино хугацаанд хатгаа болж байгаа аж. Таны хүүхэд халуурч эхэлсэн л бол намдахыг нь хүлээлгүй эмнэлгийн байгуул-лагад хандахыг мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСАГ АЧААЛЛАА ДИЙЛЭХГҮЙ БАЙНА
Өнгөрсөн бямба гаригийн орой Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн ачаалал илт нэмэгдсэн байв. Ачаалал их байгаа учраас хэрүүл маргаан, зохисгүй үйлдэл гаргахаас сэргийлж цахим бүртгэлээр иргэдийг бүртгэж байлаа. Яаралтай л биш бол цахимд бүртгүүлж байж үзүүлэх гэнэ. Тэгэхгүй бол урдуур, хойгуур дайрлаа гэж хэрүүл хийх нь энүүхэнд. Угаасаа нөхцөл байдал нь тийм байх аж.
50, 60 эцэг, эх халуурч бүлээрэн уйлагнасан хүүхдээ тэврээд зогсож байхад танил талаа ашиглан урдуур үйлчлүүлэхэд хэн дуртай байх билээ. Ядаж байхад ганцхан эмч үйлчилж байх юм. Хүүхэд нь өвдөхийг харж тэсэхгүй аргаа барсан эцэг, эх эмнэлгийн ажилтнуудад эмчийнхээ тоог нэмэх шаардлага тавьж бухимдах. Халуурч бүлээрсэн хүүхдэдээ аль болох хурдан эмнэлгийн тусламж авахыг хүссэн учраас л тэр. Хүүхдээ үзүүлэхийн тулд хамгийн багадаа 90 минут эмнэлгийн үүд сахиж байна. Арай гэж эмчид үзүүлтэл тэр нь зөвлөгөө өгөөд, гэртээ эмчилгээ хийлгэ гэж хэлээд буцаана.
Чингэлтэй дүүргийн эмнэлгийн хувьд хүүхдийн үндсэн хоёр тасагтай. Гэвч тэр нь хаанаа ч хүрэлцдэггүй. Эмнэлэгт хүүхдээ үзүүлэхэд “Уг нь хэвтэх шаардлагатай. Харамсалтай нь, манайд ор алга. Эвхдэг ор ч дууссан. Хэрвээ өөрсдөө ороо авчирвал коридорт зай гаргаж өгч болох юм. Үүнээс өөр арга байхгүй. Эсвэл гэрээрээ өдрийн эмчилгээ хийлгэ” гэж хэлээд эцэг, эхчүүдийг буцааж байна. Хэт өндөр халуурсан тохиолдолд халуун буулгах тариа хийж, толгойд нь хүйтэн жин тавиад буцаахаас өөр эмчилгээ эмнэлгүүдэд алга.
Дээрээс нь эмийн жор дээрээ хэт өндөр тун бүхий антибиотик бичиж өгнө. Ханиад томуу ихэссэнтэй холбогдуулан амбулаториуд уртасгасан цагаар буюу оройн 22.00 цаг хүртэл ажиллаж байгаа аж. Бямба гарагт ажиллаад ч нэмэр алга. Өрхийн эрүүл мэндийн төвүүд ч ялгаагүй. Өрхийн эмнэлгүүд нь зөвлөгөө өгөхөөс цааш хэтрэхгүй. Өвчнөө ч гүйцэд оношилж чадахгүй мэргэжилтнүүд өрхийн эмнэлэгт ажиллаж байна. Харин дүүргийн эмнэлэг нь хэвтэх бичиггүй бол хүлээж авахгүй, дээрээс нь ор байхгүй гэдэг шалтгаанаар ханиад томуутай хүүхдүүдийг буцаасаар байв.
Чингэлтэй дүүргийн эмнэлэгт тав хоног хэвтээд гарсан эх маргааш нь дахиад л хүүхдээ тэвэрсээр ирэв. Эмчид үзүүлэхдээ “Өчигдөр гайгүй эдгээд гарсан юм. Өнөөдөр дахиад өндөр халуураад болдоггүй” гэсээр ороход “Шинэ төрлийн вирус” байна гэх хариу сонсоно. Ер нь бол өвчтөнийг тусгаарлах ямар ч боломж, бололцоогүй учраас бяцхан хүүхдүүдийн ханиад томуу 100 хувь эдгэрээд гарна гэдэг хүндхэн асуудлын нэг болжээ. Чингэлтэй дүүрэгт байдал нэг иймэрхүү. Орой, үдшийн цагаар уйлсан хүүхдүүд, бухимдсан эцэг эхчүүд л энэ эмнэлгээр дүүрэн байна.
СОНГИНОХАЙРХАНЫ ЭМНЭЛЭГ ӨВЧТӨН ИХТЭЙ Ч 2-3 ЭМЧ ЗЭРЭГ АЖИЛЛАЖ, ИРГЭДИЙН АЧААГ ХӨНГӨЛЖ БАЙНА
Ханиад томуу ихэссэн энэ үед нийслэлийн бүхий л эмнэлгийн хүүхдийн яаралтай тусламжийн төв ачаалал ихтэй байх аж. Гэхдээ зарим эмнэлэг ачаалалтай ч иргэдэд хүндрэл учруулахгүйн тулд нэг ээлжинд 2-3 эмч зэрэг ажиллуулсны хүчинд чирэгдэл багатай байлаа. Энэ бол тухайн эмнэлэг хэт ачаалалтай ч хэрхэн эмх цэгцтэй ажиллаж болдгийн тод жишээ байв. Хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүдийн хөл хөдөлгөөн шөнийн 01.00 цаг хүртэл тасрахгүй.
Тус дүүргийн Хүүхдийн яаралтай тусламжийн төвийн эмч Н.Наранцэцэг “Эцэг, эхчүүд өөрийн болон хүүхдийнхээ хувийн ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй. Энэ тал дээр маш их учир дутагдалтай байна. Ядаж л ямар ч тохиолдолд гэртээ ирээд гараа угааж сурмаар байна. Үүнээс гадна хүүхдээ дагуулж аль болох олон нийтийн газраар, хүн их цугладаг орчинд явах шаардлагагүй. Одоогийн дэгдсэн ханиад томуугийн гол шинж нь огцом өндөр халуурах, хоолны дуршил буурах, бөөлжих зэрэг шинж тэмдгээр илэрч байна.
Өндөр халуурснаас болж таталт өгөх тохиолдол ч гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс яаралтай мэргэжлийн байгууллагад хандаж эмчээс зөвлөгөө авахыг хүсье. Манай дүүргийн хувьд ачаалал нэлээд өндөр байгаа. Дүүргийн хэмжээнд орны хүрэлцээ муу байгаа боломжийнхоо хэрээр хүндэрсэн хүүхдүүдийг авч байна. Харин заримыг нь гэрээр эмчлэхийг зөвлөж, аргыг нь зааж өгөөд буцаадаг” гэлээ. Түүнчлэн тэрбээр эцэг эхчүүдийн хүүхдэдээ хандуулах анхаарал, халамж тун тааруу байгааг онцоллоо.
НАДАД НЭГ САНАЛ БАЙНА
Ханиад томуу ихтэй энэ үед эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэг сургуульд явуулахаас айж, хүүхдээ байнга эмтэй “нөхөрлүүлэх”-ээс залхаж байна. Хүүхэд хэд хэдэн удаа ханиад туссаны дараа хүүхдүүдийн биеийн байдал, дархлаа эрс муудаж, эмэнд дасах хандлагатай болж эхэлдэг байна. Улсын эмнэлгийн хаалга татахад сүүлийн үед “мода” болж байгаа эмийг л бичиж өгнө үү гэхээс өөрөөр халихгүй. Гуравдугаар шатлалын эмнэлэг хүртлээ хүүхэд нь дор орж бие нь муудахаар эмнэлэг нь хүлээн авна.
Гэхдээ урд хийсэн эмчилгээг нь “басна”. “Басна” гэдэг нь буруу эмчилгээ хийгээд хүндрүүлсэн байхыг гуравдугаар шатны эмнэлгийн эмч нар тогтоохыг хэлж буй хэрэг. Өрхийн эмч 3-5 хоногийн эмчилгээ бичнэ. Дүүргийн эмнэлэг шинжилгээ авч үр дүнг нь харж байгаад мөн л 3-5 хоногийн эмчилгээ хийнэ. Харин гуравдугаар шатны эмнэлэгт очихоор урд хоёр эмнэлгийн буруу байсныг тайлбарлан хэвтүүлэн эмчлүүлэх хүртэл, эсвэл эмийн төрлийг солин мөн л 3-7 хоногийн эмчилгээ хийнэ.
Ингээд амьсгалын замаар халдвар авсан хүүхэд багаар бодоход 9-15 хоног төрөл бүрийн эм уун өвчтэй хэвээр байна. Шат бүртээ антибиотик хэрэглэх заавар өгдөг. Хүүхдийн биеийн байдал сайжирсан ч антибиотикт дасамтгай, мөөгөнцөртэй, дараа нь улам хүчтэй антибиотик хэрэглэж байж эдгэрэх магадлалтай болно. Ингээд эцэст нь аргаа барахдаа хувийн эмнэлэгт хандаж байгаа юм. Гэтэл нэг удаагийн үзлэг нь 30-40 мянган төгрөгийн үнэтэй. Үзлэг нь хамгийн ихдээ 10 минут үргэлжилнэ.
Хоолой үрэвсэлтэй эсэхийг шалгана, халууныг тогтооно, биеийн ерөнхий тамир тэнхээ шалгана, арьс салстын өөрчлөлт байгаа эсэхийг хянана, чээж чагнана, амьсгал тоолно гэх мэтчилэн. Өвчтэй хүүхдийг таван минутад оношлон, мөн таван минутад эм бичин зааварчилгаа өгөхөд 30-40 мянган төгрөг. Энэ тарифыг хэн, хаанаас хянадаг нь тодорхой бус. Эцэг эхчүүд нийгмийн аюулгүй байдлаас үүдэн өвчин тасрахгүй байгаа энэ улиралд хүүхдийн эмчийн үнийн тарифыг хямдруулж өгөхийг маш ихээр хүсдэг.
Хэрвээ хэвтэн эмчлүүлэх бол “Гурван гал” эмнэлэг л гэхэд нэг өдрийн 55,000 төгрөг. Дээрээс нь эмчилгээний төлбөр тусдаа. Ингээд бодохоор бараг 100 мянга орчим төгрөгийг ганц хоног хэвтүүлэхэд зарцуулж байгаа юм. Өдрийн эмчилгээ гэхэд ганц удаа шингэн залгуулахад 17,500 орчим төгрөг болж байна. Төрөөс хувийн эмнэлгүүдэд хандсан ямар нэгэн зохицуулалт байхгүй учраас тэд хүссэн үнээ л тогтоодог. Үнээ төлж чадсан нь үзүүлж, чадахгүй нь улсын эмнэлэг бараадахаас өөр аргагүйд хүрнэ.
Нэг ёсондоо хүүхдийн ханиад бараг л бизнес болоод байх шиг. Энэ тал дээр Эрүүл мэндийн сайд болон холбогдох газрын дарга нар анхаарал хандуулж, ханиад томууны дэгдэлт их байгаа үед хувийн эмнэлгүүдтэй зөвшилцөн, тусламж дэмжлэг үзүүлэхийн сацуу үнийн уян хатан байдлын талаар ярилцаж болмоор. Даанч тийм сэтгэлтэй хүн манай үе үеийн эрүүл мэндийн сайд, агентлагийн дарга нарт лав алга. Нэг хүүхэд өвдөөд хувийн эмнэлэг бараадан хэвтэн эмчлүүлэхэд дунджаар 500 мянган төгрөг зарцуулж байна.
Энэ дундаж болон дунджаас доогуур орлоготой иргэдэд маш том дарамт болж байгааг холбогдох удирдлагууд анхааралдаа аваасай. Хувийн болон төрийн хэвшлийн автобусны төлбөр тооцоог төрөөс гаргаж зохицуулалт хийж болсон юм чинь Монголын ирээдүй болсон бяцхан багачуудын эрүүл мэндэд анхаарал хандуулж иймэрхүү зохицуулалт хийж болж л таараа.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин