Давсны хэрэглээ хоногт 5-6 грамм байвал таны эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг ДЭМБ зөвлөсөн. Гэвч Монгол хүний нэг өдрийн давсны хэрэглээ дээрх зөвлөмжөөс 2.5 дахин их буюу 11.5-11.5 грамм байна. Мөн аймаг бүрийн онцлогоос үүдэн давсны хэрэглээ өөр байгаа юм. Тухайлбал, Увс, Ховд, Баян-Өлгий аймагт нэг хүн хоногт 15 грамм давс хэрэглэдэг бол Дорнод, Сүхбаатар аймагт 7.7 грамм хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Давсны хэрэглээ өндөртэйгөөс үүдэн хүн амын дундах нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин буюу цусны даралт ихсэлт, зүрх судасны өвчин, зүрхний шигдээс, тархины цус харвалт эзэлж байгаа юм. Тиймээс хүн амын давсны хэрэглээг бууруулах шаардлага зүй ёсоор тулгарсан гэдгийг эрүүл мэндийн салбарынхан ард иргэддээ сануулж байна.
Давсны хэтрүүлсэн хэрэглээ таны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
Даралт ихсэнэ: Давсыг хэтрүүлэн хэрэглэх нь цусны даралт ихэсгэнэ. Цусны даралт ихсэлт ямар ч насны хүмүүст илэрч болно. Монгол улсын 15–64 насны 4 хүн тутмын 1 нь цусны даралт ихсэх өвчтэй байгааг судлаачид тогтоосон байдаг. Цусны даралт ихсэлттэй хүн зүрхний өвчин, тархины цус харвалтад өртөх магадлал хэвийн даралттай хүмүүстэй харьцуулахад 3 дахин их байдаг байна. Та хоногт хэрэглэх давсны хэмжээгээ 2.5 гр хүртэл бууруулж чадвал зүрхний шигдээс, тархины цус харвалтаар өвчлөх эрсдэлийг 4 дахин бууруулж чадна.
Ясны сийрэгжилт : Давсыг хэтрүүлэн хэрэглэх нь ясны кальцийн алдагдал буюу яс сийрэгжин хэврэгшихэд хүргэдэг. Ясны сийрэлжилтийн улмаас яс хугарах, гэмтэж бэртэх эрсдэл нэмэгддэг. Ялангуяа ахмад настанд ясны сийрэгжилт илүү эрчимттэй явагддаг тул давсны хэрэглээгээ хязгаарлах шаардлагатай. Ходоодны хавдар: Давсны хэрэглээ өндөртэй улс орны хүн амын дунд ходоодны хорт хавдрын тохиолдол өндөр байдаг болох нь тогтоогдоод байна. Монгол улсын хүн амын давсны хэрэглээ нилээд өндөр, зарим судалгааны дүнгээр 15 гр, бүс нутгаар харьцуулсан үзүүлэлтээр баруун бүс нутагт 17 гр орчим байгааг илрүүлсэн байдаг. Түүнчлэн хүн амын нас баралтын шалтгааны дотор хорт хавдар 2 дугаарт орж, элэг, ходоодны хорт хавдар зонхилон тохиолдож байна.
Нас ахих тусам давснаас татгалзаарай: Нас ахих тусам давсны хэрэглээгээ бууруулах нь таны эрүүл мэндэд тустай. Учир нь нас ахих тутам зүрхний шигдээс, тархины цус харвалтаар өвчлөх эрсдэл нэмэгддэг. Цусны даралтыг хэвийн хэмжээнд барих нь ахмад настныг зүрхний шигдээс, тархины цус харвалтаас сэргийлэх ач холбогдолтой. Бидний хоногт хэрэглэж буй давсны 3/4 орчим нь “далд” буюу хүнсний бүтээгдэхүүнд агуулагдсан давс, 1/4 нь “ил” буюу хоол хүнс бэлтгэхдээ нэмж хийдэг давс байдаг тул хоолондоо нэмж хийдэг давсны хэмжээн дээрээ далд давс агуулдаг бүтээгдэхүүн хэрэглсэн бол түүнийгээ нэмж давсны хэрэглээний хэмжээгээ тооцож байгаарай.
Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин