Номхон далайн хойд хэсэгт бий болсон хогон арлын хэмжээ өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү том байна гэсэн дүгнэлтийг олон улсын эрдэмтэд тооцоолжээ. Судлаачдын үзэж байгаагаар, уг хогон арал нь дан хуванцар эдээс тогтож байгаа бөгөөд жин нь ойролцоогоор 45-129 мянган тонн болж байгаа гэнэ. Уг дүгнэлтийг “Scientific Reports” шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн байна.
Харин нийт талбай нь 1,6 сая хавтгай дөрвөлжин км байгаа нь Францын нутаг дэвсгэрээс хоёр дахин том гэсэн үг. Далай дээрх уг “хогон толбо” нь усанд хөвж буй 1,1-3,6 их наяд ширхэг жижиг элементээс бүрдэж байгаа ба тэдгээрийн ихэнх нь хуванцар хог хаягдал, түүнээс тал хувь нь загасны тор юм. Энэ талаарх мэдээллийг нисэх онгоц, хөлөг онгоцноос ажиглалт хийж, мөн компьтерийн загварчлал хийсний дүнд судлаачид олж авчээ. Тухайн газарт асар их хэмжээний хог хуримтлагдсан байна гэдгийг эрдэмтэд 30 орчим жилийн өмнө тогтоосон юм. Ихэнх нь Хойд Америк болон Японы эргээс хөвж ирсэн хог хаягдал байгаагаас гадна хөлөг онгоцноос шидсэн хог ч байгаа аж. Судлаачдын үзэж байгаагаар, хогон арал нь байгаль орчинд ялангуяа далайн тэнгисийн амьтны аймагт ноцтой аюул учруулж байна. Тухайлбал, хуванцар савууд жижиг хэсгүүдэд задарснаар зарим амьтад тэдгээрийг идэш тэжээл хэмээн андуурч иддэг аж. Түүнээс гадна, далайн давстай усны нөлөөгөөр хуванцар хог хаягдлуудаас хортой бодисууд ялгардаг ажээ.