АН-ынхан өөрсдийгөө ардчилалтай гэдэг. Аливаа агсам үйлдэл, эгэл бус зүйлсээ “Харин ч манай нам ардчилалтай байна. Гишүүн бүрийн юу хэлэх, хийх нь чөлөөтэй” хэмээн тайлбарладаг АН-ынхнаас асууя. Улс төрийн намын хувьд дотооддоо зохион байгуулж буй сонгуулийнхаа үеэр нанчилдаж, саналын хайрцгийг нь булааж зугтдаг нь ардчилал уу. Гишүүд нь намын даргаа гэмт хэрэгтэн хэмээн цоллож, лоозон барин тэмцэх хашхичих нь бас л ардчилал уу.
Өнгөрөгч амралтын өдөр болсон АН-ын дотоод сонгуулийн үеэр өрнөсөн үйл явц ийн асуухад хүргэв. Ням гаригт болсон сонгуулийн урьдчилсан дүнгийн талаар өчигдөр тус намын Дотоод сонгуулийн хорооноос төв байрандаа мэдээлэл хийх үеэр Баянзүрх дүүргийн АН-ынхан шударга бус сонгууль болсон хэмээн эсэргүүцлээ илэрхийлж, эмх замбараагүй байдал үүсгэв. Үндэсний бодлогын хорооны сонгуулийн хувьд 76 тойргийн 126 мандатын төлөө 143 хүн өрсөлдсөн. Үүнээс 112 хүний дүнг нэгтгэн ирүүлжээ. Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалын хэлснээр 18 аймаг, есөн дүүрэгт 66 мянга орчим гишүүн санал өгсөн байна. Өвөрхангай, Булган аймагт шүлхий гарч, хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотойгоор санал хураалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан аж. Мөн Говь-Алтай аймагт Үндэсний бодлогын хорооны гишүүдийн ротацын сонгууль болоогүй юм байна. Баянзүрх дүүргээс бусдад нь ямар ч маргаан гараагүй гэнэ.
Харин Баянзүрх дүүргийн АН-ынхан “Сонгуулийн саналын эрхтэй гишүүдийн нэрсийн жагсаалт байхгүй сонгууль анх удаа үзлээ. МАН-ын гишүүд манай намын гишүүний үнэмлэх барьчихсан санал өгөх гэж оролдсон. Энэ мэт маш будилаантай сонгууль хийлээ. АН С.Эрдэнийн хувийн компани мэт болсон” гэлцэн эсэргүүцэж байв. Тухайлбал, сонгууль болохоос хоёр хоногийн өмнө Баянзүрх дүүргийн намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалаас буусан Т.Батцогт “Би 2017 онд ҮБХ-ны гишүүн болсон. Гэтэл сая зохион байгуулалттайгаар намынхаа дунд шатны байгууллагын даргыг анх удаа ротацад орууллаа. Дахин нэр дэвших гэсэн ч ерөнхий нарийн бичгийн дарга нь Сонгуулийн хороонд миний талаар “Дүрэм зөрчсөн” гэсэн бичиг өгөөд дэвшүүлсэнгүй. Дүрэм зөрчсөн, эсэхийг хуулийн байгууллага тогтооно. Гэтэл прокуророос буруугүй гэдэг бичиг гаргаж өгчихөөд байхад Ц.Туваан дарга хуулийн байгууллагаас дээгүүр шийдвэр гаргалаа. АН-ын жирийн гишүүд сонгох, сонгогдох эрхээ хасуулж байна” гэв.
Сонгуулийг зохион байгуулагчдын зүгээс “Нэгдсэн мэдээлэл ирээгүй учраас Баянзүрх дүүрэгт болсон санал хураалтын талаар ярихад эртэднэ. Намын Хэрэг эрхлэх газраас 6100 гишүүний нэр бүхий жагсаалт хүргүүлсэн. Энэ явцад процессын ямар нэг алдаа гарахыг үгүйсгэхгүй. АН-ын гишүүн хэн ч байсан татвараа төлөөд санал өгөх эрхтэй. Манай сонгуульд өөр намын хүн санал өгсөн гэж зарим хүн хардаж байх шиг байна. Баримтаар нотлох хэрэгтэй. Хэн нэгнийг хасах эрх бидэнд байхгүй. Саналын хайрцаг авч зугтаж буй бичлэгийг харсан. Бид нийгмийн сүлжээгээр тарж буй түвшинд мэдээлэлтэй байна. Баянзүрх дүүрэгт санал авах гурван байр ажиллуулсан юм. Офицеруудын ордон дахь байрыг түрээсэлсэн байгууллага нь гэрээгээ цуцалснаас шилжүүлсэн. Сонгуулийн хорооны гишүүн биш хүн саналын хайрцаг авч гарсан учраас үүнийг тодруулах шаардлага бий. Т.Батцогт гэдэг хүний бүртгэлийг түдгэлзүүлэх хүсэлтийг ерөнхий нарийн бичгийн дарга тавьсан. Үүний дагуу эрхийг нь түдгэлзүүлсэн болохоос хасаагүй” гэх тайлбар хийж сууна.
Өнгөц харахад өс зангидсан хэдхэн хүний өөр хоорондоо нүүлгэх “чулуу” мэт харагдах эдгээр үйлдлийг арай “АН-ын ардчилал” гэж тайлбарлахгүй байлгүй дээ. С.Эрдэнийн энэ намд авчирсан гээд байгаа шинэчлэл зөв бол зөв, буруу бол буруу гээд хэлчих хүн Баабараас өөр алга уу. Дүүргийн хэмжээнд эрх мэдлээ тогтоож, удирдлагыг авах гэж өөр намынхантай үзэж тарж ирсэн Баянзүрхийн АН-ынхан өдгөө өөрсөдтэйгөө, бүр намын даргатайгаа ил цагаан тэрсэлдэж буй нь тэдний дунд хүлээн зөвшөөрөхийн аргагүй зөрчил үүссэнийх биз ээ. Өнөөдрийг хүртэл АН-д сонгуулийн саналын хайрцаг аваад зугтаах хэмжээний ичгүүр, сонжуургүй боловсон хүчин бэлтгэгдэж, төрсөн нь дэндүү харамсалтай. Тийм увайгүй, авиргүй нэгнийг өнөөгийн дарга, удирдлага нь өвөртөө нааж, өдөөж байгаа бол бүр ч хэцүү хэрэг.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин