Өвөл дууслаа, утаа мартагдаж эхлэв. Дараагийн аюул болох хөрсний бохирдол утааны халааг авч, нийслэлчүүдийг эхнээс нь сандаргаж байна. Байгаль орчны төрийн захиргааны байгууллагад ажилладаг нэгэн бүсгүй “Хавар хог хаягдал, хөрсний бохирдолтой холбоотой түмэн асуудал дэгдээд, зүгээр суулгадаггүй. Энэ жил ч их л завгүй байх болов уу” хэмээн ярьж байсан юм. Түүний хэлсэнчлэн хөрсний бохирдол гэр хороолол, хотын төвийнх гэлтгүй нийслэлийн иргэдийн бүгдийнх нь толгойн өвчин болжээ.

Орчны бохирдол ямар түвшинд буйг жирийн иргэдээс илүү мэддэг, салбарын мэргэжилтнүүд нь ямар сайндаа “Сайр, хайр, халдварт өвчин гурав хавар айлчлан ирдэг” хэмээн егөөддөг аж. Дарь-Эх, Сансрын ШТС, Шар хад, Зуун айл, Долоон буудал, 32-ын тойрог, Дэнжийн мянга, Баянбүрд, Гандангийн дэнж, Вокзал, Толгойт, Таван шар, III, IV, I хороолол бол нийслэлийн хар цэг. Хамгийн их бохирдолтой гэсэн гуншин эдгээр газрыг чимээд удлаа. Бохирдлын хэмжээ буурах нь байтугай улам гаарч, эрүүл хөрсөнд ч “өвчин” халдааж буйг мэргэжилтнүүд хэлж байна. Нийслэлийн Байгаль орчны газрынхан хөрсний бохирдлоос хэрхэн сэргийлэх тухай хичээлийг ерөнхий боловсролын сургуулиудад өнгөрсөн долоо хоногоос орж эхэллээ. Энэ аюулыг нэгэнт хазаарлаж дийлэхгүй байгаа тул сөрөг нөлөөллөөс нь хэрхэн хамгаалах вэ гэдэгт анхаарч эхэлсний дохио энэ болов уу. Тус газрын мэргэжилтнүүд “Улаанбаатарын 360 цэгээс дээж авч шинжлэхэд 88 хувь нь нян, хөгц, мөөгөнцрөөр бохирдсон байсан. Арьс, шир боловсруулах үйлдвэр, хогийн цэг, машин засварын газар орчмын хөрсөнд нянгийн болон металлын бохирдол хүлцэх хэмжээнээс хэд дахин өндөр хэвээрээ” хэмээсэн юм. Мөн хүнд металлаар бохирдсон хөрсийг саармагжуулах арга зүй, технологи боловсруулахаар тэд ажиллаж буй аж.

ТЭНЭГИЙН ДОТОР УУЖУУ

Хөрсний бохирдлыг сэдрээгч хүчин зүйлүүдийн нэг нь шар усны үер. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийслэлд ийм үер 39 удаа буужээ. “Сүхбаатар дүүрэгт 18, Сонгинохайрханд 17, Хан-Уулд гурав, Налайх дүүрэгт нэг удаа үер буусан” гэж нийслэлийн Онцгой байдлыг газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн мэдээлсэн. Үүний улмаас Улаанбаатарт элдэв халдварт өвчин дэгдэхэд ойрхон байгаа. Он гарснаас хойш 521 хүн цусан суулгаар өвчилсөн болохыг ЭМЯ-наас мэдээлсэн юм. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 231 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт аж. Цаашид нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл сальмонеллёз, энтеровирусын халдвар авах хүмүүсийн тоо олшрох хандлагатай байгаа гэнэ. Дээрх өвчнүүдийн вирус бохир усанд агуулагддаг бөгөөд үүсгэгч нян нь хөрсөнд 2-4 сар “амьдардаг” гэдгийг өдгөө хүн бүр мэднэ. Гэвч нийслэл, дүүргүүдийн удирдлага үүнийг үл ойшоож буй гэлтэй. Жишээлбэл, Сүхбаатар дүүргийг энд дурдаж болно. Тус дүүргийн XV-XX хорооны 117 айл үерийн усанд автаж, гэр, хашаа нь урсав.

Цаг агаар эрс дулаарсан буюу энэ сарын 19-ний өдөр тус дүүргийн XX хорооны айлууд бүгдээрээ урсах дөхөж, авто зам сэтрэн, ЗЦА-наас онц байдал зарласан. Гэвч тухайн үед таг дуугүй байсан дүүргийн удирдлага 23-нд гэнэт ухаан оров уу гэлтэй хуралдаж, үерт автсан айлуудыг эргэв. Бас болоогүй ээ, хэвлэл, мэдээллийн байгууллагуудыг дуудаж, хэрхэн ажиллаж буйгаа ярьж “шоудсан”. Үүнийхээ зэрэгцээ “Эдгээр хорооны хөрс намгархаг, цэвдэгтэй. Зарим айл булгийн дэргэд, зарим нь үерийн усны ам тосож буусан. Ийн усанд автсан нь тэдгээр айлын буруу” хэмээгээд яаралтай арга хэмжээ авч, сайхан сэтгэлээр ариутгал хийлээ гэх мэт зүйлс ярьсан юм. Үнэндээ эдгээр хорооны нутаг дахь ус зайлуулах хоолойнууд бөглөрсөн, үүний улмаас гудамж, талбай шалбааг болсныг холбогдох албаныхан мэдээлж буй. Тухайн хорооны иргэд ч “Энэ хавьд ус зайлуулах хоолой, шуудуу гэж бараг л байхгүй. Үерийн ус айлуудын жорлон руу орж дүүргээд халиадас нь хаа сайгүй урсаж байна. Сэлбэ гол үерийн ус, бохиртой холилдчихсон шүү дээ” гэж хэлсэн юм. НМХГ-ынхан ч үүнийг үгүйсгээгүй. Өөрөөр хэлбэл, нэгэнт л бохирдчихсон юм чинь гэсэн аятай ирээдүйд учрах эрсдэлийг үл ойшоож, алгуурладаг хүмүүс нүхэн жорлонтой хүч хавсран хөрсийг улам бохирдуулахад хувь нэмэр оруулж буй юм.

ТАВААРЛАХ БИШ, ТАС ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ

Хөрс бохирдуулагч гол дайсны нэг нь нүхэн жорлон. Уг нь аль 10 жилийн өмнө “Нүхэн жорлон, бохир усны цооногт тавигдах стандарт” баталж, “Нүхэн жорлонг халъя, стандартын дагуу байгуулъя” гэсэн уриатай бүтэлтэй, бүтэлгүй төсөл, хөтөлбөрийг үүний араас “чирч” орхисон. Үр дүнд нь орчны бохирдол бууруулах нэрийдлээр хийсэн ажлын тоо л нэмэгдсэнээс биш, бодит аюул багасаагүй. БОАЖЯ-наас энэ жил нэг дорвитой шийдэл гаргалаа. Нүхэн жорлонгоо сайжруулъя, шинэчилье гэж хоосон уриа дэвшүүлж, олон жил хашхирсан тэд овоо дориун шийдвэр гаргаадахав. Стандартын шаардлага хангаагүй нүхэн жорлон ашиглахыг тас хориглолоо. Ирэх зургадугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх эл журам зөвхөн тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжид хамаатай.

Үүнийг мөрдөөгүйд нь үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах гэнэ. Тусгай хамгаалалттай газрууд руу чиглэсэн жуулчдын тоо сүүлийн жилүүдэд эрс өсөж буй учир хөрсний бохирдол хэмээх мангаст эзлэгдэхээс өмнө ингээд ч болов хамгаалах нь зөв. Улаанбаатарын бохирдол ихтэй цэгүүдийг ужигт “өвчин”-өөс нь салгахад иймэрхүү зоримог шийдэл үгүйлэгдэж байна. Байгальд хохирол учруулагчдын халаасан дахь хэдтэй нь ярьж яагаад болохгүй гэж. Японы Итгэлийн сангийн санхүүжилтээр БОАЖЯ, нийслэлийн ЗДТГ, Байгаль орчны газар хамтран Чингэлтэй дүүргийн 12, 13, Баянзүрхийн 26 дугаар хорооны 1500 гаруй өрхийн нүхэн жорлонг шинэчлэх ажлыг эхлүүлэхээр зэхэж байгааг нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга хэлэв. Энэ ажил хэрхэн хэрэгжиж, ямар үр дүнд хүрэхийг таашгүй. Гэхдээ 1500 гэдэг тийм ч цөөн тоо биш. Гэр хорооллыг бүхэлд нь биш юм гэхэд хэсэгчлээд ч болов “эмчлэх” гэж буй нь сайн хэрэг. Сүхбаатар дүүргийнхэн шиг сандарч, зутрахгүйн тулд иргэд нь ч, төрийн байгууллагууд нь ч хаврын “бэлэг”-ээ хүлээж авах бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Эх сурвалж: Өнөөдөр сонин 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн