Хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийхийг завдсан үйлдэл өнгөрөгч амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад хоёр удаа бүртгэгджээ. “Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн банкны салбарт хуурам дэвсгэртээр гүйлгээ хийсэн байна” гэх мэдээлэл энэ сарын 23-ны өдөр цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу шалгахад Орхон аймгийн харьяат Б /эрэгтэй/ нь хуурамч 100 долларын дэвсгэртээр гүйлгээ хийх гэж байсныг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Мөн энэ сарын 26-ны 00:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн иргэн Б /эмэгтэй/ нь Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд байрлах нэгэн банкинд хуурамч 100 долларын дэвсгэртээр гүйлгээ хийх гэж байсныг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. Хуурамч мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг бэлтгэсэн, ашигласан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээнэ. Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйл. Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ. Иймээс иргэд болон хувиараа жижиг дунд бизнес эрхлэгч нарыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж мөнгөн тэмдэгтийн нууцлалыг шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: Өнөөдөр сонин