Манайхан шүд эрүүл бол бие эрүүл гэж ярьдаг. Хүний биед 250 гаруй өвчин шүдний өвчлөлөөс болж үүсдэг гэсэн судалгаа гарсан. Энэ их тоо. 250 өвчин дотроос элэг, бөөр, зүрх болон бусад дотор эрхтэний өвчин шүдний өвчнөөс болж үүсэж байна. Хүн эхээс төрөхдөө шүдгүй төрж, 20-30 насандаа 28-32 шүдтэй болдог. Хүний амьдралын явцад шүдний эгнээнд согог үүсч улмаар зажлах, хоол боловсруулах, ярихад хүндрэл учирч эхэлдэг. Сүүлийн үед хүүхэд залуучуудын дунд шүдний цоорол маш их байгааг эмч нар хэлж байна.
Шүдийг авахуулсан бол аль болох хурдан хугацаанд тухайн согогт тохирсон протезоор нөхөн сэргээх ёстой байдаг. Учир нь нэг шүд авахуулахад зэргэлдээх шүд налах, хоршигч шүд нь сунах, үлдсэн шүднүүдэд хэт ачаалал ирэх гэх мэт амны хөндий болон эрүүний үенд маш олон өөрчлөлт явагддаг. Иймээс тухайн алдагдсан шүдийг хурдан нөхөн сэргээх тусмаа гарах үр дагавар, хүндрэлүүд бага байдаг. Шүдээ өвдтөл нь, авахаас өөр аргагүй болтол нь хүндрүүлэхгүй л байх ёстой. Мөнгө төлж шүдээ авахуулчихаад, дараа нь дахиад мөнгө төлж хиймэл шүд хийлгэнэ.
Хиймэл шүд хэзээ ч өөрийн шүдийг гүйцэж орлож чаддаггүй. Та одооноос шүдэндээ анхаарч 80 мянга,100 мянган төгрөгөөр эмчилгээ хийлгээд өөрийнхөө шүдтэй үлдэх үү, хэдэн жилийн дараа хоёр гурван сая төгрөг төлөөд, хиймэл шүд хийлгэх үү гэдгээ бодох хэрэгтэй. Хиймэл шүдийг насан туршдаа юм шиг санадаг. Авагддаг ч бай авагддаггүй ч бай насан туршийн хиймэл шүд гэж байхгүй.