Францын өмнөд хэсэгт болсон цуврал халдлагын улмаас 16 хүн шархдаж, 3 хүн амиа алдсан тухай Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон мэдэгджээ. Энэ сарын 23-нд буюу өчигдөр Францын Каркасон болон Треб хотод болсон тус халдлагыг Каркасоны оршин суугч, 26 настай Редуан Лакдим гэгч этгээд үйлджээ. Террорист этгээдийг цагдаа нар устгажээ.
Гэмт этгээд хэргийг ганцаараа үйлдсэн бөгөөд тэрбээр өмнө нь хар тамхины наймаа эрхэлдэг байсан тухай мэдээлэл тус улсын ДХЯ-нд байжээ. Телевизийн “Sky News Arabia” сувгийн мэдээлснээр, Францад болсон халдлагын хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл өөртөө хүлээсэн байна. Францын ДХЯ-ны мэдээлснээр, террорист этгээд эхлээд Каркасон хотоос машин хулгайлжээ. Ингэхдээ тэрбээр машин дотор байсан хоёр хүн рүү гал нээсний улмаас нэг хүн амиа алдсан байна. Улмаар гэмт этгээд хулгайлсан машинтайгаа Треб хотыг зорихдоо, замд нь таарсан цагдаагийн ажилтнууд руу гал нээжээ. Треб хотын их дэлгүүрт тэрбээр хүмүүсийг барьцаалж, гал нээсний улмаас дахин хоёр хүн амиа алдлаа.