Монголын “Хотгор шанага”-ын нүүрсний уурхайн лицензийн будлиантай асуудалд холбогдож байсан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Ли Мён Бак авлигын хэргээр баривчлагджээ. Энэ талаар Монцамэ агентлаг мэдээлэв. Түүнийг авлига авсан, татвараас зайлсхийсэн болон хууль бус бусад үйлдэлд сэжиглэн баривчлах зөвшөөрлийг Сөүл хотын шүүхээс олгосон байна.
76 настай Ли Мён Бакийг гэмт хэргийн шинжтэй 12 үйлдэлд, тэдгээрийн дотор төрийн тагнуулын албанаас болон бизнес эрхлэгчдээс 11 тэрбум воны (10,2 сая долларын) хээл хахууль авсан хэрэгт буруутгаж байгаа ажээ. Хэрэв тэр авлига авсан нь батлагдвал түүнд 45 жил шоронд хорих ял ногдуулж болзошгүй байна.