Мэргэжлийн Хяналтын байгууллагаас энэ онд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагуудад хяналт шалгалт хийжээ. Үүнд арьс, эмчилгээний гоо сайхан, мэс ажилбар, мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 56 эмнэлэг хамрагдсан байна. Уг шалгалтаар гадаадын эмч, мэргэжилтнүүд аялал жуулчлалын визээр ирж, эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр тусламж үйлчилгээ үзүүлсэн, эм, эмнэлгийн ажлын байрны эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд эмнэлгийн тусламж үзүүлсэн, эм, эмнэлгийн хэрэглэлийг өөрсдөө хууль бусаар авчирч, үйлчилгээ үзүүлэхдээ хэрэглэсэн зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Иймээс эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйлчилгээ авахдаа сонголтоо зөв хийж эрсдэлээс өөрийгөө хамгаалж, эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй арьс гоо заслын чиглэлээр мэргэшсэн эмнэлгийн мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан газарт хандаж үйлчлүүлэх хэрэгтэйг МХЕГ-н Улсын ахлах байцаагч Д.Оюунбилэг хэлж байна. Тэрбээр иргэд эмчилгээний гоо сайхан, гоёлын гоо сайхан ялгааг ойлгож, сонголтоо зөв хийхийг иргэд, үйлчлүүлэгчдэд сэрэмжлүүллээ.
Тухайлбал Шангри-Ла төвийн 2 давхарт байрлах Үлэмжгрийнс ХХК-ний Үлэмж клиник эмнэлгийн Япон эмч гадаадын эмч мэргэжилтний эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй, дээр нь мэсгүйгээр гоо сайхны тусламж үйлчилгээ үзүүлсэн зөрчил гарсан байна. Мөн UBH төвийн 14 давхарт үйл ажиллагаа явуулдаг AM skin care center арьс, эмчилгээний гоо сайхны эмнэлэгт Өмнөл Солонгосын иргэд нүүр өргөх болон бие галбиржуулах био-утас суулгах практик сургалт зөвшөөрөлгүй явуулж байсан тогтоогджээ.