Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр (2017.03.23) Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчидтай ЗДТГ-ын хурлын танхимд уулзалт хийлээ.Тэрбээр энэ үеэр хэлэхдээ “Эдийн засгийн хямралтай байгаа үед дотоод нөөц бололцоог ашиглан ажилдаа сэтгэлтэй хандаж ажиллах хэрэгтэй. Хэн нэгэн эсвэл төр засгаас ихээхэн хэмжээний дэмжлэг туслалцаа, мөнгө санхүүгээр дэмжээд миний хийх ажлыг хийгээд өгнө гэвэл эндүүрэл болно. Тиймээс та бүхэн ирэх 1-2 жилд санал санаачилга гаргаад боломж бүрийг ашиглан сум орон нутгаа хөгжүүлэхэд анхаарч ажиллах нь зүйтэй. Засгийн газрын зүгээс бололцоот бүх хэлбэрээр тусалж дэмжих болно. Танай аймагт гэхэд Алтай хотын усан хангамжийн асуудлыг шийдвэрлэхээр болсон. Мөн Баянхонгор-Говь-Алтай аймгийг холбосон автозамыг концессоор хийж гүйцэтгэхээр боллоо.
Засгийн газрын зүгээс энэ мэт томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлэхэд голлон анхаарна. Удахгүй бид үйлдвэржилтийн бодлогоо батлан гаргана. Бодлого батлагдахаар орон нутагт жижиг дунд үйлдвэр байгуулна. Өнөөдөр аймаг бүрт МСҮТ бий. Бүгд ижил төрлийн мэргэжилтэн бэлтгээд байж болохгүй. Тиймээс бодлоготойгоо уялдаж ажиллах хэрэгтэй.
Шаардлагатай байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг Засгийн газар цаг алдалгүй хэрэгжүүлнэ. Үүний үр дүнд эдийн засаг сайжирна. Ард иргэдийн маань амьдрал ч гэсэн дээшилнэ. Ер нь дээрээсээ эхлээд сум баг хүртэлх төрийн албан хаагчдын хариуцлагын асуудлыг өндөр түвшинд ярина” хэмээв.
Мөн үеэр тус аймгийн Засаг дарга С.Гансэлэм аймаг орны өнөөгийн нөхцөл байдал, шийдвэрлэвэл зохих асуудлын талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр, “Мал тооллогоор Говь-Алтайчууд мал сүргээ таван төрөл дээр нь өсгөж, 3.5 сая мал тоолуулсан. Аймгийн хэмжээнд нэг сая гаруй толгой эх мал төллөхөөс өнөөдрийн байдлаар мал төллөлт 15.6 хувьтай, төл бойжилт 99.6 хувьтай байна”. Мөн мал аж ахуйн хаваржилтын явцын талаар мэдээлсэн бөгөөд хоёрдугаар сарын гүйцэтгэлээр орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө тасалдсан. Өөрөөр хэлбэл, 887 сая төгрөгөөр төсвийн орлого тасарсан. Өнгөрсөн оны сүүлчийн байдлаар зээлийн өрийн нийт үлдэгдэл 88.3 тэрбум, хугацаа хэтэрсэн зээл 0.7 тэрбум, чанаргүй зээл 1.5 тэрбум төгрөг байна” гэв.
Үүний дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын байранд иргэдтэй уулзалт хийв. Тэрбээр энэ үеэр “Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг УИХ-аас батлуулснаар хойш голлох хэд хэдэн ажлыг хийж хэрэгжүүллээ. Тухайлбал, ахмадуудад сар шинийн босгон дээр насны хишиг олгосон. Цаашилбал улирал тутам, сар бүр энэхүү хишгийг олгох бодолтой байна. Түүнчлэн бид хөгжиж амьдрахын тулд олуулаа болох ёстой. Тиймээс хүн амынхаа тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай.
Ирэх жилүүүдэд бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байж эдийн засгаа сэргээнэ. Өнгөрсөн долоон сарын хугацаанд олон ажил хийж нааштай үр дүнгүүд гарч эхэлсэн. Эдийн засаг маань машинаар зүйрлэвэл бензиний шар гэрэл нь асаад удчихсан байсныг нь унтраалаа. Хонгилын үзүүрт ямар ч байсан гэрэл гарсан. Бүдэг гэрлийг тодруулахын тулд монголчууд бид хамтарч ажиллах хэрэгтэй” гэлээ.
Ерөнхий сайдын иргэдтэй хийсэн уулзалтад УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Эрчим хүчний сайд П.Ганхүү нарын албаны хүмүүс байлцав. Мөн үеэр иргэд өөрсдийн сонирхсон асуултдаа Засгийн газрын тэргүүнээс болон бусад хүмүүсээс авснаар уулзалт өндөрлөв гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.