Холын тээвэрт явдаг жолооч нарт Эрүүгийн цагдаагийн газраас хяналт тавьж, эрүүл мэндийн үзлэгт оруулхаар болжээ. Тэдний байнгын хэрэглээ болсон “мими” гэх мансууруулах төрлийн бодист хяналт, шалгалт хийхээр Зам тээврийн хөгжлийн яамнаас ийнхүү цагдаа нартай хамтран ажиллахаар болсон аж. Энэ тухай өнөөдөр (2017.03.24) шилэн Цогоо буюу тус яамны дэд сайд Б.Цогтгэрэл твиттер хуудаснаа мэдээллээ.
Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэдэг жолооч нар Ханбогд сумтай хил залгаа ӨМӨЗО-ны Баяннуур аймгаас Мими хэмээх бодисыг боодлыг нь таван юань буюу 1,800 төгрөгөөр авдаг байна. Тэд энэхүү кофены төрлийн сэргээх бодисыг олон хоног тээвэр хийхдээ хэрэглэдэг аж. Учир нь хилээр гаргах нүүрс, баяжмал ачсан машины цуваа 30 км-тэй тэнцэхүйц урт дараалалд 2-3 хоног дугаарлахдаа унтахгүйн тулд дээрх сэргээшийг хэрэглэдэг аж. Сүүлдээ энэ нь явсаар нутгийн иргэдэд дамлан зарах хэмжээнд хүрчээ. Өөрөөр хэлбэл жолооч нар урд хөршөөс машиндаа нууж оруулж ирэн энгийн иргэдэд зарж, борлуулах болсон байна. Албаны хүний хэлснээр энэхүү бодисыг худалдан авагч нь ихэвчлэн ажилгүй, мөрийтэй тоглоомонд донтсон иргэд байдаг аж.
Мими гэх бодис нь кафейн буюу сэргээш агуулсан, донтуулах бодис аж. Түүний 90 хувьд агуулагдах кафейн нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтад албан ёсоор ороогүй боловч хүний төв мэдрэлийн системд нөлөөлж, хүнийг нойргүйжүүлэх үйлчилгээтэй юм байна. Уг бодисыг удаан хэрэглэвэл тархины наалданги, булчингийн сулрал үүсгэж, аажмаар үхэлд хүргэх аюултай юм байна.