Согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч цагдаагийн алба хаагчийг “буудаж ална” гэж заналхийлсэн байна. Завхан аймгийн Баянхайрхан суманд энэ сарын 13-ны орой 23:00 цагийн үед Б.А гэгч нь цагдаагийн кобаны байранд галт зэвсэгтэй ирж, цагдаагийн алба хаагч Э-г “чамайг буудаж ална” гэж сүрдүүлжээ.Энэ үед цагдаагийн ахлагч Э нь мэргэжлийн ур чадвар гарган ажиллаж, бууны замаг болон бууг салгаж, гарыг нь гавлаад аймгийн Цагдаагийн газрын жижүүрт мэдээлэл өгсөнөөр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж чадсан байна. Энэ дагуу Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очиж ажиллан сумыг хураан авчээ.
Хүний аминд хүрэхийг завдсан этгээд нь хэрэг гардаг өдөр “…ЗАН” дугаартай портер маркийн автомашиныг согтуугаар жолоодож явах үед нь цагдаагийн албан хаагч Э нь илрүүлэн шалгаж, автомашиныг нь согтууруулах ундаа хэрэглээгүй найзад нь шилжүүлэн, Б.А-г ар гэрт нь хүлээлгэн өгсөн аж. Гэтэл удалгүй дээрх хэрэг гарсан байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон Б.А гэгч нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн “Тоз-8-01” маркийн буу ашигласан бөгөөд түүнийг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Тэрбээр “Цагдаагийн алба хаагч намайг согтуурсан үедээ жолоо барьсан гэж саатуулсан” гэх шалтгаанаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ уг үйлдлийг хийсэн болох нь гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтууд, мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогджээ.
,