Тулаан эхлэхийн өмнө
Чухам хэзээ, хаана, ямар шалтгааны улмаас энэ агуу тулаан эхэлснийг мэдэх хүн байдаггүй ч, монгол жанжны ухаан, суу билгийг ард түмэн хэдэн үедээ шагшин магтаж ам дамжин ярьсаар ирснийг та бүхэнд хүргэе.Тэр өдөр бусад өдрөөс ялгагдах юмгүй нар гийсэн, цэлмэг сайхан өдөр байв. Харин байлдахаар жагссан хоёр талын армийн жанжин, баатрууд, цэргүүдийн хувьд бүрхэг, бороотой, цастай, шуургатай, тас харанхуй мөн заримынх нь хувьд гэрэл гэгээг авч ирэх өдөр мэт санагдана.
Цэрэг бүр л өчигдрийн амьдрал, өнөөдрийн болж буй явдал, өнийн ирээдүйн талаар сайн сайхан, муу муухайг хослуулан бодно. Жанждын хувьд тулааныг хэрхэн эхлүүлж, төлөвлөснөө яаж хэрэгжүүлэх тухай эргэцүүлнэ.Монгол цэргийн жанжин Үйтүмэн, нэрэндээ тохирсон хүч, арга ухаан хосолсон, үйтүмэн цэргийг удирдах авьяастай, олон дайн, тулааныг үзэж өнгөрүүлсэн нэгэн ажгуу. Украйн цэргийн жанжин Савон буюу монголчуудын хэлдгээр Саван жанжин, 13 наснаасаа эхэлж цэрэг дайны урлаг, стратеги, тактикийг судалж, ширүүн дайн байлдаанд олон удаа оройлон орж байсан нэгэн.
Цэргийн олон, зэвсгийн дэвшил нь дайнд нөлөөлөх хэдий ч эцэстээ тулааны болоод цэргүүдийн хувь заяа жанжны чадвараас шууд хамааралтайг аль аль нь бүрэн ойлгоно. Монголын арми сэлэмт, харваач, жадат нийлсэн 8 мянган явган цэрэг, 2 түмэн хүндморин цэрэг, 2 түмэн хөнгөн морин цэрэг, 2 мянган тэмээн цэрэг, нэгэн мянган торгон цэрэг,тэдгээрийн дээр жанжны шууд удирдлага дор сайд, зөвлөх, амь хамгаалагч нийлсэн нэгэн мянган цэргээс бүрдэж байхад Украйны тал сэлэмт, харваач, жадат нийлсэн 8 түмэн явганцэрэг, 20 харвагч цамхаг бүхий 2 түмэн явган цэрэг, 2 түмэн өвч хуягласан морьт рыцарь, 2түмэн цэрэг 200 их буу бүхий 2 анги, нэгэн түмэн шилдэг баатрууд, тэдгээрийн дээр жанжны шууд удирдлага дор эрдэмтэн, зөвлөх, инженер, түшмэд, амь хамгаалагч нийлсэн нэгэн мянган цэргээс бүрдэнэ.
Тулаан эхлэв
Монгол талаас бүрээн дуун хангинаж, Украйны талаас бөмбөр нижигнүүлэн тулаан эхлэв. Үйтүмэн жанжин стратегийн түшиц газар болох Дөрвөлжин хэмээх тэгш өндөрлөгийг эзлэх зорилгоор юуны түрүүнд харваач төвийн мянгатыг өндөрлөгийн баруун гар тал руу яаравчлан илгээв. Монгол харваачид уулын дээрээс дайсан руугаа суман мөндөр буулгаж эхлэхэд Саван жанжин тэдний довтолгооныг зогсоохоор өвч хуяг бүхий түмэн явган цэргийг суман мөндрөөс бултуулан өндөрлөгийн зүүн гар талаар илгээхэд, хариуд нь Үйтүмэн жанжин харваачдаа хамгаалуулахаар жад, сэлмээр зэвсэглэсэн өөр нэг мянгатыг хуягт цэргийн өөдөөс тосгуулан байлдав.
Өндөрлөг орой, уулын дунд хэсэг тэр чигтээ улайрсан цэргүүдийн уухайн дуун, анх удаа үхэл харж, тулаанд орж байгаа заримынх нь айж балмагдсан орилоон хашгираан, сэлэмний цавчилдаан, сумны исгэрээнтэй холилдон сонсдоно.Саван жанжин зүүн жигүүрийнхээ 10 харвагч цамхагийн хамгаалалт болох нэгэн түмэн цэргийг урагш ахиулж, өндөрлөг дээр чулуун мөндөр буулгах хэтийн санаа өвөрлөн цамхагуудын урагшлах замыг засав.
Монголын армийн зүүн жигүүрийн хөнгөн морьт цэргийнтүмт явган цэрэгтээ туслахаар уулын ор зүг уухай хашхиран ухасхийв. Украйны талаас эсрэг этгээдийнхээ морин цэргийн довтолгооныг зогсоох, өндөрлөгийн дээрх ноёрхлыг нь нураах зорилгоор мөн өөрийн армийн зүүн жигүүрийн нэгэн түмэн морьт рыцариудаар довтлов. Дараагийн түмэн морьт рыцариуд ирэхээс өмнө урьтаж өндөрлөгийг бүрэн эзлэхийн тулд Үйтүмэн жанжин баруун жигүүрийн хөнгөн морин цэргийн түмтийг тулаанд оруулав.
Өндөрлөгийн оройг 2 мянган явган, 2 түмэн хөнгөн морин цэргээрээ эзэлсэн Үйтүмэн жанжин, түшиц газраа улам бэхжүүлэх, тэндээсээ дайсныхаа гол хүчинд цохилт өгөхөөр төлөвлөв. Саван жанжин төлөвлөгөөг нь гадарлаж, өндөрлөгийн дээрх ноёрхлыг бут цохих хүч хуралдуулан, үүний зэрэгцээ өөрийн гол хүчийг хамгаалалтад бэлтгэнэ. Украйны талаас зүүн жигүүрийнхээ харвагч цамхагуудыг морьт рыцариуд, явган цэргүүдийнхээ хамгаалалтан дор тулаанд оруулахад Монголын талаас баруун жигүүрийн тэмээн цэргээрээ давшив.
Энэ зуур Саван жанжин зүүн жигүүрийнхээ их бууны ангийг тулаанд бэлтгэж, өөрөө байлдааны явцыг бүрэн ажиглах боломжтой өндөрлөг, шууд халдахад бэрхтэй, бартаа, саад ихтэй газарт шилжин байршив. Түүний хувьд хамгаалалтыг зузаатгаж, довтолгооныг няцаагаад улмаар сөрөг довтлон дайснаа дарахаар төлөвлөжээ.Үйтүмэн жанжин довтолгооныг үргэлжлүүлж урт жадаар зэвсэглэсэн зүүн жигүүрийнхээ тэмээн цэргүүдээр дайсны морьт рыцариудыг довтлов. Үүний хариуд Саван жанжин баруун жигүүрийнхээ 10 харвагч цамхагийг тулаанд оруулж, Монголын талын баруун жигүүрийн хөнгөн морьт цэргүүд рүү чулуун бөмбөг нүүлгэж эхлэв. Харвагч цамхагуудын хөнөөл их. Засаж бэлтгэсэн, тэвэр дүүрэм том чулаан бөмбөгөөр тасралтгүй харвана.
Хүчтэй нисэн ирсэн чулуунууд цэрэг, агт морьдын ясыг үйрүүлэн бяц цохиж, өнхөрсөн чулуунууд цэргүүдэд гэмтэл бэртэл учруулж, урагшлах замд нь саад болно. Монголын торгон цэргүүд зүүн жигүүрийн тэмээн цэргүүддээ дэмжлэг үзүүлэх,өндөрлөгийн дээрх явган цэргүүдээ хамгаалах, цаашлаад Саван жанжинд хүрэх зорилгоор тулаанд уухайлан оров. Украйны баруун жигүүрийн морьт рыцариуд өндөрлөгийн орой руу давшин монгол явган цэргүүдэд цохилт өгч эхлэхэд монгол цэргүүд өндөрлөгийг уруудан сөрж давшин морьт рыцариудын өөдөөс ширүүн эсэргүүцэл үзүүлэв.
Тулаан өрнөв
Ийн байлдаж байх зуур Украйны харвагч цамхагууд Монголын баруун жигүүрийн хөнгөн морьт цэргүүдийг бүрэн сүйрүүлж, түүнээс цааш тэмээн цэрэг, явган цэргүүд рүү довтолж эхлэхэд, чулуун мөндөрийн дор монгол явган цэргүүд давшсаар тэдгээр хөнөөлт харвагч цамхагуудыг бүрэн сүйтгэв. Өндөрлөгийг давж уруудсан монгол цэргүүдийн эрэлхэг,ширүүн довтолгоонд өртсөн рыцариуд ч арга буюу ухарлаа.
Хэдийгээр дайсны баруун жигүүрийн харвагч цамхагуудыг сүйтгэж, өндөрлөгийн оройд ноёрхож чадсан ч Үйтүмэн жанжин өөрийн хамгаалалт суларсныг бүрэн ойлгож байсан агаад дайсан этгээдэд сэхэл өгөлгүй довтлох л ялалтад хүрэх цорын ганц арга зам гэдгийг ухаарна. Байлдаан үргэлжлэв. Үйтүмэн жанжин дайсны хөнөөл ихт 10 харвагч цамхагийг торгон цэргүүдийнхээ дэмжлэгтэйгээр зүүн жигүүрийнхээ тэмээн цэргээр довтлов.
Ухарч сарнисан Украйны морьт рыцариуд эгнээгээ дахин засаж, баруун жигүүрийнхээ морьт рыцариудтай хүчхавсран явган цэргийн довтолгооныг торгоов.Байлдааны талбарт Монголын арми жагсаал, эгнээ алдагдсан мэт сийрэг, хамгаалалт сул боловч ширүүн довтолгоо үргэлжлүүлэх боломж бүрдсэн байхад, Украйны арми улам нягтарч, хамгаалалтаа сайжруулан, эгнээ, жагсаалаа шахав. Үйтүмэн жанжин Саван жанжны хориглолтыг сэтлэхээр хүнд морин цэргүүдийнхээ дэмжлэгтэйгээр баруун жигүүрийнхээ явган цэргүүдийг тулаанд оруулав.
Саван жанжин шууд өөр рүү нь чиглэсэн довтолгооныг анзаарч байсан боловч өндөрлөгийг давж уруудсан явган цэргүүдийг хажуунаас нь цохих, өмнөөс нь ирсэн мянгатын довтолгооныг зогсоох зорилгоор нэгэн түмэн явган цэргийг довтолгоонд оруулав. Өндөрлөгийг давж уруудсан монгол цэргүүд давшсан явган цэргүүдийг тойрч бүслэн хиар цохиод түүнээс цааш дайсны баруун жигүүрийн морьт рыцариуд, Саван жанжны хамгаалалтын түмт рүү улангасан довтлов. Саван жанжны хамгаалалтын түмт Монголын тэргүүн эгнээний мянгатыг хиартал цохиж, зүүн жигүүрийнхээ их бууны ангийг довтолгоонд бэлтгэв. Монголын армийн зүүн жигүүрийн тэмээн цэргүүд харвагч цамхагуудыг довтлон бүрэн сүйтгэж, рыцариуд, их бууны ангид нь довтолж эхэлсэн тул Саван жанжин өөрийн мянгатаар довтолсны эцэст сүйрүүлэв.
Монголын явган цэрэг Саван жанжны хамгаалалтыг нураахаар урагш довтлоход, түүний баруун жигүүрийн морьт рыцариуд, хөнгөн морин цэргийнхээ дэмжлэг дор тулалдаж байсан Монголын төвийн түмт рүү довтолж хүнд цохилт өгөв. Төвийн мянгат нь хүнд цохилтод өртөж бүрэн хядуулах нөхцөл бүрдсэн боловч Үйтүмэн жанжин нэмэлт хүч ирүүлээгүйд Саван жанжин гайхав. Хэдий дайсан этгээд нь ч гэлээ нэгэн мянган цэрэг ийнхүү зорилгогүй хядуулж байгаад Саван жанжин гайхан харамсаж байлаа. Талын чонынх мэт жартгар нүдтэй, богино хөл, өргөн цээжтэй, шөрмөслөг, эцэж цуцахаа мэддэггүй тэдгээр дайчид өөрт нь байсан болоосой ч гэж бодно.
Энэ зуур Үйтүмэн жанжин нэмэлт хүч өндөрлөг руу илгээх нь дайсны жанжны зүрхэнд цохилт өгөх довтолгооныг зогсоох, цаашлаад зорилгодоо хүрч чадахгүй болохыг ойлгож байсан тул төвийн мянгатаа золиослохоор шийдсэн байлаа. Нэмэлт хүч, дэмжлэггүй болсон төвийн мянгат нь дайсны баруун, зүүн жигүүрийн өвч хуягласан морьт рыцариудын эсрэг эрэлхгээр тэмцэж, ширүүн эсэргүүцэл үзүүлэв. Дайсны цэргүүдийн болон морины зузаан төмөр хуягийг нэвтлэх хэцүү ч Монгол цэргүүд тэднийг эсэргүүцэх бүхий л аргаа хэрэглэв.
Хуягны завсраар сэлмээр зоож, дуулганы нүдний хэсгийн онгорхой руу мэргэн харваж, жадаар тулж мориноос нь ховхолж, үсэрч сундлан рыцарийн дуулгыг мулталж хоолойг нь хэрчив. Хариуд нь нягт эгнээгээр шахсан морьт рыцариуд урт жадаар сүлбэж, ойртсоныг нь сэлмээр цавчин урагшлав.Үйтүмэн жанжин сайд, зөвлөхийн хамт хамгаалалтаа бэхжүүлэн зүүн жигүүрийнхээ өндөрлөг газарт шилжиж, баруун жигүүрийнхээ хүнд морин цэргийг тулаанд бэлтгэв. Украйны армийн баруун жигүүрийн морьт рыцариуд Монголын төвийн мянгатыг хядаж дуусгаад, цааш давшин хөнгөн морин цэрэг, торгон цэрэг, явган цэргүүдэд цохилт үзүүлэв.
Монголын хөнгөн морин цэрэг тэрхүү морьт рыцариудаас эрэлхэг нөхдийнхөө амийг нэхэн хиар цохив. Саван жанжны морьт рыцарийн үлдсэн түмт нь Үйтүмэн жанжны хөнгөн морьт цэргийн түмтийг хиаруулан, тэндээс давшин торгон цэргүүдэд халдаж, зүүн жигүүрийнхээ их бууны ангиар монгол явган цэргүүдийг довтолж эхэллээ. Торгон цэргүүд Саван жанжны хүрээ рүү суман мөндөр буулгаж, морьт рыцариудыг ааглан довтолж эхэлсэн тул тэд арга буюу ухарч, жанжнаа хамгаалав. Дайсныхаа довтолгооныг амжилттай няцаасан Үйтүмэн жанжин түр амсхийж дайчдынхаа сэтгэл санаа, хүч чадлыг ажиглана. Хааны зарлигийг дуулган эцэг, эх, хань, үр хүүхдийнх нь нулимсыг асгаруулан авч одсон тул нэг цэргийн амийг ч гарздах эрхгүйгээ ойлгоно.
Үйтүмэн жанжин довтолгоог үргэлжлүүлэв. Саван жанжны байрласан өндөрлөгийг эзлэх тактик боловсруулан баруун жигүүрийнхээ явган цэргүүдээр тулааны тэргүүн зурвасыг даван урагшилж, рыцариуд, явган цэргүүдийн хамгаалалтыг сэтлэхээр тулалдав. Саван жанжны шилдэг баатрын түмт жанжныхаа хамгаалалтыг зузаатгах, эсрэг этгээдийн довтолгооныг няцаах зорилгоор зүүн жигүүртээ шилжих зуур Үйтүмэн жанжны баруун жигүүрийн явган цэргийн мянгат дайсныхаа явган цэргийн түмтийг хиартал цохиж, нэмэлтээр ирсэн өөр нэг түмтэд цохиулав.
Эрэлхэг явган цэргийнхээ ачаар дайсныхаа жанжинд шууд довтлох боломжтой болсон монголын хүнд морин цэргүүд байлдаанд бэлтгэж байх зуур тэмээн цэргүүд нь Саван жанжны шилдэг баатрууд хамгаалан буй явган цэргүүдэд довтолж, хүнд морин цэргийнхээ дэмжлэгийг авахаар зэхэв. Гэвч Украйны явган цэргүүд энэ санаархлыг гадарлаж явган цэргийн нэгэн түмтийг нэмэлт хүч болгон илгээж тэмээн цэргийн довтолгооныг зогсоов.
Монголын тэмээн цэрэг ухарч торгон цэргүүдийнхээ хамгаалалтан дор ороод, тэндээсээ Саван жанжны хамгаалалтын түмт рүү довтолж, цохилтын тэр цэгт хүнд морин цэргийнхээ дэмжлэгийг авахаар зэхэв. Өндөрлөгийн оройд байсан торгон цэргүүд рүү Саван жанжин шилдэг баатрын түмтээрээ дэмжүүлэн явган цэргийнхээ түмтээр довтлоход торгон цэргүүд бултан зайлж, өндөрлөгийг даван урагшилж, Саван жанжныг хамгаалан буй рыцарийн түмт,шилдэг баатруудынх нь хамгаалан буй явган цэргийн түмт рүү зэрэг довтлов. Өндөрлөгийн 3 оройд байрласан явган цэргийнхээ дэмжлэгтэйгээр Украйны явган цэргийн нэгэн түмт тулааны тэргүүн зурвасыг өнгөрч Монголын тэмээн цэргүүд рүү довтлов. Ийнхүү өндөрлөг Саван жанжны гарт орлоо. Монголын тэмээн цэргүүд хүнд байдалд оров.
Тулаан шувтрав
Зэр зэвсгээр илүү дайсныхаа эсрэг тасралтгүй 22 цаг тулалдсан Үйтүмэн жанжин байлдааны явцыг дахин нягталж, мэргэн сайд, зөвлөхүүдтэйгээ удтал зөвлөлдөв. Тэрээр 4 цагийн дараа ялалтад хүрэх нарийн арга сүвэгчлэн, нягт нямбай төлөвлөгөө боловсруулав. Төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл шийдвэрлэх цохилтуудыг угсруулан өгснөөр их хааны тушаал болох Саван жанжныг амьдаар нь олзлох зорилго биелнэ. Энэхүү төлөвлөгөөний хамгийн хүнд гарз хохирол нь нэгэн мянган тэмээн, нэгэн түмэн хүнд эрэлхэг морин цэргийнхээ алтан амийг золиослох байлаа. Хэрэв тулаан энэ хэвээр үргэлжилвэл ялагдал хүлээхийг ч Үйтүмэн жанжин бүрэн ухаарна.
Дахин нягтлан шалгаж, тунгаан бодсоны эцэст Үйтүмэн жанжин олон удаагийн дайн тулаанд оройлон ордог, дайчин баатруудаас бүрдсэн тэмээн цэргийн мянгатаа Саван жанжны хамгаалалтыг устгуулахаар илгээв. Цэргүүд нь суваг шуудуу, занга, сааль, гал, усан хамгаалалтад шивээлсэн, галт бөмбөг шидэж буй түмэн цэргийн өөдөөс эрэлхгээр тэмцэв. Тэмээн цэргийн онцлог нь хүнд зэр зэвсэг ихээр ачиж явах чадвартай, бүх зэвсгээрээ байлдаж дуусмагц хөнгөрөн харьцангуй түргэн ухрах боломжтой байв. Тэмээн цэргүүд жижиг чулуу дүүгүүрдэн суман мөндөр буулгаад, галт сумаар завсаргүй харвав. Тэд хамгаалалтын шивээг шатааж, тэмээний бөхөн дээрээс шивээ рүү мацахад өөдөөс нь буцлам халуун тос асган,дээрээс нь галт сумаар харван тэднийг амьдаар нь шатааж байлаа.
Ширүүн тулааны эцэст шивээлсэн хамгаалалт сүйрэв. Тэмээн цэргийн мянгатаас үлдсэн 50 хүрэхгүй цэрэг Саван жанжны амь хамгаалагч цэргүүдтэй тулалдсаар амь үрэгдэв. Эргэн тойрныг харахад нүд халтирам. Цусан балчиг, шатсан цэрэг, үхсэн тэмээ, монгол цэргийн чулуун суманд оногдон тархи нь гоожсон украйн цэргийн үхдэл, тасарсан толгой, салсан бие харагдана. Байлдааны талбарын аймшигт байдлыг үзсэн дайчид эсрэг этгээдээ хядаж дуусгах туйлын хүсэлд автана. Байлдааны талбар хэсэгтээ нам гүм болов. Гагцхүү үсээ хуйхлуулж, хиншүү хярвас үнэртүүлж, баруун гуяндаа жадны хугархай зоолттой нэгэн тэмээ босч ирэн эзнээ эрэн буйлав. Цусанд дунд хэвтэж буй эзнийхээ цогцсыг олоод түүнийг үнэрлэж, Монголын өндөрлөгийн зүг туслаач гэх шиг ширтэнэ.
Сэр сэр салхилж эхлэхэд төрсөн нутгаа санав уу гэлтэй тэмээний нүднээс том том нулимс дуслав. Тийн хэсэг зогсоод эзнийхээ биеийг чирэн догонцсоор Монголын өндөрлөгийн зүг сажиллаа. Хоёр талын өндөрлөгт буй хэдэн түмэн цэргүүд сэтгэл шимшрүүлсэн энэ явдлыг чимээ аниргүй ажиглан,дор бүрдээ нэгийг эргэцүүлнэ. Монголын өндөрлөгөөс 50 гаруй насны нэгэн ахмад цэрэг тэсгэл алдан мориндоо мордож тулааны талбар руу ухасхийв. Хэдийгээр сум тусах газарт орж ирсэн ч дайснууд нь нэгэн цогцос, гурван амь руу хэн нь ч халдсангүй. Морьтон эр тэмээний хүзүүг хэдэнтээ илбэн аргадаад, түүнийг хөтөлж, эзнийг нь мориндоо дүүрэн буцлаа. Хожим сонсоход, тэр тэмээг эдгээж, цэргийн хүчир албанаас чөлөөлөн төрсөн нутагт нь буцааж, сэтэрлэн тавьсан гэдэг. Эрэлхэг тэмээн цэргийнхээ ширүүн тулааныг үзэж цөс нь хөөрсөн Монголын армийн зүүн жигүүрийн хүнд морин цэргүүд уухай хашхиран Саван жанжин, түүний мянгатыг хайр найргүй довтлов.
Тэд зүүн хойш ухран рыцарь, шилдэг баатрууд, их бууны ангийнхаа хамгаалалтад хоргодов. Саван жанжин ийнхүү ухрахдаа түүний хувьд довтолгоо бүрэн зогсож гагцхүү бүхий л чадлаараа хамгаалах ёстойг бүрнээ ойлгов. Торгон цэргүүдийн довтолгоон оруулахад дайсны рыцариудын хатуу чанд хамгаалалт саад учруулж байв. Үйтүмэн жанжин рыцариудын хамгаалалтыг устгах, тэдний анхаарлыгсарниулах зорилгоор зүүн жигүүрийн хүнд морин цэргээ занга, сааль, хориглолт бүхий рыцарийн хамгаалалтын цэг рүү илгээв.
Морин цэргүүд асар их хүн хүч алдан Саван жанжны 4 мянгат руу ширүүн довтолж эхлэхэд рыцариуд хойш татагдан Монголын хүнд морин цэргийн түмтийн үлдэгдлийг хүйс тэмтрэв. Бүрээн дууны үргэлжилсэн нүргээнд Үйтүмэн жанжны торгон цэргүүд Саван жанжны мянгатад үхлийн цохилт өгөв.Найдваргүй болсон тулааныг цааш үргэлжлүүлвэл цэргүүдийнхээ амийг дэмий гарздах, нөгөөтэйгүүр өөрөө олзлогдсон ч тэднийхээ амийг аварч болохыг Саван жанжин эргэцүүлэн тунгаасны эцэст бүрээ татан зэвсгээ хаяхыг цэргүүддээ тушаав. Тасралтгүй 26 цаг үргэлжилсэн ширүүн тулаан Үйтүмэн жанжны ялалтаар төгсөв. Хожмоо Үйтүмэн жанжин дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн агуу жанжин Фишертэй халз тулгаран хүч тэнцүүхэн удтал тэмцэлдсэн тул найрамдлаар төгссөн гэдэг билээ.
Номт овгийн Баасанхөхийн Чинзориг
1 comment
Ter ued Ukrain gej uls baigaagui shuu zohiolchoo