Хүйтний ам цаашилсан ч ханиад, томууны дэгдэлт буурахгүй, эмнэлгүүд ачаалалтай ажилласан хэвээр. Энэ сарын 13-ны байдлаар нийслэлд ханиад, томуугаар өвчлөгсдийн 82.5 хувь нь 0-9 насныхан байгаа юм. Энэ хэрээр рентгенд харуулах, зураг авахуулсан хүүхдийн тоо нэмэгдсэн гэсэн үг.
Хамрын ханиад хүрэх төдийд эмч нар “Рентгенд харуул, цээжний зураг авахуулж ир” гэдэг болсон. Цээжийг нь чагнаж, тогшиж, гар хуруугаар мэдэрч оношлохоос илүү техник технологийн давуу талыг ашиглан бэлэн зураг харж байж л сэтгэл амардаг гэхэд хилсдэхгүй болов уу. Өөрийн чадвар, туршлагад итгэхээс илүү нүдэнд харагдаж, гарт баригдах зүйлд ач холбогдол өгдөг эмч, эцэг, эхчүүдийн эрүүл мэндийн мэдлэг муугаас болж нялх үрс хохирсоор байна.
Нобелийн шагналт, Германы физикч Вильгельм Конрад Pентген 1895 онд цахилгаан соронзон долгионы тусламжтайгаар нарийн бүдэг туяа ялгаруулан “Икс туяа” гэж нэрлэсэн нь шинжлэх ухаан, технологийн дэвшилд шинэ нээлт болсон билээ. Анагаах ухаанд үүнийг рентген туяа гэж нэрлэдэг бөгөөд маш олон өвчин эмгэгийг үүгээр оношилж буй билээ. Хэдийгээр рентген шинжилгээ нь өргөн тархсан, ач холбогдол өндөртэй ч хор хөнөөл нь багагүй.
Ялангуяа 0-5 насны хүүхдүүд насанд хүрэгчдийг бодвол энэ туяанд хордох нь илүү. Гэтэл манай улсад хүүхдүүд, тэр дундаа дээрх насныхан амьсгалын замын болон бусад төрлийн өвчинд өртөмхий байдаг. Энэ талаар ЭМЯ-ны Дүрс оношилгоо, радиологийн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, доктор Б.Эрдэнэбулган “Рентген нь нэг талаас технологийн дэвшил боловч хүний эд, эсийг гэмтээдэг. Бэлгийн булчирхай, ясны чөмөг, бүдүүн гэдэс, уушги, ходоод зэрэг эрхтэн рентген туяанд хамгийн мэдрэг байдаг юм. Балчир үедээ рентген шинжилгээ олон хийлгэсэн хүүхэд насанд хүрсэн хойноо үр тогтоох чадвар муутай болдог.
Мөн дээрх эрхтэнд хорт хавдар үүсэх суурь тавигддагийг олон улсын эмч нарын хийсэн судалгаанаас харж болно. Харамсалтай нь, манай улсад ийм судалгаа алга. Рентген шинжилгээнд аль насны хүүхэд хамгийн олон хамрагдаж байна, ямар эрхтэн нь илүү гэмтэж буйг судалж гаргах хэрэгтэй. Хүүхдүүдийн уушги утаанаас гадна рентгений хорт туяанд давхар хордож байна. АНУ, Япон, ХБНГУ зэрэг орны анагаахын их сургуулийн дэргэдэх институт урт хугацааны судалгаа хийдэг. Тухайлбал, ханиад хүрэх тоолондоо рентгенд харуулсан хүүхэд 18 нас хүрсний дараа ямар өөрчлөлт гарсныг судалдаг юм. Олон улсын бэлэн судалгаанаас бид хэрэгтэйгээ авч хэрэгжүүлэх нь чухал байна” гэв.
ДЭМБ-аас 0-5 насны хүүхдийг рентген, компьютерт томографын шинжилгээнд оруулахгүй байх зөвлөмж гаргасан байна. Гэхдээ энэ нь ор тас хориглох биш, аль болох тоог нь цөөлөх, өөр аргаар оношлохыг санал болгожээ. Зүрх, хоол боловсруулах замын болон тархины гажиг зэрэг зайлшгүй рентгенд харуулах шаардлагатай өвчний жагсаалт гэж бий. Түүнээс биш уушгиний хатгалга мөн, эсэхийг тодруулах төдийд хорт туяагаар хүүхдийг шарах шаардлагагүй гэдгийг холбогдох мэргэжлийн хүмүүс нь хэлж байгаа юм.
Тиймээс эмч нар аль болох шаардлагагүй тохиолдолд рентген шинжилгээг санал болгох бус, эцэг, эхчүүд нь энэ тухай эмчлэгч эмчтэй нь сайн ярилцаж зөвшилцөх чухал гэнэ. Эмнэлэг хоорондын уялдаагүй байдал, иргэдийн хэнэггүй зан рентген шинжилгээний эмх замбараагүй хэрэглээг бий болгож байна. Хөгжилтэй орнуудад өвчтөний рентген зургийг цахим бүртгэлд оруулж, эмнэлэг хоорондоо үүнийгээ солилцсоноор тухайн хүнийг дахин дахин хордуулахаас сэргийлдэг аж.
Гэтэл манай улсад нэг эмнэлгийн шинжилгээг нөгөөх нь хүлээн зөвшөөрөхгүй, давтан авах нь бий. Нөгөө талаас иргэд шинжилгээний хариу, рентген зургаа энд тэнд гээчихдэг. Энэ нь эмч тухайн хүний өвчнийг бүрэн гүйцэд, зөв оношлоход саад болдог.
Манай улсад өнгөрсөн онд 190 гаруй байгууллага рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж, 400 гаруй рентген аппарат ашиглаж байна. Эдгээрээс 78-ыг МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газраас шалгахад давхардсан тоогоор хамгаалах хэрэгсэл зүүлгээгүй, тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан зэрэг 923 зөрчил илэрчээ.
Улсын хэмжээнд хүүхдүүдэд тусламж үзүүлдэг төрөлжсөн ганц эмнэлэг болох ЭХЭМҮТ-ийн Дүрс оношилгооны тасаг ачаалал ихтэй ажилладаг. Ялангуяа, өвлийн улиралд рентгенд харуулах, зураг авахуулах хүүхдийн тоо эрс нэмэгддэг байна. Өдөрт 100 орчим хүүхэд рентгенд харуулах юм уу, зураг авахуулдаг гэж тус тасгийн техникч хэлнэ лээ.
Уг эмнэлэг “Хүүхдэд ээлтэй рентген” гэсэн хөтөлбөр боловсруулж, рентгенд харах хүүхдийн тоог цөөлж, зураг авахыг зорьж ажиллаж буй гэнэ. Дүрс оношилгооны шинжилгээний 27.4 хувийг рентген шинжилгээ эзэлж байгаа бөгөөд үүний 33.7 хувь нь амьсгалын замынх бол 25.9 хувь нь зүрх судасны эмгэг байжээ. Рентген зургийг 0.25 секундэд авдаг учир цацраг туяанд бага тунгаар өртөнө гэсэн үг. Харин рентгенд харуулахад хамгийн багадаа 8-20 секунд зарцуулах тул илүү хортой аж. Рентген шинжилгээнд орох үед цацраг туяа биеийн бүхий л эд эсээр дамждаг.
Хүний биеийн эд эрхтэн рентген цацрагийг харилцан адилгүй нэвтрүүлдэг гэнэ. Жишээлбэл, ясны эд цацрагийг илүү их хэмжээгээр шингээдэг бол уушги агаараар дүүрсэн байдаг тул бага шингээж, ихэнх нь нэвтлэн гардаг байна. Рентген цацрагийн тунг хэтрүүлбэл, арьсны хавдар ч үүсэх аюултай. Гэтэл нэгэн сургуулийн дөрөвдүгээр ангийн хүүхдүүдийг ангиар нь цээжний зураг авахуулыг багш нь үүрэгдсэн байх юм.
Учир нь сүрьеэгээр өвчилсөн, эсэхийг тодруулж буй гэнэ. Ингэж анги хамт олноор нь хоморголж, хорт цацрагийн хэрэглээг тэлж буй нь ямар учиртай вэ. Дэлхий нийтээр 0-5 насны хүүхдийг хорт туяагаар шарахын эсрэг байхад харин бид ханиад хүрэх төдийд зураг авахаар зүтгүүлж буйг хаа хаанаа анхаарах цаг болжээ. Энэ асуудлаар холбогдох албаны хүмүүсийн байр суурийг хүргэе.
ДЭМБ-ААС 0-5 НАСНЫ ХҮҮХДИЙГ РЕНТГЕНД ХАРАХААС ТАТГАЛЗАХ ЗӨВЛӨМЖ ӨГСӨН
Б.Эрдэнэбулган (ЭМЯ-ны Дүрс оношилгоо, радиологийн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, доктор):
-Рентген шинжилгээ оношилгооны өндөр ач холбогдолтой. Ялангуяа, эмгэг өвчнийг ялган оношлоход чухал нөлөөтэй. Бага насны хүүхдүүд ийм шинжилгээ хийлгэснээр насанд хүрэгчдээс илүү хорддог. ДЭМБ, Олон улсын цөмийн агентлагаас 0-5 насны хүүхдийг рентген шинжилгээнд аль болох оруулахгүй байх, тоог нь цөөлөх, өөр аргаар шийдэх гарц хайх зөвлөмж өгсөн. Тиймээс бид МХЕГ-тай хамтран 0-5 хүртэлх насны хүүхдийг рентгенд харах шинжилгээнд анхаарч байна.
Энэ насанд хүүхэд ид өсөж, эд эс нь төлжиж байдаг. Хэвийн өсөж буй эд эсийг нь гэмтээчихээр хэвийн бус болж, томрох эрсдэлтэй. Хорт хавдар үүсгэх эхлэл нь эндээс тавигдаж болно. Өвлийн улиралд ханиад, томуу ихсэхэд хүүхдийг толгой дараалан рентгенд харж, зураг авах нь гол биш. Рентген шинжилгээ хийдэггүй байхад эмч нар цээж чагнаж, тогшиж оношоо тавиад болдог л байсан. Техник технологид даатгахдаа хяналттай хандъя. Хүүхдийн олдмол гажиг юм уу, зайлшгүй тохиолдолд рентген үүсгэвэр бүхий шинжилгээ хийхээс ханиад, томуугаар өвчлөх бүрт л зураг авахуулаад байх нь зохимжгүй.
Эцэг, эхчүүд шинжилгээ нь рентген үүсгэвэртэй юү, давуу тал нь юу вэ, өөр аргаар оношилж болох уу гэдгийг эмч нараас сайн асууж, зөвшилцөн онц шаардлагагүй бол хүүхдээ ийм шинжилгээнд оруулахгүй байх хэрэгтэй. Өвлийн улиралд ханиад, томуу дэгдэхээр эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, өвчтэй хүүхдийг хурдан оношлохын тулд яалт ч үгүй рентгенд харах тохиолдол гардаг.
Энэ нь эмч, эмнэлгийн ажилтны буруу гэхэд хэцүү. Хүүхдийн эмнэлэг хангалттай байвал энэ шинжилгээнд хамруулахгүйгээр хүүхдийг чагнах, тогших, тэмтрэх үзлэг хийж, онош тодруулж болно. Харамсалтай нь, үүдээр нь дүүрэн хүүхэд хүлээгээд сууж байхад ингэж тухтай үзэх цаг байхгүй. Үүнийг төрөөс бодлогоор зохицуулах ёстой.
ДАВТАН ШИНЖИЛГЭЭНЭЭС ЗАЙЛСХИЙХ ХЭРЭГТЭЙ
Э.Уранцэцэг (НМХГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн улсын байцаагч)
-Мэргэжлийн хяналтын байгууллага цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Рентген аппарат дээр ажиллаж буй хүмүүс ионжуулагч цацрагийн нөлөөнд өртөж байдаг. Тэдний ажлын нөхцөлд авсан цацрагийн тунг хувийн дозиметрээр хянаж баталгаажуулдаг юм. Энэ тун нь жилд 20 милли зивертээс хэтрэх ёсгүй. Өвчтөний хувьд цацрагийн оношилгоо, эмчилгээ хийж байгаа тохиолдолд тунгийн хязгаар тогтоох боломжгүй. Гэхдээ Цацрагийн аюулгүйн нормоор тогтоосон зөвлөх түвшнийг баримталж ажиллах хэрэгтэй.
Сүүлийн үед хүүхдийн рентген шинжилгээнд анхаарах нь хамгийн чухал болоод байна. Хүүхдийн эд, эс дөнгөж хөгжин, хуваагдаж байдаг учраас цацрагт илүү мэдрэг. Эмч нар хоорондоо уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй. Хүүхдийн рентген шинжилгээ хийхдээ заавал эцэг, эх асран хамгаалагчийн зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Ийм тэмдэглэлийг бүртгэж, давтан шинжилгээ хийлгэхээс зайлсхийх нь зөв юм.
Ялангуяа, уушгины хатгалгатай хүүхдийн оношийг тодруулах, үйл явцыг хянах гээд рентген шинжилгээнд давтан оруулах нь биед сөрөг нөлөөтэй. Хүүхэдтэйгээ хамт шинжилгээ өгч буй хүмүүс цацраг туяанаас хамгаалах хувцас, хэрэгсэл өмсөж нүдний шил, хормогч зүүх хэрэгтэй. Үүнийг техникч мэргэжилтнүүдээс шаардаж болно.
РЕНТГЕН ЗУРАГ АВАХУУЛАХ ХҮҮХДИЙН ТОО НЭМЭГДЛЭЭ
Ч.Баттулга (ЭХЭМҮТ-ийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч):
-Шинжилгээний ямар ч аргад давуу, сул тал бий. Үүнийг тухайн нөхцөл, байдалдаа зөв тохируулах нь чухал. Рентген нь хүний биеэр нэвт гарч буй ионжуулсан цацраг туяа. Ийм туяа нь хүүхдэд ихэвчлэн бодисын солилцооны удаашрал үүсгэдэг. Энэ нь бусад өвчний суурь болох эрсдэлтэй. Насанд хүрсэн хүнд ч ялгаагүй бамбай болон бэлгийн булчирхайд нь сөргөөр нөлөөлдөг. Тиймээс шинжилгээг заавал эмчийн заавраар хийнэ. Манай эмнэлгийнхэн тав хүртэлх насны хүүхдийг аль болох рентгенд харахаас зайлсхийж байгаа. Нийт шинжилгээний 60 орчим хувьд нь зураг авдаг.
Гэхдээ рентген харах нь огт хэрэггүй шинжилгээ биш. Үүгээр амьсгалын болон хоол боловсруулах замын эрхтний динамик үйл ажиллагааг үзнэ, гаднын биетийг тодорхойлдог. Эмнэлгийн байгууллагын дотоод журамд ямар нөхцөлд зураг авах, харахыг зохицуулж өгсөн. ЭХЭМҮТ-д үзүүлж буй хүүхдийн тоо нэмэгдэж байгаа. Гэхдээ рентгенд харуулсан хүүхдийн тоо 2015 онд 54 хувь байсан бол өнгөрсөн онд 41 хувь болгон буурсан. Харин рентген зураг авахуулсан хүүхдийн тоог 2015 онд 46 хувь байсныг өнгөрсөн онд 59 хувь болсон.
Эмч нар өвчтэй хүүхдээс асуумж авч, үзлэг хийж, чагнаж, шаардлагатай гэж үзсэн тохиолдолд рентген зурах авахуулдаг. Гэвч заримдаа туйлширсан байдал ажиглагдаж байна. Рентгенд харуулах нь хортой гээд зайлшгүй тохиолдолд үгүйсгээд байж болохгүй. Өнөөдөр эрүүл байсан хүүхэд маргааш нь гэнэт хүндэрч болно шүү дээ.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин
1 comment
мрай-чдийн бизнес цэцэглэх нь дээ.