Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ манай улсад зах замбараагүй болж, хэрэглэгчид нь залуужсаар байгаад өнөөдөр анхаарал хандуулж, дорвитой арга хэмжээ авах цаг нь болжээ. Орхон аймагт энэ төрлийн бодис хэрэглэсэн долоон хүүхдийг холбогдох албаны хүмүүс 100 мянган төгрөгөөр торгосон байна.
Он гарсаар тус аймагт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах тохиолдол нэмэгдсэн байна. Иймд аймгийн цагдаагийн газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр оюутан сурагчдад зориулан сургалт, мэдээлэл хийхээр төлөвлөөд байгаа аж. Мөн Дархан-Уул, Улаанбаатар хотод сэтгэцэд нөлөөлөх эм бодисын хэрэглээ өргөн тархсан гэдгийг албаныхан хэлж байв.
Хар тамхи, мансууруулах төрлийн бодис ийнхүү газар авах болсон нь хууль бусаар худалдан борлуулж буй хүмүүс санаатайгаар санхүүгийн чадавхтай хүрээлэлд тараадаг, найз нөхдөөр нь дамжуулан түгээдэг тохиолдол цөөнгүй гардаг гэнэ.