Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төв цэвэрлэх байгууламжийн олон жил хуримтлагдсан лагийн үнэрийг дарах, устгах ажлыг энэ хавраас хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Уг ажлыг БХБЯ–ныхан хэрэгжүүлэх үүрэгтэй юм.
Лагийг хэрхэн устгах талаар тус яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэнгээс тодрууллаа.
-Лагийн үнэрийг ямар технологиор дарж, яаж устгах вэ. Шаардлагатай тоног төхөөрөмжийг энэ онд багтаан шууд гэрээ байгуулан худалдан авах эрхийг Засгийн газраас олгосон байх аа?
-Өнгөрсөн гурван сарын хугацаанд бид гадаад, дотоодын 30 гаруй эрдэмтэн, судлаачийн санал болгосон технологийг судалж туршиж үзлээ. Үүний үр дүнд Япон болон Монголын таван эрдэмтний технологийг шалгаруулаад байна. Эрдэмтэд хамтран ажиллах компаниа өөрсдөө сонгоно. Мэдээж бид тухайн компанийн чадамж, туршлагыг шалгаж гэрээ байгуулна.
Зөвхөн үнэр дарах бус, өдөр бүр гардаг 1000-1200 шоо метр, мөн 54 жил хуримтлагдсан 900 мянган шоо метр лагийг устгах цогц шийдэл хайж буй. Шалгарсан багийнхан лагийг усгүйжүүлэх төхөөрөмж суурилуулж, биотехнологийн аргаар хагас боловсруулахаар шийдвэрлэсэн. Энэ нь лагийг бүрэн цэвэрлэж, үнэргүйжүүлж, хөрс болгох арга юм. Өмнө нь туршсан үнэргүйжүүлэх технологийг ч ашиглана.
-Уг ажлын хөрөнгийг шийдсэн үү?
-1964 онд Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулснаас хойш анх удаа 2016 онд АСЕМ-ыг угтан 8.1 тэрбум төгрөг зарж түр зуур үнэр дарж байв. Ус сувгийн удирдах газрынхан үртэс, уусмал цацах зэргээр боломжоороо арга хэмжээ авч байснаас биш төрөөс дорвитой анхаарч байсангүй. Харин энэ удаа 35 тэрбум төгрөгийн төсөв баталж, 2018 онд 10 тэрбумыг нь зарцуулах боллоо. Энэ хөрөнгөөр лаг усгүйжүүлэх тоног төхөөрөмж авч, ажлаа эхэлнэ.
Төв цэвэрлэх байгууламжийг ахуйн бохир ус хүлээж авах зориулалтаар барьсан ч өдгөө үйлдвэрийн бохир усыг ч нийлүүлж байна. Арьс ширний үйлдвэрүүдийн бохирыг хүлээж авдаг “Харгиа” цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжүүд технологийн шаардлага хангахаа больсон учир үйлдвэрүүдийн бохир шууд Төв цэвэрлэх байгууламжид ирж байна.
Үүнээс шалтгаалж химийн хортой лаг хуримтлагдаж, Улаанбаатар өмхий үнэрт автаж буй юм. Мөн хүнсний, өлөнгийн үйлдвэрүүд, авто угаалгын газрын бохир уг байгууламжид ирж байна. Уг нь хуулийн дагуу бүх үйлдвэр урьдчилсан цэвэрлэх байгууламжтай байх ёстой ч Улаанбаатар дахь 206 аж ахуйн нэгж, байгууллага цэвэрлэх байгууламжгүй ажиллаж байгаа учраас аж ахуйн нэгж байгууллагад шаардлага тавьж, хэрэгжүүлэхгүй бол торгох арга хэмжээ авах нь зүйтэй.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин
3 comments
к
Үнэргүй болж байвал наад мөнгөө тэгээд аваач дээ
Үнэргүй болж байвал наад мөнгөө тэгээд аваач дээ