Урин дулааны улирал ирж буйтай холбоотой хөрсний бохирдлоос үүссэн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгааг эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. Цас хайлж шавар шавхай ихсэж байгаа энэ үед бага насны хүүхдийн дархлааг дэмжих нь чухал юм. Тухайлбал гэр хороололд амьдардаг айл өрхүүд бие засах газар орсон гуталтайгаа гэр дотроо явах, бохир гутлаар гишгэсэн шалан дээр хүүхэд нь тоглож байгаад халдварт өвчин тусах явдал их байдаг. Үүнийг өрхийн эмнэлэгт хүүхдээ үзүүлэх гээд дугаарлан зогссон эцэг эхүүдийн дүр зураглалаас харж болно.
Энэ онд гэхэд цусан суулга өвчнөөр 521 хүн өвчилсөн нь өмнөх оны мөн үеэс 231 тохиолдлоор нэгдсэн үзүүлэлт болжээ. Дийлэнх нь бага насны хүүхэд уг өвчнөөр өвчилдөг байна. Энэхүү эрсдлээс хамгаалах үүднээс Эрүүл мэндийн яам дараах зөвлөмжийг гаргасан байна.
Үүнд:
- Ундны усыг баталгаатайэх үүсвэрээс авах
- Усыг буцалгаж хэрэглэх, түүхий ус уухгүй байх
- Угааж цэвэрлэсэн тагтай, зориулалтын саваар усыг зөөвөрлөн хадгалах
- Усны савыг долоо хоногт 1-2 удаа бүрэн суллаж цэвэрлэх (Хүнсний сод эсвэл зориулалтын шингэн бүхий халуун усаар угааж, цэвэр усаар зайлах)
- Булаг, шанд, гол, горхины усыг хүнсэнд хэрэглэхгүй байх
- Гараа сайтар савандаж угаах
- Ахуйн хог хаягдлыг ялган ангилж, өдөр бүр тогтсон цэгт хаях;
- Хог хаягдлыг ил задгай хаяхгүй, шатаахгүй байх;
- Гуу жалганд хурсан хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах;
- Стандартын шаардлага хангасан нүхэн жорлон, угаадасны нүхтэй байх
- Жорлон, угаадасны нүхийг хлорлог бодис (жавелион, кальцийн гипохлорид, натри гипохлорид, клорсепт..,)-оор халдваргүйтгэх, авгалдай устгал хийх
- Бие засах газарт халдваргүйтгэл хийх, шимэгч хорхойн өндөг, ялааны авгалдай устгах арга хэмжээ авах
- Гудамж, талбайд нус, шүлс, цэр, тамхины иш хаяхгүй байх, угаадас асгахгүй байх.