– Ахлах ангийн сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэгүй музей үзүүлж байна –
Нийслэл хотод 118 Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс 50 гаруй сургуультай Монголын Үндэсний музей гэрээ байгуулжээ. Музейтэй гэрээ байгуулсан сургуулийн X ангийн сурагчид өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн зуны амралт эхлэх хүртэл үнэ төлбөргүй музей үзэх юм.
Ингэхдээ нэг ангийн 25-аас дээш сурагч музейг сонирхвол үнийн дүнгийн 10%-д хөнгөлөлт үзүүлэх гэнэ. Мөн захын дүүргийн сургуулийн нэг ангийн 20-иос дээш сурагч үзвэл таван хүүхэд үнэ төлбөргүй музей үзэх юм байна. Багш нар сурагчдаа дагуулж ирсэн болон цэцэрлэгийн насны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй музейгээр аялуулж байна.
Үндэсний музейд Монголын түүхэн үеийн ховор эд өлгийн зүйлс хадгалагддаг. Тухайлбал, Хүрэл зэвсгийн үеийн хос янзага, хүрэл сэлэм, Хүннүгийн үеийн ширмэл ширдэг, авсны алтан чимэглэл Өндөр Гонгорын хөөрөг, Жанжин Д.Сүхбаатарын хувцас хэрэглэл, Ж.Гүррагчаагийн сансарт нисэхдээ өмсөж байсан хувцас, Хятаны үеийн ясан шүдний сойз, Япон тэнгисээс олдсон Хубилай хааны цэргийн усны сав зэргийг сонирхох боломжтой. Үүнээс гадна олон сонирхолтой боловсролын хөтөлбөрт хамрагдаж болох аж.