ФРЕДЕРИК БАСТИАГИЙН АНХААРУУЛГА
Францын нэрт эдийн засагч, улстөрч Фредерик Бастиагийн амьдралынхаа сүүлийн жилүүдэд бичсэн “Хууль” хэмээх бүтээл нь 1850 онд хэвлэгдэж зохиогчоо ихэд алдаршуулжээ. Энэ бүтээлийн гол утга агуулга нь “хуульчлагдсан тонуулчид”-ын тухай. XIX зууны Франц улс хууль ёсоо дээдлэхээ больж, эрх мэдэл, эд хөрөнгөтэй хэсэг нь хуулийг ашиглан тонуул дээрэм хийдэг жишиг нэгэнт тогтоод байжээ. Фредерик Бастиа нийгэм, улс төрийн энэ гажуудлыг соргогоор харж, хуулийн мөн чанар чухам юу болох, өмчийн тухай ойлголт, хуулийн завхрал, хуульчлагдсан тонуул гэж юу вэ. Тэдгээр нь ямар үр дагаварт хүргэдэг болохыг тодорхойлж, өдгөөгөөс 160 гаруй жилийн тэртээгээс хүн төрөлхтөнд анхааруулжээ.
Аливаа нийгмийн гажуудал өнгө үзэмж, хэлбэр дүрсээ хувиргасан ч дотоод агуулга нь яг хэвээрээ өөр нэгэн орон зайд, өөр нэг улсад дахин “хэрэгждэг” бичигдээгүй хуультай. Үүний илрэл Францаас Монголд. Хуулиа дээрэм, тонуулынхаа зэвсэг болгосон 160 жилийн өмнөх Франц бол өнөөдрийн Монгол.
Манайд бүх салбарт шударга ёс шаардах хүмүүс байна. Энэ нь хууль мөн чанараа гээснийг, хуулийг хууль бус зүйлд ашигладаг болсонтой холбоотой. Нэгэнтэйгээ уялдаа холбоогүй эсвэл нэг нь нөгөөгөө үгүйсгэдэг байдал өнөөдрийн бидний мөрдөж буй 600 гаруй хуульд дийлэнх хувийг эзэлж байна. Гурван сая хүн дагаж мөрдөх хуулийг гурав, дөрвүүлэхнээ ширээний араас кноп дараад шийдчихдэг төртэй учраас тэр.
Бастиагийн хэлсэнчлэн тонуул хоёр төрөлтэй. Тодорхой харвал хуулийн хүрээн дэх, хуулиас гадуур гэж. Хуулиас гадуурх тонуулын хэлбэрт хулгай, дээрэм хамаарна. Энэ нь нийгэмд үзүүлэх хор нөлөө бага. Харин эсрэгээрээ нийгмийн эх үндэс болсон хэсэгт заналхийлдэг нь хуулийн хүрээн дэх тонуул гэжээ. Нэг үгээр хэлбэл хуульчлагдсан тонуул гэсэн үг. Тэгвэл хуульчлагдсан тонуулчид манай улсын бүх салбарт үржиж байна. Үүний нэг нь уул уурхай. Хуулийг тонуулынхаа зэвсэг болгосон жишээ, баримт энэ байна.
“ОЮУТОЛГОЙ”-Д БЭЛЭГЛЭСЭН УСНЫ ТУХАЙ ХУУЛЬ
“Оюутолгой” төслийг эхлүүлэхэд дагалдаж баталгаажсан олон гэрээний нэг нь усны гэрээ. Ус өөрөө стратегийн гол бүтээгдэхүүн, говь нутгийн амин сүнс. Монгол орны хувьд усны нөөц багатай, тэр тусмаа “Оюутолгой” төсөл хэрэгжиж буй Өмнөговьд бүр хязгаарлагдмал нөөцтэй. Үүнийг үл харгалзан гэрээ байгуулсан. Улмаар секундэд 870 литр усыг гүний хоолойн нөөцөөс татаж гаргана. Энэ зөвшөөрөл “Оюутолгой” төсөл үргэлжлэх хугацаатай адил үргэлжилнэ гэж гэрээнд тусгажээ.
Гэрээний энэ заалт олон нийтийн эгдүүцлийг хамгийн ихээр төрүүлж байв. Гэвч энэ эсэргүүцлээс хамгаалж Засгийн газраас төд удалгүй тухайн оныхоо тавдугаар сард Усны тухай хуульд өөрчлөлт оруулан батлуулсан байдаг. Шинэ хуульд “Оюутолгой”-н хамгаалалт зөвхөн нэг заалтаар хязгаарлагдахгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Түүний нэг нь Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын…28.9. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах зориулалт бүхий ус ашиглах зөвшөөрлийн хугацаа нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаатай адил байна гэх заалт. “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Да.Ганболдын хэвлэлд ярьснаар “Оюутолгой” төслийн лицензийн хүчинтэй хугацаа 100 жил гэжээ. Гэтэл төсөл хэрэгжээд 10 жил ч болоогүй байхад усны нөөцийн асуудал говийн бүсэд хамгийн хурцаар тавигдаж эхэллээ. Энэ асуудлын хамгийн том шалтгаан нь “Оюутолгой” төслийн усны зарцуулалт. Гэвч говийнхны дуу хоолой, анхааруулга “Оюутолгой”-д үйлчилсэн хуулийн хамгаалалтыг эвдэж чадахгүй байна.
ТӨСВИЙН ТЭРБУМТНУУД
Ашигт малтмал, газрын тосны газрынхан газрын тосны хайгуул, олборлолт явуулж буй компаниудаас төлөөлөгчийн үйл ажиллагааг дэмжих нэрээр жил бүр мөнгө татдаг. Татсан мөнгөө улсад тушаахгүйгээр тусгай дансаар дамжуулан авч хэрэглэдэг байсныг Авлигатай тэмцэх газрынхан илрүүлээд байна. Тэд 2015 онд 1.3 тэрбум, 2016 онд 1.7 тэрбум төгрөгийг тусгай данснаасаа зарцуулжээ. Төрд мэдүүлээгүй гэвэл хувьдаа зарцуулсан гэж ойлгогдож байна.
АМГТГ-ынхны тайлбараар энэ үйлдэл нь хуулиар зөвшөөрөгдсөн гэжээ. Тодруулбал, Газрын тосны газрын даргын 2011 оны 211 дүгээр тушаалаар “Төлөөлөгчийн үйл ажиллагааг дэмжих хөрөнгийг зарцуулах журам” баталсан нь компаниудаас мөнгө татах үндэслэл болсон гэнэ. Гэвч энэ журам нь хууль зөрчсөн гэж АТГ-ынхан үзэж байна. Газрын тосны тухай хууль 2014 онд шинэчлэгдсэнээр өмнөх 211 дүгээр тушаал хүчингүй болох ёстой байв. Гэвч 2017 он хүртэл тус журмыг үндэслэн мөнгө татаж, төрийн санд орлогоор бүртгэхгүй зарцуулсаар иржээ.
ГАЦУУРТЫН ОРД БА 35 УДААГИЙН ШҮҮХ ХУРАЛ
Түүх соёлын үнэт дурсгалтай Ноён уулыг хамгаалж Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэд Гацууртын орд дахь лицензийг эсэргүүцэн шүүхэд хандсанаар даруй нэг жил гаруй тойров. Энэ хугацаанд шүүх хурал 35 удаа хойшилжээ. Монголын шүүхийн практик, иргэдийн гомдолд хамгийн олон удаа хойшилж буй тохиолдол энэ. Гэвч өнөөгийн манай хуулийн орчин, шүүхийн ажиллагаа үүнийг хүлээн зөвшөөрсөөр байна.
Гомдлоо шийдвэрлүүлж чаддаггүй бурангуй хуулийн дор шүүхийн хаалга сахин жил тойрон эргэлдэх хойгуур “Сентерра гоулд” компани Гацууртын ордыг ашиглалтад оруулах бүхий л бэлтгэлийг хангасаар байгааг учир мэдэх хүмүүс хэлж эхэллээ. Баттай эх сурвалжийн мэдээлснээр энэ ордын хөрөнгө оруулалтын гэрээ болон орд ашиглах гэрээ хэдийнэ бэлэн болж, гарын үсэг зурах л үлдчихээд байгаа аж. Нэг л өдөр Засгийн газрын хурлаар тасхийтэл оруулж ирээд батлуулаад гарах нөхцлийг Монголын хууль бүрдүүлсээр л байна.
ХОХИРСОН Ч ХАРИУЦЛАГА НЭХЭХ ЭРХГҮЙ АРД ТҮМЭН
Монгол Улсад мөрдөж байгаа хуулиуд тонуулын арга хэлбэр болж байхад нөгөө талд хуульгүйг ашиглан өгөөш болох нөхцөл ч байдаг юм байна. Нэг талаар энэ нь хуульчлагдсан тонуулын нэг хэлбэр. Дорнод аймагт газрын тосны хайгуул, олборлолтын ажлыг 20 гаруй жил хийж буй “Петрочайна Дачин Тамсаг” компани бий. Нийгэм, эдийн засаг, байгаль орчны нөлөөлөл хамгийн ихтэй, орон нутгийн мэргэжлийн байгууллагууд энэ талаар дүгнэлт акт гаргаад хүч хүрэхээ байсан.
Орон нутгийнхан компаниас хохирол нэхэмжилсний шүүх хурал өнгөрсөн 2013 онд болж 1.3 тэрбум төгрөг нөхөн төлүүлэх шийдвэр гаргуулсан байдаг. Гэвч энэ нь “Петрочайна Дачин Тамсаг” компанийн байгаль орчинд учруулсан хохирлын өчүүхэн хэсэг болохыг нэхэмжлэгч талынхан онцолж байна. Тодруулбал, нутгийнхан газрын тосны ажиллагаа нутгийн иргэдийн нийгэм, эдийн засаг, амьдрах орчин, хөрс, ус, агаар мандалд учруулсан хохирлыг нэхэмжилж шүүхэд хандсан ч хохирол тооцох боломжтой хувилбар нь хуулийн дагуу зөвхөн хөрсний бохирдол байжээ. Бусад хохирлын тухайд тодорхой хууль журам байхгүйгээс хохирол тооцох боломжгүйд хүрчээ.
Хуулийн аргаар түмний баялгийг тонодог арга манай улсад ингэж хүрээгээ тэлсээр байна. Хуульчлагдсан тонуулчид хариуцлага хүлээх нь бараг үгүй. Үр дагавар нь Фредерик Бастиагийн томъёолсончлон нийгмийн үндэс язгуурт учруулах заналхийлэл. Яг л 160 жилийн өмнөх Франц шиг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин