Тун саяхан 1990-ээд оны репчдийг эргэн цуглуулсан “Rap challage” асар хүчтэй өрнөсөн билээ. Одоогийн залууст “бид ингэж нэгддэг байлаа” гэдгийг ах эгч нар нь олон таван үггүй ёстой нэг харуулах шиг болсон. Гэтэл үүнтэй арцалдав уу гэмээр “Гитартай дуулах challenge” –ыг гитарчин, дуучин О.Гантулга эхлүүлжээ.
Түүнийг “Румба” хэмээх гитарын гоцлолоор фэйсбүүкийг нэг хэсэг шуугиулж, төд удалгүй МҮОНТВ-ийн бүтээл “Нарны жим” ОАК-ны Оросоогийн дүрийг бүтээснээр нь та бүхэн эчнээ мэдэх билээ. Залуу дуучин гитаранд НУГАСГҮЙ бөгөөд найз нөхдөө тойруулаад хамт дуулах дуртай. Мөн 70,80-аад оны орцны дуучдад битүүхэндээ атаархаж явдаг гэнэ билээ. Учир нь тэр үеийн орцны дуучдаас одоогийн урлаг соёлын төдийгүй улс төрийн луугарууд олноор төрөн гарсан, бас тэдний үеийнхний нөхөрлөл нэг тийм бат бөх санагддаг гэнэ.
Энэ үеийг ингэж хүмүүжүүлэхэд дуу хуур, тэр дундаа гитар тоглоод ХАМТДАА дуулах нь ЧУХАЛ үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг учраас өнөө цагт энэ сайхан уламжлалыг сэргээхийг хүссэн тухайгаа ярьж байжээ. О.Гантулга өөрийн пэйжээрээ дамжуулан хамт олноороо гитартай дуулах уриалга дэвшүүлж мөн уралдаан зарласан байна. Тус уралдаанд найз нөхөд, хамт олон, он жавууд хамт дуулж оролцох боломжтой бөгөөд ялагчдыг тодруулж 3-р сарын 18-нд Salm Pub-д болох цомгийн баярын үеэрээ ОНЦГОЙ бэлэг барих гэнэ.
Rap challage-тэй арцалдсан, аль эсвэл түүнтэй адил өнөөгийн залуусыг хөгжмөөр хүмүүжүүлэх зорилго үнэхээр агуулсан алин болохыг хэлж мэдэхгүй юм. Ямартаа ч энэ давалгаа хэр хол давалгаалахыг харах л үлдлээ.