АТГ-аас өчигдөр (2018.03.12) “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүг цагдан хорьжээ. Түүнийг өчигдөр орой 20:00 цагийн үед баривчилж, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.
Ш.Батхүү нь Уулын баяжуулах ‘Эрдэнэт’ үйлдвэр болон УБТЗ нийгэмлэгийг барьцаанд тавьж Засгийн газрыг 51 сая ам.долларын өрөнд унагасан гэх түүнд холбогдох хэрэг цар хүрээгээ тэлсээр байгаа юм. Одоогоос хоёр жилийн өмнө УБТЗ-ыг барьцаалсан өрийн асуудлаар Арбитрийн шүүхээс манай улсын Засгийн газар болон УБТЗ-ын удирдлагуудад албан тоот бичиг явуулж өр төлбөрөө яаралтай барагдуулахыг нэхсэн байдаг.
Анх 2013 оноос дээрх хэрэгт Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын эдийн засгийн хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан бол 2015 оноос АТГ-т шилжсэн. Одоогоор тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс тусгай ажлын хэсэг томилогдож Ш.Батхүү нарыг мөрдөн шалгах ажиллагааг нарийвчлан явуулж, энэхүү ажиллагаанд прокурор давхар хяналт тавьж ажиллаж байгаа гэх мэдээлэл цацагдсан юм.