Дэлхийн долоон тэрбум хүний 40 хувь нь ямар нэгэн харшилтай гэсэн судалгаа бий. Үүнээс 26-40 хувь нь ургамлын тоосны харшилтай. Урин дулааны цагт хүмүүсийн харшил хөдлөх нь их байдаг тул эмийн сангуудад харшилын эсрэг эм хамгийн эрэлттэй байдаг аж.
Арьсны өвчин судлалын төвөөс гаргасан судалгаагаар таван хүн тутмын нэг нь харшилтай. Хоёр хүн тутмын нэг нь буюу 68.3 хувь нь ургамлын тоосны харшилтай байдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв. Таны дархлаа сул байх тусам гадна орчинд үзүүлэх хариу урвал суларч бие сульдаж улмаар харшил өгч эхэлдэг. Өөрөөр хэлбэл, хүн хэдий чинээ байгалиас хөндийрч хол байх тусам цэвэр, тав тухтай орчинг бүрдүүлж, өдрийн талыг тасалгааны өрөөнд өнгөрүүлэх нь амархан харшилтай болох эх үүсвэр болдог гэсэн үг. Үүнээс үзвэл харшил нь соёл иргэншлийн өвчин болжээ. Иймд аль болох цэвэр агаарт гарч, амин дэм хэрэглэн, сайн унтаж амрах нь дархлаагаа дэмжих хамгийн зөв арга юм.